"Сайн сонсогч сэтгэлзүйн төв”-ийн сэтгэлзүйч Д.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.
--------------------------
-Монголын эрэгтэйчүүдийн холбоо 2023 онд "Жилд 400 эрэгтэй сэтгэлзүйн байдлын улмаас амиа хорлодог" гэх сэтгэл сэрдхийлгэм судалгааг гаргажээ. Бид жендерийн эрх тэгш байдлын талаар ам булаалдан ярьдаг. Гэхдээ Монгол Улсын хувьд эдгээр нэр томъёо үндсэн агуулгаасаа гажсан гэдгийг дээрх судалгаанаас харж болохоор байна.
-Сэтгэлзүйн зөвөлгөөнд хандаж байгаа 10 хүний 8 нь эмэгтэй бол үлдсэн хоёр нь л эрэгтэй хүн байдаг. Гэтэл бодит амьдрал дээр амиа хорлох оролдлого хийж байгаа хүмүүсийн ихэнх нь эмэгтэй боловч амиа хорлолтоос болж нас барсан хүмүүсийн ихэнх нь эрэгтэй. Үүнээс харахад эмэгтэй хүмүүс бусдад өөрийгөө нээж, ярилцаж чаддаг. Гэтэл эрэгтэй хүмүүс “Надад хэцүү байна, би сэтгэлээр унаад гутраад байна, Би яах вэ” гэж бусдаас тусламж гуйж чаддаггүй. Энэ нь сэтгэл гутралд орох эрсдэлийг нэмэгдүүлдэг. Сэтгэл гутралаас үүсэх өвдөлт зовиураа шийдвэрлэж байгаа эцсийн зогсоол нь амиа хорлолт болдог.
-Энэ нь эцэг эхчүүдтэй мөн холбогдож таарна. Учир нь хөвгүүдийг багаас нь “Эр хүн уйлдаггүй юм”, “Эмэгтэй хүн шиг шалчигнаад” гэсэн хандлагаар өөрийгөө илэрхийлэх чадварыг нь хязгаарлаж хүмүүжүүлдэг шүү дээ. Үүн дээр та ямар бодолтой явдаг вэ ?
-Хамгийн ойрын жишээ1970-1980-аад онд харилцааны хэв маяг босоо тогтолцоотой байсан. Өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг илэрхийлэх нь хаалттай байсан. Сургууль гэхэд багш төвтэй, багш ярьж хүүхэд сонсдог байлаа. Гэрт ч гэсэн ялгаагүй том хүний ярианд хүүхэд оролцохгүй гэсэн хүмүүжлийн харилцааны хэв маягтай байсан. Тиймээс өөрийгөө бусдад илэрхийлэх, бусдын сэтгэл хөдлөл мэдрэмжийг хуваалцах чадварт суралцаагүй тэр хөгжил нь сул хөгжсөн гэсэн үг. Ялангуяа эрэгтэй хүн хатуу чанга, бат бөх, ямарч бэрхшээлд нугарч хугарахгүй ноён нуруу байх гэдэг үзэл хандлага давамгай байсан үе.
Мөн Монгол хүмүүсийн өдөр тутамдаа, хүүхэд хүмүүжил дээр ихэвчлэн хэрэглэдэг зүйр цэцэн үгүүд хүнийг хэт хайрцагласан суурь үзлийг суулгаж иржээ.
Монголчууд үг дуу цөөн олон зүйл яриад байдаггүй хүнийг буурь суурьтай, гүндүүгүй мундаг эр хүн гэж хардаг, үнэлдэг. Их ярьдаг хүнд итгэл муутай байдаг. Эмэгтэй хүнийг бусадтай инээгээд сайхан харьцахад “Инээдгийг эр дагадаг, баадгийг нохой дагадаг” гэх зэргээр ярьцгаадаг. Гэтэл энэхүү багаас сонсож өссөн үзэл хандлага зүйр үгүүд хүнд суурь үзэл болж тогтдог. Тодруулбал хүний сэтгэл хөдлөлөө нээлттэй илэрхийлэх хандлагыг Монголын уламжлалт хүмүүжлийн хэв маяг хааж ирсэн байна.
-Тэгэхээр хүний суурь хүмүүжил гэдэг амьдралынх нь луужин гэхэд буруудахгүй байх нь ээ.
-Тийм ээ. Тухайн хүн ямар суурь үзэлтэй байна вэ гэдгээс шалтгаалан амьдралд үүссэн бэрхшээлийг ямар аргаар даван туулах, аливаа зүйлд өгөх үнэлэлт, дүгнэлт, харах өнцөг нь хамаардаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл суурь үзлүүдээр дамжуулан ухамсаргүйгээр амьдралаа удирдаж байдаг. Хэт зарчимч үргэлж ингэх тэгэх ёстой гэдэг төрлийн хүмүүст суурь үзлүүд олон бөгөөд бат суусан байна гэсэн үг. Энэ нь аливаад уян хатан хандах чадварыг бууруулж тухайн хүнд гадаад болон дотоод сэтгэлзүйн олон зөрчилдөөнийг үүсгэх үндэс болдог. Цаашлаад сэтгэл гутралын суурь болох тохиолдол бий.
Зарчимч хүний амьдралаас хүлээх хүлээлт нь өндөр. Тэр хэмжээгээр бусдад өндөр хүлээлт тавьдаг, өөрийн доторх ЁСТОЙ гэдэг үгээрээ бусдыг өөртөө нийцүүлэх гэж оролддог.
Тухайн хүний тийм байх “Ёстой” гэдэгт бодит амьдрал дээр болж байгаа үйл явдал тэр болгон нийцэж чадахгүй. Зөрүү үүснэ. Хүлээлтээс нь доогуур байвал гонсойно, уурлана, гомдоно. Сэтгэл зүйд зөрчилдөөн үүсэж эхэлдэг. Бас “Хэлсэн үгэндээ эзэн болж, идсэн хоолондоо сав болох” гээд үг байна. Иймэрхүү үгс сонсож өссөн хүүхэд том болоод хэлсэн үгэндээ хүрэхийн тулд хүний төлөө хамаг амьдралаа барчихдаг.
Иймэрхүү байдлаар тэнцвэргүй байдалтай удаан явах тусам сэтгэлзүйн таагүй байдал ихэсдэг. Нэг ёсондоо өөрийгөө болон өөрийнхөө амьдралыг мартчихдаг. Ажил дээрээ хариуцлагатай, мундаг байдаг ч гэртээ аав, ээжийнхээ үүргийг сайн гүйцэтгэж чаддаггүй. Гэр бүлдээ зарцуулах цагаа золиод ажилдаа зарцуулдаг гэх мэт. Энэ мэтээр өөрийн өмнө хүлээх хариуцлагаа хамгийн сүүлийн дугаарт тавиад олон жил болох тусам сэтгэлзүйн хувьд цөхөрсөн мэдрэмжтэй тулгардаг.
Хүнд сэтгэлээ уудлахаар гацаанаас илүү хурдан гардаг
-Тэгэхээр эрчүүд нийгмээс тулгасан дүр, хайрцганд амьдарч байна гэсэн үг үү ?
-Тэр хайрцганд өөрийгөө багтаах гээд хичээгээд байх тусам дотоод дуу хоолой нь “Болохоо байлаа. Одоо тэсэхгүй нь” гээд хичнээн ориловч багаас авсан хүмүүжил, суурь үзэл нь тэр хүнийг зуурчихаад тавьж явуулдаггүй. Хүнд сэтгэлээр унах үе байдаг. Зарим хүмүүс 2-3 хоног “эморч” байгаад маргаашаас нь сэргээд ирдэг.
Энэ бол сэтгэл гутрал биш амьдралд тохиолддог сэтгэл санааны хэлбэлзэл буюу хэвийн зүйл. Гэтэл сэтгэлээр унаад тэр хар нүхнээсээ гарч чадахгүй, живдэг хүмүүс багадаа траума буюу сэтгэлзүйн гэмтэл авсан тохиолдол өндөр байдаг.
Траумаг үүсгэх нөхцөл нь бэлгийн, биеийн сэтгэл зүйн хүчирхийлэл, дээрэлхэлт, үгээр идэх, гадуурхах гологдсон мэдрэмж өгч үл хайхрах зэргээс үүдэлтэй. Хэрэв багадаа траумаг 4-өөс дээш удаа авч байсан бол сэтгэл гутралын үед амиа хорлох эрсдэлтэй гэдгийг судалгаагаар тогтоочихсон. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, эцэг эхийн хайр халамж нь хүүхдийн ирээдүйн амьдралын сэтгэл зүйн хөрс суурийг бэлдэж өгдөг. Эерэг сэтгэл засал талаас анхдагч, хоёрдогч бодит чадварууд гэж байдаг.
Хүүхдийн анхдагч бодит чадвар эцэг, эхийн хайр халамж харилцааг мэдрэх үед илүүтэй хөгждөг. Энэ нь сэтгэл хөдлөлийн чадварууд. Харин хоёрдогч бодит чадвар нь анхдагч дээрээ суурилсан амьдралыг даван туулахын тулд ухамсартайгаар хөгжүүлдэг чадварууд. Жишээ нь, хариуцлагатай байх, цэвэрч нямбай байх гэх мэт.
Тэгэхээр хүн бүр өөр хоорондоо ялгаатай байдаг нь ийм учиртай. Зарим хүнд хэцүү зүйл тохиолдоход уучилж, ойлгож, хүлээн зөвшөөрч даван туулдаг. Гэтэл зарим нь үзэн ядаж, хорсож, уур бухимдлаа илэрхийлж, өөрийгөө ажлаар ачааллаж даван туулдаг. Хэн нэгэнд уурлахаараа шууд сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь нэг бодлын тэр уураа гаргасан хүнд өөрт нь ашигтай. Сэтгэл доторхоо гадагшлуулчхаж байна. Харин зөв илэрхийлэх аргад суралцах чухал.
-Таны эрэгтэй үйлчлүүлэгчид голчлон ямар асуудлыг ярьж сэтгэлээ уудалж байх юм.
-Анзаарахад эцэг эх нь багаасаа хайрцаглачихдаг, ийм байх ёстой гэх бодол нь өөрийг нь зовоож байгааг хэлдэг. "Эхнэртээ хэцүү байна гээд ганц удаа хэлнэ.Олон хэлж чаддаггүй. Би эр хүн юм чинь шалчигнасан болчихно гээд больдог" гэх жишээний. Нөгөө талдаа эмэгтэй хүмүүс чи эр хүн байж хүчтэй бай гэдэг үзэл бодлоор эрчүүдийг нөгөө хайрцагт багтаах гээд байдаг.
Эр хүн чанга хатуу байх ёстой гэх суурь үзэл нь тэр хүнийг хазаарлаад байна гэсэн үг. Уг нь хүнд сэтгэлээ уудлахаар гацаанаас илүү хурдан гардаг.
Хүүхэд багадаа уурлаж, гомдохоор аав, ээж нь загинаж болиулдаг. Гэтэл энэ нь хүүхдийн сэтгэл хөдлөлийг хүчээр дарж, удирдах гэж оролдож байгаа нь сэтгэл зүйн хүчирхийллийн нэг хэлбэр. Олон удаа дарагдсан хүүхэд “Би уйлж, уурлаж болохгүй юм байна. Уурлавал муухай” гээд бодчихдог. Уураа гаргачихаар муухай хүн болчих гээд байдаг, гэтэл доторх хүн нь уураа гаргахыг хүсээд байдаг.
Хамгийн аюултай нь хүн өөрийгөө үзэн ядаж, өөртөө уурлах нь амиа хорлолтод хүргэдэг.
Нэг ёсондоо сэтгэл хөдлөлөө яаж илэрхийлж, сурсан бэ гэдэг нь эцэг эхийн хүүхдэдээ үзүүлэх үлгэрлэлтэй холбоотой. Гэхдээ ямар ч үед сэтгэл, мэдрэмжээ илэрхийлэх нь чухал. Тухайн зүйлийг дарснаараа алга болчихгүй. Хүний дотор байсаар л байдаг. Тэгэхээр нэг л өдөр тэр уур, бухимдал савнаасаа хальж гарна. Сэтгэл хөдлөл мэдрэмжүүдээ ил гаргахгүй дараад байх тусам биеийн өвчлөлөөр илэрдэг. Хүний биеийн систем маш онцгой. Сэтгэл, оюун санаа асуудлыг зохицуулж чадахгүй байх үед бие оролцож эхэлдэг. Энэ нь сэтгэлзүйн өвдөлт биеийн өвчин болж илрэнэ гэсэн үг.
-2023 онд СЭМҮТ-өөс 16 хүн тутмын нэг нь сэтгэл гутрах эмгэгтэй гэсэн судалгааг танилцуулсан байдаг. Тэгэхээр нийгэмд чимээгүй тархсан тахал гэж ч нэрлэгдээд байгаа энэ өвчний тодорхойлолт нь яг юу юм бэ?
-Хүн бүр гадаад ертөнцийг өөрийн дотоод ертөнцийн өнгөөр тусгаж хардаг. Яг тэрэн шиг сэтгэл гутрал гэдэгт нэг тодорхойлолт хэлэх боломжгүй. Тодруулбал нэг үйл явдал хүн бүрийг сэтгэл гутралд хүргэхгүй. Гэхдээ ихэвчлэн үнэт зүйл нь нурж, дахин босох чадалгүй болсон тэр үе нь таны асуусан асуултын хариултад дөхөж очно. Учир нь хүн бүрийн туулсан амьдрал, сэтгэлзүйн байдал харилцан адилгүй.
Хүний амьдралд маш хүнд хэцүү үйл явдал тохиолдодоход тэр хүнийг ойлгож, анхаарч, өөрийнх нь талд байгаа гэдгээ мэдрүүлсэн, өөрийг нь үнэ цэнэтэй гэж ойлгуулсан нэг хүн байхад л тэр хүн аврагддаг. Сэтгэл гутрал болон сэтгэл зүйн гэмтэл авахгүй байх маш өндөр боломж бүрддэг шүү.
Сэтгэл гутралын үед дараах шинж тэмдгүүд илэрдэг. Сэтгэл санаа гундуу, уйтгартай, юм бүхэн сонирхолгүй санагдах, аливаа юмыг хийх идэвхи буурах, амархан ядарч сульдах, анхаарал төвлөрөлт муудах, нойргүйдэх, хоолны дуршил өөрчлөгдөх, маш ихээр цөхрөлийг мэдрэх.
Мөн аливаа зүйлд өөрийгөө буруутган бодох, өөрийгөө бусдаас доогуур үнэлж хэнд ч хэрэггүй болсон хүн гэж голох, биеийн жин буурах, үг яриа цөөрөх, хөдөлгөөн удаашрах шинжүүд ажиглагдана. Дээр дурьдсан шинж тэмдгүүд нь олон давтагдах, тасралтгүй үргэлжлэх эсвэл улам бүр даамжирдаг учраас хүнийг өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэлдүүлэх чадваргүй болгодог. Тиймээс мэргэжлийн сэтгэлзүйчид хандах нь чухал.
-Ярилцсанд баярлалаа.