Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уул уурхайгаас хараат Монголын байгалийн баялгийн хараал нь усны хомсдол

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 33 секунд

Өнөөдөр дэлхий дээр гүний усаар нүүрс угаах нь бүүхэл аж үйлдвэрт ашиглахыг дэлхийн бүх улсад хориглосон. Бид яалт ч үгүй өнөөдөр ил ашиглах усгүй нөхцөл байдалд энэ төслийг гүний усаар хэрэгжүүлэх ажлыг эхэлсэн... гэж “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Л.Наранцогт хэлсэн юм. Тэрбээр нүүрс баяжуулах үйлдвэрийн нээлтийн /2024.06.20/ индэрээс ийнхүү онцолж байлаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан нүүрс баяжуулах үйлдвэр эхний ээлжид жилд 10 сая тонн нүүрс баяжуулахаар төлөвлөөд буй. Энгийнээр хэлбэл нүүрсийг усаар угааж баяжуулах юм. Үүний тулд уг үйлдвэрээс 70 километр зайд Загийн усны хоолойгоос усаа татаж байгаа аж. Усны ордыг 25 жил ашиглах тооцоо гарсан бөгөөд цаашилбал 30 сая тонн нүүрс угааж баяжуулахад хүрэлцэхгүй гэдгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Ус хангамжийн төслийн ахлах инженер Л.Батсүх хэлсэн юм. Тэрбээр,

-Нүүрс баяажуулах үйлдвэр усаар л ажиллана. Говийн бүсэд ус хамгийн үнэ цэнтэй. Загийн усны хоолойгоос татаж буй гүний ус нь жилд 10 сая тонн нүүрс угааж баяжуулахад хүрэлцэнэ. Хэрэв бид 30 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр барьж байгуулбал ус хүрэлцэхгүй. Тэгэхээр бид дараагийн усны эх үүсвэрийг заавал шийдэх ёстой. Энэ бол хамгийн чухал асуудал. Гүний ус ашиглах нь зохимжгүй тул гадаргын усыг говь руу татахаас өөр аргагүй. Энэ бол үндэсний хэмжээний том асуудал гэж байлаа.

Тиймээс “Эрдэнэс Монгол” нэгдэл дунд болон урт хугацааны төлөвлөгөөндөө Хэрлэн, Орхон голоос говь руу гадаргын ус татах төсөл хэрэгжүүлэхээр тусгажээ.

Нүүрс баяжуулах үйлдвэр нь нийгэм эдийн засагт үр өгөөж өндөртэй, стратегийн чухал төсөл ч усгүйгээр энэ бүгдийг төсөөлөх боломжгүй. Гэвч Зөвхөн нүүрс баяжуулах үйлдвэрээс зогсохгүй уул уурхайн салбар гүний ус хэрэглэдэг нь ердийн мэт ойлгогдож ийм хандлага нэгэнт тогтсон. Үүнийгээ “Гүний усыг унд болон мал аж ахуй хэрэглэх болохгүй” гэх үгээр хаацайлдаг нь нууц биш.

Энэ тухай "Эрдэнэс Монгол" нэгдлийн Гүйцэтгэх захирал Л.Наранцогт мөн яриандаа дурдсан. Тэрбээр "Манай уул уурхайн салбарынхан гүний усыг технологийн, унданд хэрэглэх боломжгүй" гэж өөрсдийгөө өмгөөлдөг" гэж хэлээд дээрх асуудлыг хөндсөн юм. Түүний хэлсэн үг өнөөдөр анхаарлын гадна орхиж болохгүй аминд тулсан асуудал болжээ.

Цаашилбал, уул уурхайгаас эдийн засаг нь улам хараат болохын хэрээр Монголын байгалийн баялгийн хараал нь усны хомсдол болох аюул ч заналхийлэх болсныг өнгөрсөн хугацаанд ширгэсэн, бидний мартсан гол нуур, горхи, газрын гүнд шавхагдсаар буй гүний усны нөөц илтгэнэ.

Өнгөрсөн 30 жилд уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн тэлэлт, хүний бусад хүчин зүйлээс болж хэдэн зуугаар тоологдох гол, мөрөн, нуур ширгэж үгүй болсон. 2011 онд л гэхэд улсын хэмжээнд хийгдсэн усны тооллогын дүнгээр 6646 гол горхи тоологдсоны 551 нь, 3613 нуур тоологдсоны 483 нь ширгэсэн байжээ. Ирэх 20 жилд энэ статистик буурахгүй нь. Шалтгаан нь, уур амьсгалын өөрчлөлт, манай орны ойн сан багасч буй явдал.

Хэдийгээр Монгол Улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т эрэмбэлэгддэг ч усыг хуримтлуулж, нөөцлөн ашигладаггүй учраас усны нөөц хамгийн бага 20 орны тоонд багтаж байна.

Тэр дундаа говийн бүсийн гүний газрын доорх тэжээмжийн хувьд "нэн ядуу", зарим газрын доорх усны ордын нас 25-45 мянган жил "эртний" ус болохыг Шинжлэх ухааны академиас мэдээлж байлаа. Иймд говийн бүсийн газрын доорх усны нөөцөө говь цөлийн эмзэг экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр ашиглан хамгаалах шаардлагатай болохыг ч зөвлөж байсан удаатай. Нөгөөтэйгүүр, Монгол орны нийт усны нөөцийн хоёр хувь нь газрын доорх ус байдаг ч нийт усны хэрэглээний 80 орчим хувийг газрын доорх усаар хангаж байна. Усны хэрэглээг авч үзвэл уул уурхайн салбар хөдөө аж ахуйн салбартай харьцуулахад гурав дахин бага ус ашиглаж байгаа ч цаашид гүний усыг хэрхэн гамнах вэ гэдэг нь мөн л үндэсний хэмжээнд яригдах "толгойн өвчин" болоод байна.

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Ж.Бат-Эрдэнийн мэдээлснээр Монгол Улсын усны нийт нөөц 564.8 км3. Үүнээс нуур тойромд 500 мкуб, гол мөрний ус 34.6 мкуб, мөнх цас, мөсөн хуримтлал 19.4 мкуб, газрын доорх ус 10.8 мкуб тус тус байна. Нийт усны нөөцийн 10.5 мкуб усыг ашиглах боломжит нөөц гэж тооцдог байна. Ус ашиглалтын 90 орчим хувь газрын доорх уснаас хангадаг. Гэвч манай улсын хувьд усны нөөц "аюулын дохио" нь асаад багагүй хугацаа өнгөрч байгаа нь нууц биш.

НҮБ-аас 2030 он гэхэд дэлхий нийт 40 хувийн усны хомсдолтой тулгарна гэх ноцтой дүгнэлтийг гаргаад байгаа юм.

Д.Бумдарь: Хамтарсан Засгийн газар байгуулах асуудалд намууд илүү нямбай улс төр хийж эхлэх байх гэж харж байна
Д.Бумдарь: Хамтарсан Засгийн газар байгуулах асуудалд намууд илүү нямбай улс төр хийж эхлэх байх гэж харж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.