“Эмэгтэйчүүд ба цахим орчны ээлтэй байдал” сэдвийн хүрээнд өсвөр үеийнхэн тэр дундаа охидод хэрхэн ухаалаг цахим хэрэглэгч байх талаар мэдээлэл өгөхөөр Монголын баримт шалгах төвийн Ахлах баримт шалгагч Ш.Билгүүнтэй ярилцлаа.
- Таны ажигласнаар цахим хэрэглээний талаарх өсвөр үеийнхний мэдлэг, хандлага ямар байна вэ?
-Өсвөр насныхан интернэтийн хэрэглээ, нийгмийн сүлжээнд идэвх өндөртэй нийгмийн бүлэг. Нийгмийн сүлжээгээр дамжуулан хичээл хийх, хоорондоо болон гэр бүлтэйгээ харилцах, мөн төрөл бүрийн контент их үздэг. Сүүлийн хэдэн жилд Монголд фэйсбүүкээс гадна инстаграм, тикток зэрэг богино бичлэг түлхүү түгээдэг нийгмийн сүлжээний платформыг өсвөр үеийнхэн түгээмэл ашиглаж байна. Нэг талаар тэдэнд өөрсдөө төрөл бүрийн бүтээлч контент хийх боломж нээгдэж байгаа ч нөгөөтээгүүр зохисгүй, хортой контентууд үзэх нь ихсэж байна.
- Тэдний хэрэглээнд хүйсээс хамаарсан ямар нэг онцлог байна уу?
- Охид нийгмийн сүлжээнд илүү идэвхтэй байх хандлагатай байдаг. MMCG компани 2020 онд Улаанбаатар хот, зургаан аймгийн 705 өсвөр насны хүүхдийг хамруулсан судалгаа хийсэн. Энэ судалгаагаар охид хөвгүүдтэй харьцуулахад инстаграм, тикток зэрэг платформыг илүү олноороо, идэвхтэй ашиглах хандлагатай байгааг дурдсан байсан.
Онлайн орчин тэр дундаа нийгмийн сүлжээнд хэрэглэгч өөрөө тохиргоо хийж хязгаарлаагүй бол хэнээс сэтгэгдэл, чат, реакц ирэх боломжтой байдаг. Охид нийгмийн сүлжээнд зураг, бичлэг, пост хөвгүүдээс илүү идэвхтэй оруулдаг тул онлайн орчны харилцаанд оролцох, өртөх боломж нь өндөр. Энэ нь эргээд олон нийт эсвэл найз нөхдийн хүрээлэлдээ гадуурхагдах зүй бусаар хэлүүлэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
- Тэгвэл өсвөр насны охид цахим орчинд доромжлол, аливаа дээрэлхэлтэд өртөх магадлал хэр өндөр вэ?
- Өмнө дурдсан судалгаанд хамрагдсан охидын 42 хувь нь зүй бус, бүдүүлэг үг хэллэгээр доромжлуулж байсан, 45 хувь нь айлган сүрдүүлсэн, доромжилсон чат авч гэж хариулжээ.
Мөн АНУ-д 2022 онд хийсэн ижил төрлийн судалгаагаар өсвөр насны охидын 32 хувь нь онлайн дарамт, дээрэлхэлтэд өртөж байсан тухай Pew судалгааны төв дурдсан нь бий. Сошиал платформууд дэлгэрээд удаагүй байсан эхний жилүүдэд цахим дарамт, доромжлол харьцангуй цөөн байсан бол одоо энэ нь нийтлэг үзэгдэл болтлоо хавтгайраад байна.
Нийгмийн сүлжээ, ухаалаг утасны хэрэглээ дэлгэрээгүй байхад хэдийгээр дээрэлхэх, доромжлох үзэгдэл байсан ч одоогийнхтой харьцуулах аргагүй. Учир нь, өнөө цагт хэн нэгнийг шууд, богино хугацаанд цахим орчинд доромжлох, дарамтлах боломжтой болсноор хүн хоорондын харилцааны асуудлуудыг улам хүндрүүлж байна. Хүмүүс нүүр нүүрээ хараад хэлж чадахгүй үгийг онлайнд амархан биччихэж чаддаг.
- Ихэвчлэн ямар төрлийн асуудлууд байна вэ?
- Өсвөр насны охидын хувьд гадаад төрх, хувцаслалт, гэр бүлийн байдал зэргээсээ болж гадуурхагдах цаашлаад насан хүрэгчдийн агуулгатай бичлэгт зураг, дүрсийг нь зөвшөөрөлгүй авч ашиглах, хүсээгүй байхад нь сексийн агуулгатай контент явуулах зэрэг цахим дарамтад өртөх тохиолдол ихсэж байна. Мөн онлайн дарамт, доромжлолоос үүдэн өөртөө итгэх итгэлээ алдах, нийгмийн харилцаанаас удаан хугацаанд тусгаарлагдах эрсдэлтэй.
- Цахим хэрэглээний хувьд тэд ийм аюул заналд өртөхгүйн тулд юуг анхаарвал зохих вэ?
Хэрвээ тухайн хэрэглэгч цахим дарамт, доромжлолд өртсөн бол сошиал хаягийнхаа тохиргоог өөрчилж, хүрээллээ хязгаарлах, танихгүй хүнтэй аль болох харьцахгүй байх, эрсдэлтэй хүмүүсийг “блоклох” боломжтой. Хамгийн гол нь ийм үйлдлийг нийгмийн тогтсон хэм хэмжээ гэж үзэлгүй ойр дотны насан хүрсэн хүн, эцэг эхдээ хэлэх, репорт хийх буюу тухайн сошиал платформд мэдэгдэх хэрэгтэй.
Өргөн хүрээнд авч үзвэл, эрүүл, аюулгүй цахим хэрэглээний талаарх олон нийтийн тэр дундаа өсвөр насныхны мэдлэг, боловсролыг тогтвортой дэмжих шаардлагатай.
- Өсвөр насныхныг хэрхэн цахим сүлжээний мэдээлэлд шүүлтүүртэй хандаж сургах вэ? Энэ талаар олон улсын сайн жишиг, туршлага байдаг уу?
- Юун түрүүнд, хувийн хаягийнхаа аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Хаягаа алдахаас сэргийлэн давхар нууц үгийн хамгаалалт үүсгэх, цахим орчин дахь хүрээллээ тогтоох нь чухал. Цахим орчинд сайхан хандсан хүн бүр найз, сайн хүн биш гэдгийн ойлгох хэрэгтэй. Тиймээс хувийн мэдээллээ цахим орчинд хуваалцахдаа тун болгоомж хандаарай гэж өсвөр үеийнхэнд захья. Таны хувийн мэдээллээр дамжуулан цахим орчинд мөрдөх, түүнийг урвуугаар ашиглах боломжтой. Онлайн орчин нь үзэл бодлоо илэрхийлэх хэрэгсэл мөн ч бусдыг хүссэнээрээ доромжлох талбар биш гэдгийг ойлгуулах буюу олон нийтийн цахим боловсролыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
- Цахим сүлжээнд нийтлэгдэж буй аливаа баримт, мэдээллийг нягтлах энгийн аргуудаас бидэнтэй хуваалцаач.
- Ямар нэг онлайн хэрэглүүр ашиглахгүйгээр хамгийн энгийнээр мэдээллийн бодит байдлыг шалгах арга бол мэдээллийн эх сурвалжийг үнэлэх, шүүлтүүртэй хандах юм. Цахимд байгаа энэ олон мэдээлэл нь мэргэжлийн редакц, хэвлэл мэдээллийн байгууллага гэхээсээ хувь хүмүүс, ашиг сонирхлын бүлгээр дамжин түгээгддэг. Энэ тохиолдолд тухайн мэдээллийг хэн түгээсэн, тухайн эх сурвалж өмнө нь ямар мэдээлэл түгээж байсан, мэдээ, мэдээлэл боловсруулж цацдаг мэргэжлийн байгууллага, хувь хүн мөн үү гэх зэргээр нягталж үзэх хэрэгтэй.
"Мэдрэмжтэй мэдээлье" нэгдлийн гишүүн, Чөлөөт сэтгүүлч З.Бямбасүрэн