Гуя дагаж хүзүү гэгчээр уналт таталтын эсрэг эмийн дунд тураах эм оруулж импортын лиценз гаргасан байж болзошгүй гэх дуулиантайгаар эмийн сонсголын эхний өдөр өндөрлөсөн байдаг. Харин өнөөдөр /2024.04.16/ тус сонсгол хоёр дахь өдрөө Төрийн ордонд боллоо. Өнөөдрийн сонсголоор эмийн үнэ ба шалтгаан нөхцөлийн талаар шинжээчийн мэдээллийг сонссон. Эл сэдвийн хүрээнд эмийн үнийн бүрдэл болон чанаргүй болон хугацаа дууссан эмийн устгалын талаар хяналт, шалгалтаар илэрсэн асуудлыг олон нийтэд нээлттэй хэлэлцсэн юм. Тэгвэл эмийн сонсголын хоёр дахь өдөр ямар асуудлууд яригдсан талаарх мэдээллийг та бүхэнд тоймлон хүргэж байна.
-ХАМААРАЛ 1. Эмийн үйлдвэрийн 50 хувь нь төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны хамаарал бүхий ААН-үүд байна-
Эмийн мафи Монголд байна уу гэх асуулт саарал ордонд төдийгүй олон нийтийн анхаарлын төвд ороод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ удаагийн эмийн сонсголын гол хүлээлт үүнд байсан гэж ч хэлж болно. Харин өнөөдрийн сонсголоор эмийн мафи гэдэгт зөвхөн хувийн импортлогч ААН багтдаггүй болохыг баталлаа. Тодруулбал, энэ сүлжээ төрийн байгууллагуудад ч аалзны тор мэт хэрж орхисныг шинжээч нотлох баримтаар харуулав.
Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа эмийн үйлдвэрийн 50 хувь, эм ханган нийлүүлэх байгууллагын 28 хувь, эмийн сангийн 17 хувь нь төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны хамаарал бүхий ААН-үүд байгаа гэж шинжээч танилцуулсан юм.
-ЭМЯ-ны 110 албан тушаалтнаас 97 нь буюу 88.1 хувь нь эм хангамжийн хамаарал бүхий ААН-тэй гэж гарчээ-
Харин энэ асуудалд хувийн ашиг сонирхол орохоос сэргийлж, тогтоол шийдвэрээ гаргах ёстой төрийн байгууллагуудын эрх бүхий албан тушаатнууд нь өөрсдөө ардаа эм хангамжийн салбарын ААН-тай гэдгийг нотлох баримт харууллаа. Үүний хамгийн наад захын жишээ бол, ЭМЯ, ЭМДҮЗ ба ЭМДЕГ-аас нэр цохогдсон албан тушаалтнууд.
Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа эмийн үйлдвэрийн 50 хувь, эм ханган нийлүүлэх байгууллагын 28 хувь, эмийн сангийн 17 хувь нь төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны хамаарал бүхий ААН-үүд байна гэдгийг хэлээд төрийн байгууллага бүрээр хамаарлыг танилцуулсан юм.
Тухайлбал, ЭМЯ-ны 110 албан тушаалтныг эл шалгалтад хамруулахад 97 нь буюу 88.1 хувь нь эм хангамжийн хамаарал бүхий ААН-үүдтэй гэж гарчээ.
-ЭМДЕГ-ын 93 албан тушаалтнаас 57 нь эмийн салбарт хамаарал бүхий ААН-тэй-
Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа эмийн үйлдвэрийн 50 хувь, эм ханган нийлүүлэх байгууллагын 28 хувь, эмийн сангийн 17 хувь нь төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны хамаарал бүхий ААН-үүд байна гэдгийг хэлээд төрийн байгууллага бүрээр хамаарлыг танилцуулсан юм.
Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын давхардсан тоогоор 93 албан тушаалтныг хамруулахад 61.2 хувь нь буюу 57 нь /давхардсан тоогоор/ эмийн салбарт хамаарал бүхий ААН-тэй гэж гарсан талаар шинжээч танилцуулсан юм.
-ХАМААРАЛ 2. Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудтай холбогдох эмийн салбарын ААН-үүд-
Сонсголоор албан тушаалтнуудын хамааралтай компаниудыг танилцуулах үеэр дараах нэрс дурдагдав. Тодруулбал,
-ЭМДҮЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Дамдины Дэмбэрэл нь эмийн салбар дахь "Түмэн-Очир" гэх компанитай,
-Эрүүл мэндийн дэд сайд асан Ш.Анхмаа нь "Тахилтын овоо" гэх компанитай,
-Эрүүл мэндийн сайд асан Сэрээжавын Энхболд нь эмийн салбар дахь "Мөнхийн тун" компанитай,
-Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг "Өлзийдэн" гэх компанитай,
-ЭМ-ийн сайд асан Т.Мөнхсайхан "Лондон лүүк" гэх компанитай,
-ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал МСМ групп компанитай хамааралтай хэмээн танилцуулагдсан юм.
-Түр хорооны даргад "заналхийлэл" ирсэн гэв үү-
Эмийн салбар бол эрсдэл өндөртэй салбар болохыг АТГ-аас оролцсон төлөөлөл үгэндээ онцолсон. Тиймдээ ч "галтай" асуудлын хүрээнд зохион байгуулагдаж буй сонсголын үеэр Түр хорооны дарга руу чиглэсэн дайралтууд мэр сэр явдаг нь нууц биш.
Өнөөдрийн сонсголоор л гэхэд Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Миний гар утсанд "Намайг гүжирдлээ. Чамайг шүүхэд өгнө. Чи яасан том юм" гэсэн мессэж ирж байна. Бид үүнээс айж ичих зүйл байхгүй. Энэ хамаарлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна" гэсэн юм.
-ЭМИЙН СОНСГОЛ: Ковидын үед худалдан авсан 9.1 тэрбум төгрөгийн эм "Хугацаа дууссан" шалтгаанаар устгалд орохоор хүлээгдэж байна-
Шинжээч үнийн өсөлттэй холбоотой дүгнэлтийг танилцуулах үеэр эм импортолж буй нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг өгсөн юм. Тэрбээр "11.3 ТЭРБУМ төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл устгалд орохоор хүлээгдэж байна. Үүний 9.1 тэрбум төгрөгийн эм нь ковидын үед худалдан авч хугацаа нь дууссан эм байна" гэлээ.
-М.Оюунчимэг: Нэмэгдүүлсэн төсөв нь том дарга нарын компаниудыг санхүүжүүлэхэд зарцуулагдсанд харамсаж байна-
Эмийн салбар дахь хамаарлын талаар мэдээлэлтэй холбогдуулан Түр хорооны гишүүд ч өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг 2 дахин нэмэгдүүлсэн. Гэтэл энэ мөнгө том дарга нарын компаниудыг санхүүжүүлэхэд зарцуулагдсанд харамсаж байна. Сонсголын үр дүнд үүнийг таслан зогсоох ёстой" гэлээ.
-АТГ: Эрүүл мэнд, эм зүйн салбар нэлээн ашиг сонирхлын зөрчилтэй, ЦУС ОЙРТСОН САЛБАР-
Хууль хүчний байгууллагын төлөөллөөс өнөөдрийн сонсголд оролцож байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, АТГ-ын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, комиссар н.Шинэбаяр "Эрүүл мэнд, эм зүйн салбар нэлээн ашиг сонирхлын зөрчилтэй, ЦУС ОЙРТСОН САЛБАР гэдгийг удаа дараагийн шалгалтаар гаргаж ирж байсан. Авлигын эрсдлийн үнэлгээгээр өндөр эрсдэлтэй салбаруудын нэг нь эрүүл мэндийн салбар юм" гэв.
Эмийн сонсгол маргааш гурав дахь өдрөө үргэлжилнэ...