Засгийн газар 14 мега төслийн хүрээнд Цагаанбургастай–Онги усан цогцолбор байгуулж, Улаан нуурын экосистемийг сэргээхээр болсон. Энэ төслийн нээлт Төрийн ордонд өнөөдөр болж, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, говийн болон хангайн бүсээс УИХ-д сонгогдсон 16 гишүүн, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь аймгийн засаг дарга нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Усан цогцолбор байгуулснаар говьг хангайн бүсийн гадаргын усны нөөцийн жигд хуваарилна. Энэ талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Аливаа том төсөл хэрэгжүүлэхэд бүс нутгийн иргэдийг оролцуулж, амьдралд нь хэрхэн нөлөөлөх талаар байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг онцгой анхаарч ажиллах ёстой. Онги голын урсацыг сайжруулж, Улаан нуурыг сэргээх нь зөвхөн Монгол Улсын асуудал биш. Рамсарын гэрээгээр нүүдлийн олон төрлийн шувуудын амьдрах, нүүдэллэх орчныг хамгаална. Энэ бол бидний үүрэг юм. Усаар дамжин хүн амын эрүүл мэнд, бизнес, эдийн засгийн тогтвортой байдал хангагдана” гэж мэдэгдлээ.
Төсөл хэрэгжсэнээр урсацын тохируулагатай 65 сая м3 эзэлхүүнтэй усан сан үүсгэж, стандартын шаардлага хангасан усны хүртээмж нэмэгдэж, иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанар сайжирна. Улаан нуур сэргэснээр Сибирь рүү нүүдэллэдэг олон төрлийн усны шувуудын амьдрах орчин хамгаалагдана гэж үзэж байгаа юм. Ундны усыг хэрэглэж эхэлсэнээр бүс нутгийн хүн амын дундах халдварт өвчлөл 40 хувиар буурч, дундаж нас 6 жилээр уртсах боломжтой аж.
Төслийг хэрэгжүүлэх явцад 1000 гаруй хүн ажилтай болж, байнгын 130 ажлын байр шинээр бий болно. Бүс нутгийн хэмжээнд 30 гаруй мянган хүн ам, 230 орчим мянган мал аж ахуй, газар тариалан, усаар хангагдаж, үр өгөөжтэй газар тариалан эрхлэх, аялал жуулчлал хөгжих шинэ экологи, нийгмийн ногоон дэд бүтэц бий болно.
Ийнхүү Монгол Улс Цагаанбургастай-Онги болон Улаан нуурыг усыг нэмэгдүүлсэнээр цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлттийг даван туулах, бодлогын түвшинд дэмжиж усны мега төслийг хэрэгжүүлж эхэллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!