Монгол Улсын Засгийн газар БНФУ-ын “Орано майнинг” компанитай байгуулсан ураны хөрөнгө оруулалтын гэрээнээс хойш хэсэг тэмцэгчид сүүлийн дөрвөн сар тасралтгүй эсэргүүцэж буй. Тодруулбал, уран хортой эсэх асуудалд эрдэмтдийн хийсэн тайлбар дүгнэлт хангалтгүй буюу салбар хариуцсан сайд нарын бодлого, ажлын явцтай танилцахыг тэд шаардаж байгаа юм. Тэгвэл уг асуудлаар БОУАӨ-ийн сайд С.Одонтуяагаас тодруулснаа хүргэж байна.
-Байгаль орчны салбар хариуцсан сайдын хувьд Ураны асуудлыг хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ? Уран олборлох төслийг эсэргүүцэж байгаа тэмцэгчдийн шүүмжлэлийг хэрхэн хүлээж авч байна?
-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас төсөлд нийт 480 гаруй саналыг хүргүүлсэн байдаг. Үүнээс 90 хувь нь туссан байдаг. Хамгийн гол зүйл нь бид мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтүүдийг л үндэслэж байгаа. Хэдэн арван жил энэ чиглэлээр судалж ажилласан хүмүүс газар доор уусган олборлох арга нь хоргүй бөгөөд тус газар байнгын мониторингийн систем ажиллуулах талаар ярилцаж байна. Тиймээс бид мэргэжлийн байгууллагаас гаргасан нотолгоонд л суурилж энэ төслийг явуулж байгаа болохоос миний хувьд цөмийн энергийн мэргэжлийн хүн биш учраас салбар хариуцсан сайдын хувьд бодлогын түвшинд анхаарч ажиллаж байгаа юм.
- Яамны зүгээс ямар ажлын хэсэг гаргасан бэ? төсөл хэрэгжих Улаанбадрах суманд очиж ажилласан уу?
- Манай талаас ус, хөрс, байгаль орчин, агаарын нөхцөл талаас үндэслэж дүгнэлтүүдээ гаргаж Засгийн газарт өгсөн байгаа. Судалгаа шинжилгээг тогтмол явуулж байгаа. Төсөл хэрэгжихээс өмнө мэргэжлийн баг нэлээд олон жил судалсан дүгнэлтүүд ч байгаа.
-Тэгвэл уран хортой. Гурван толгойтой хурга, хоёр хөлтэй ботго төрлөө гэх зэргээр шүүмжлэлтэй хандаж байгаа иргэдийн эсэргүүцлийг та юу гэж дүгнэх вэ?
-Энэ бүх зүйлүүд нь эрдэмтдийн судалгаагаар нотлогдсон зүйл одоогоор алга байна. Тэдгээр хүмүүсийг маш сайн ойлгож байгаа. Ойрын хугацаанд Улаанбадрах суманд судалгаа шинжилгээний ажлуудыг давтан хийлгэхээр ажиллаж байна. Мөн говийн бүсийг хамарсан хөрс, ус, агаар шинжилдэг лабораторийг бүс нутагт нь байгуулж тогтмол шинжилдэг болсноор хүмүүсийн эргэлзээг тайлах юм.
-УИХ-ын чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн УУХҮ-ийн сайд асан Б.Уянга гишүүн танд салбарын сайд нь байж асуудал яригдаад байгаа суманд очиж нөхцөл байдалтай танилцах санал тавьж байсан. Та очиж ажиллах уу?
-Улаанбадрах суманд очиж ажиллана. Энэ долоо хоногт манай хүмүүс очиж бүх шинжилгээ судалгааг ойр ойрхон хийнэ. Өмнө нь хэд хэдэн удаа очсон байдаг. Бид мэдээж өвлөгдөн үлдэж байгаа нутгаа ал болохоор хамгаалж, тэнд амьдарч байгаа иргэд, байгаль орчинд ээлтэй байх, экологийн сүйрэлд оруулахгүй байхыг бүгд л хичээж байгаа. Тиймээс мэргэжлийн хүмүүсийн нотолгоонд суурилсан шийдвэрийг л бид гаргаад явж байгаа гэсэн үг.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!