Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
11 минут 28 секунд

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр өнөөдөр гурилын үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан сэтгүүлчидтэй уулзах үеэр “Стратегийн бүтээгдэхүүнийг гаднын хараат болгож болохгүй” гэж дахин учирлав. Түүний хувьд гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөлд эсрэг байр суурьтай байгаа юм.

--------------------------------------

-Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай асуудал анхаарал татсан хэвээр байна. УИХ-аар гурилыг “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл” хэлэлцэн баталж магадгүй байх. Ийм таамаг бий?

-Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг санаачилсан. УИХ-ын 36 дугаар тогтоол гарсан. Үүгээр гол нэрийн барааг дотоодоос хангаж, ажлын байрыг нэмэгдүүлж ажилгүйдлийг бууруулах зорилготой. Гэтэл дотоодын хэрэгцээний 70-100 хувийг жилд хангадаг газар тариалан, цөөн гурил үйлдвэрлэгчдийн эсрэг бодлого яригдаж байгаа нь харамсалтай.

Ялангуяа баруун аймаг, төвийн зүүн бүсээс гурил 20 хувийн үнэтэй байсан нь үнэн. Яамны зүгээс тодорхой хэмжээний үнийн интервенц хийх байдлаар тогтоолын төслийг Засгийн газарт өргөн барьсан. Энэ нь явцын дунд эсрэгээрээ эргэж импортын гурилд квот тогтоохгүй тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн батлах тухай болж хувирлаа. Хэрэв ямар нэгэн хязгаарлалтгүй гурил импортолбол газар тариалан уналтад орно. Энэ бол ганц, хоёр жилийн дотор сэргэдэг асуудал биш. Улмаар стратегийн хүнс гаднын хараат болно.

-Таны хувьд гурилын үйлдвэртэй. Энэ утгаараа эрх ашиг хөндөгдөж байна гэх хардлага ч байна. Засгийн газрын шийдвэрийг эсрэг та үйлдвэрлэгчдийг хүчтэй өмгөөлж байгаа шүү дээ?

-Би 10 гаруй жилийн өмнө гурилын үйлдвэр, газар тариалангийн салбарт ажиллаж байсан. Энэ бол жижиг асуудал. Манай Дорнод гурил бол тухайн орон нутгийн хэрэгцээг л хангадаг жижиг компани. Улаанбаатар болон “Алтан тариа “ ХХК-тай харьцуулахад зургаа дахин жижиг. Үүнийг хутгах хэрэггүй.

Би Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын хувиар том эрх ашгийн төлөө үйлдвэрлэгчдээ хамгаалах үгээ хэлнэ. Бодлогоо ч явуулна.

-Засгийн газрын гишүүд стратегийн бүтээгдэхүүнээр улс төржих нь хэр зөв юм?

-Улс төржилт биш. Стратегийн хүнсээр гаднын хараат болохгүй байх нь Монгол Улсын үндсэн зарчим болох ёстой. Тиймээс улс төржилт биш шүү. Зарим хүмүүст ойлголтын зөрүү бий. Буруу ойлголтыг зарим гишүүдэд өгч байна.

Дахин хэлье, бидний санаачилсан гурилыг квоттой болгох тухай саналыг Засгийн газрын хэрэг эрхлэх газар хэмжээгүй гурил импортлох болгож орууллаа.

-Гурилын үйлдвэрүүдэд 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон тухайд ямар тайлбар хэлэх вэ?

-Хоёр жилийн өмнө гурилын үнийг тогтворжуулахын тулд хөнгөлөлтэй зээл олгоход тавхан гурилын үйлдвэр энэ зээлийг авсан юм билээ. Үйлдвэрлэгчид 50 хувиар зардал нь өссөн байхад 10 хувийн хөнгөлөлттэй зээлээр үнэ барьж чадахгүй татгалзаж байсан. Зээл авсан тоонууд бол хүнсний хангамж аюулгүй байдлын 30 дугаар тогтоолын хүрээнд зөвхөн гурил биш, хүнсний бүх төрлийн үйлдвэр, хөдөө аж ахуйн бүх компани 6 хувийн хүүтэй зээл авсан. Гэтэл зөвхөн гурил үйлдвэрлэгчид зээл авсан мэтээр олон нийтэд мэдээлж байна. Зөвхөн өнгөрсөн жил хөнгөлөлттэй зээл авсан компанийн зээлийн хүүгийн зөрүү нь 900 тэрбум төгрөг болсон. Ийм их зээл хүнс хөдөө аж ахуйн салбарын зээл эзэлсэн нь харагдаж байгаа юм. Үүний дотроос гурилын үйлдвэрийг ялгаад байна.

- ГУРИЛЫН ҮЙЛДВЭРҮҮД ҮГСЭН ХУЙВАЛДАХ БОЛОМЖГҮЙ -

-Гэхдээ салбарын яам өөрөө үйлдвэрлэл эрхлэгчид, газар тариалан эрхлэгчдэд татаас өгч үргэлж дэмжиж байсан. Жил бүр газар тариалан эрхлэгчдэд урамшуулал олгодог ч үр дүн нь хаана байна. Гурилыг импортын татвараас чөлөөлөхтэй зэрэгцэн газар тариалангийн салбар уналтад орох тухай ярих боллоо?

- Газар тариалан бүх юмны үндэс. Газар тариалан байж л мал аж ахуй хөгжинө. Иймээс газар тариалантай бүх улс орон татаас өгч байдаг. Эрс тэрс уур амьсгалгүй орон хүртэл татаас өгдөг. Хэрэв газар тариалан татагдаж унавал Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарласан “Хүнсний хувьсгал” уучлаарай, хэрэгжих боломжгүй.

Энд буруу ойлголт байгаа нь үйлдвэрлэгчид 700 мянган төгрөгөөр улаан буудай авч 2 сая 800 мянган төгрөгөөр зардаг тухай асуудал. Үүнийг өнгөц харвал ямар өндөр ашигтай юм бэ гэж бодно. Энэ бол худлаа.

700 мянган төгрөг бол гурван жилийн өмнөх буудайн үнэ. Өнгөрсөн жил зөвхөн тэжээлийн будаа 800 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Тэгвэл будаа нь нэг саяас нэг сая 250 мянган төгрөгийн үнэтэй байсан. Өнөөдөр зарж буй гурилын үнэ нэгдүгээр зэрэг нь 1900-2100 төгрөгийн хооронд бөөндөж байна. Дундаж ашиг нь 5-6 хувьтай байхаас биш инфляцын түвшин 15 хувьтай байгаа тохиолдолд даблдсан өндөр ашиг байхгүй. Хэрэв тийм өндөр ашигтай байсан бол арав гаруйхан жилийн өмнө 20 гаруй гурилын үйлдвэрээс яагаад 10 болов. Яагаад хаалгаа барив.

Гурилын үйлдвэрүүд үгсэн хуйвалдана гэж байхгүй. Зах зээлийн нийгэмд гурав, дөрвөөс дээш аж ахуйн нэгж ажиллаж байхад өрсөлдөөн байхаас биш үгсэн хуйвалдах асуудал байхгүй. Тэгэхээр 10 гурилын үйлдвэр үгсэн хуйвалдах ямар ч боломжгүй.

Иймээс худлаа дүгнэлт гаргасан. Гадуур цацагдаж буй мэдээлэл бүгд худлаа гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Үнийг хүнс хөдөө аж ахуйн яам тогтоохгүй, зах зээлээрээ тогтдог эд. 10 жилийн өмнө 30 байсан бол өнөөдөр 10. 5 жилийн өмнө баригдсан гурилын үйлдвэр энэ салбараас гарч байна.

Гурил өндөр ашигтай байсан бол Л.Цандэлэг гурилаа хий л дээ.

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавих болов уу. Та юу гэж харж байна?

-Мэдэхгүй. Ерөнхийлөгч л шийднэ.

-Та яриандаа улаан буудайн чанар муудаж байгаа нь хөрсний доройтлоос шалтгаалж байгааг дурдсан. Газар тариалан ялгаагүй бэлчээрийн даац хэтэрснийг та ч , би ч, хөдөө сумын малчин ч мэднэ. Угтаа бол малын тоо биш чанар чухал?

-Тооны хойноос хөөцөлдөх биш, чанартай тодорхой хэмжээний малтай байхыг хатуу сануулж байна. Ялангуяа малын тоо 70 сая толгой хүрлээ. Монгол Улсын өнөөдрийн хөрсний даац хэтэрсэн. Энэ жилийн зуд хатуу сануулга боллоо. 2011 оноос хойш ийм хатуу өвөл болоогүй. Хамгийн ихдээ 25 градусаас хэтрээгүй. Малчид тайвширч, чөлөөтэй малаа өсгөх үндэс болсон. Энэ цаг уур зуд хэзээ ч ирж болзошгүйг харууллаа.

-Газар тариаланг малаас хамгаалахын тулд хашаажуулах, дахин мөнгө зарлагадах нь. Төр хашаа барина, малын хөлөөс хамгаална зэрэг аж ахуйн асуудлаас илүү бодлогын түвшинд анхаарах ёстой байх?

-.Төр газрынхаа үржил шимийг алдагдуулахгүй байхад анхаарах ёстой байдаг. Төр хашаа барихад оролцохгүй. Хашаа барих хүмүүст багахан дэмжлэг өгөх 33 дугаар төсөл тогтоолд төсөв зарлал тавигдсан юм.

-Зудтай холбоотой дахин нэг асуулт асуухад салбарын яам бэлтгэлээ хэр хангаж чадсан уу. Байгалийн гамшгаас илүү менежментийн гамшиг болсныг эдийн засагч тодорхойлж байсан?

-Салбарын яам бэлтгэлтэй байсан. Яамны зүгээс өнгөрсөн жил бүх төрлийн махыг квотгүй болгосон. Нэг цонхны бодлогоор түргэн шуурхай экспортод гаргадаг болгосон. Үр дүнд нь Монгол Улс түүхэндээ анх удаа 120 мянган тонн мах гаргалаа. Энэ бол малчдыг зудаас тодорхой хэмжээнд сэргийлэхэд нөлөө үзүүлсэн. Хоёрдугаарт, хадлан тэжээлийг зүүн гурван аймгаас л бусад аймаг бэлддэг байсан.

Хятадууд техниктэй орж ирээд Халх гол, Мэнэнд Эрдэнэцагаан маш их өвс хадсан байсан. Дунджаар 70 мянга орчим өвс хадсан байсныг яамны зүгээс хилээр гаргахгүй, хориг тавьсан.

Өвсийг дотоодод хадгалсан нь энэ жилийн хавар аймгуудад ус агаар шиг хэрэг боллоо. Эндээс л бүх аймгаас өвсийг татлаа. Зудын эрсдэлийг давахад тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлсэн нь тодорхой.

-Махны экспорт буурах эрсдэл хэр байна?

-Махны экспорт гардгаараа гарна. Хавар нэг хоёр сар гаруйн хугацаанд тодорхой хэмжээгээр өсөж дараа нь буурна.

-Үхсэн малын мах, муудсан махны асуудал дэгдэх боллоо. Үүнд салбарын яам анхаарч чадаж байна уу?

-Нэг хэсэг манайх Хятадуудад махны зах зээлээ алдсан гэж хэлж болно. Хүнс хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэндийн яам хамтран улсын хэмжээний үйлдвэрүүдэд адистатчлал явуулж шаардлага хангахгүй 40 үйлдвэрийг хаасан. Хоёрт, хэдхэн хоногийн өмнө Үүлэн Гөү компанийн 60 тонн махыг устгах ажил хийлээ. Цаашид экспортод гарах шаардлага хангасан махны үйлдвэрүүдийг Хятадууд дураараа сонгох биш стандартын шаардлага хангасан үйлдвэрүүдийг болно санал болгоно.Энэ тал дээр яам бодлого барьж байгаа. Ер нь стандартын шаардлага хангаагүй орчинд байхад л мах муудна. Үүний стандартын шаардлагыг хатуу мөрдөнө.

Ярилцсанд баярлалаа

ЦЕГ: Нийслэлийн хэмжээнд авто эргүүлийг гурван бүсэд хувааж, хяналт тавьдаг байсныг энэ сараас 7 бүс болгожээ
ЦЕГ: Нийслэлийн хэмжээнд авто эргүүлийг гурван бүсэд хувааж, хяналт тавьдаг байсныг энэ сараас 7 бүс болгожээ
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.