ХЭҮК-оос Говийн бүс буюу Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдлаар мэдээлэл хийлээ. Өмнөговь аймаг дахь референт Г.Нарангоо:
-Улсын хэмжээнд ашигт малтмалын 2736 тусгай зөвшөөрөл олгогдсоноос ашиглалтын 1726, хайгуулын 1010 зөвшөөрөл байгаагаас говийн бүсийн 4 аймагт, ашигт малтмалын 725 тусгай зөвшөөрөл олгогдсоноос ашиглалтын 466, хайгуулын 259 зөвшөөрөл байна. Уул уурхайн үйл ажиллагааны улмаас говийн бүсийн байгаль орчин, экологийн тэнцвэрт байдал болон тухайн бүс мнутагт амьдарч буй иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх зөрчигдөх асуудал буурахгүй байна. Ялангуяа говийн бүсэд усны нөөцийн тулгамдсан асуудал болж байна.
2008 оноос хойш хийсэн хэд, хэдэн судалгаанд Таван толгойн бүс нутагт уул уурхайн үйл ажиллагаа цаашид эрчимжсэн тохиолдолд 2030 он гэхэд газрын доорх их гүний усны нөөц хүрэлцэхгүй болох эрсдэл байгааг тооцоолсон байна. Цаашид ч говийн бүсэд уул уурхайн усны хэрэглээ нэмэгдэх төлөвтэйг уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар дахь усны хэрэглээний өнөөгийн байдал, хэтийн төлөв, төлөвлөлтөөс харагдаж байна.
Тухайлбал, ирээдүйд хэрэгжих томоохон төслүүд болох Сайншанд дахь Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд 2,1 сая м3, Дундговь аймагт хэрэгжих Нүүрс хийжүүлэх үйлдвэрүүдэд 9,9 сая м3, Зэс баяжуулах, хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрүүдэд 8,6 сая м3, Төмөрлөгийн үйлдвэрүүдэд 9,2 сая м3 зэргээр технологийн усны хэрэгцээ үүсэх судалгаа гарчээ.
Иргэд, аж ахуйн нэгж, уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн төслийн усан хангамжийг найдвартай байдлыг хангах чиглэлээр Өмнөговь аймаг “хүн амын ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө (2020-2022 он)”, “ойн менежментийн төлөвлөгөөг (2021)” "Говь+Ус" хөтөлбөрийг ИТХТ-ийн тогтоолоор батлан, бодлогын түвшинд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа бөгөөд “Говь-Ус” хөтөлбөрийн хэрэгжилтийг 90 хувь гэж үнэлсэн байна.
Харин бусад аймгуудын хувьд усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодорхой мэдээлэл байхгүй бөгөөд уул уурхайн усны ашиглалтын судалгааг бүсийн хэмжээнд тогтмол хийж, нээлттэй мэдээлэх, цаашлаад улсын болон орон нутгийн төсвийн дийлэнх хэсгийг бүрдүүлж байгаа уул уурхайн үйл ажиллагаанаас олж буй орлогын тодорхой хэсгийг говийн бүсийн хөрсний усыг хамгаалах, дэмжихэд зарцуулах шаардлагатай байна.