Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс өнөөдөр хуралдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахдаа Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Хүний эрхийн Үндэсний Комиссын 22 дахь илтгэл, НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсгээс өгсөн дүгнэлт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 10 дугаар дүгнэлтийг үндэслэл болгожээ.
Манай улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түгээмэл тохиолддог өмгөөлөгчгүй мэдүүлэг авах, шүүх хурал хойшлох, өмгөөлөгчийн оролцоо хангалтгүй байх зэргээс үүдэн хууль бусаар хэрэг хүлээлгэх, өөрийнх нь эсрэг мэдүүлэг авах, шүүх хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа хойшлуулах, шүүхийн хэлэлцүүлгийн үр дүн муу, шүүх мэтгэлцээнд үндэслэсэн хөндлөнгийн шийдвэр гаргадаггүй зэрэг асуудлууд бий болдог байна.
2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан мэдээллээр нийт эрүүгийн хэргийн анхан шатны 33154 шүүх хурлыг товлож, шүүх хурал 16851 удаа хойшилж байж. Иргэний хэргийн анхан шатны 59177 шүүх хурлыг товлож, шүүх хурал 26525 удаа хойшилж байсан тоо гарчээ.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан халдашгүй, чөлөөтэй байх үндсэн эрх улам бүр баталгаажиж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид нийцэх аж. Мөн шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж, иргэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран үйлчилгээг шат дамжлагагүй, шуурхай авах нөхцөл бүрдэж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан “хууль зүйн туслалцаа авах” эрх улам бүр баталгаажна гэж үзэж буй аж.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!