Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХУУЛИЙН ТӨСӨЛ: ҮХЦ-ийн гишүүний хараат бус байдлыг хангахын тулд олон удаа “улираахгүй“, нэг л удаа дахин томилж болно

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
10 минут 32 секунд

УИХ-ын хаврын чуулган нээхтэй зэрэгцэн сөрөг хүчний зүгээс дэмжихгүй гэх "анхааруулга" аваад буй хуулийн төсөл бол Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл юм. Эл хуулийн төслийг энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдэх товтой байгаа. "Анхааруулга"-ын тухайд, АН бүлгийн хуралдаанаараа уг хуулийн төслийг хэлэлцэж, ҮХЦ-ийн гишүүний бүрэн эрх болон шийдвэрлэх асуудлын цар хүрээтэй холбогдуулан дэмжихгүй гэх байр сууриа илэрхийлсэн юм. Тэгвэл Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ямар зарчмын агуулгууд тусгагдсан талаар болон үр нөлөөллийн судалгаанд дурдагдсан мэдээлийг та бүхэнд хүргэж байна.

-ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн алхаж ирсэн "зам мөр"-ийг сонсгол зохион байгуулж ШИНЖИНЭ-

ҮХЦ-ийн гишүүнээр томилох хүний тухай саналаа Улсын Их Хуралд хүргүүлэхээсээ өмнө нэр дэвшигчийн мэдээллийг олон нийтэд таван өдрийн турш нээлттэй байршуулж, улмаар нэр дэвшигчийн сонсгол хийдэг байх тухай агуулгыг оруулж өгчээ. Ингэхдээ хуульчдын дунд нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн, хууль зүйн мэдлэг, ур чадвар, туршлага төдийгүй ёс зүй, зан төлөвөөрөө хамгийн шилдэг хуульчид, эрх зүйчид л Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогддог байх нь Үндсэн хуулийн шаардлага гэж үздэг. Нэр дэвшигч ийм шаардлагыг хангаж байгаа эсэхийг мэдэх нэг шалгарсан арга бол тэднийг нийтийн сонсголоор хэлэлцүүлсний дараа томилох эсэхийг шийдвэрлэдэг болох явдал гэдгийг ч мөн адил дурджээ.

-2018 онд Ерөнхийлөгчөөс 3, УИХ-аас 1 хүнийг ҮХЦ-ийн гишүүнээр томилохдоо 7 хоногийн дотор нэр дэвшүүлж томилсон-

Хууль санаачлагчид тандан судалгаа хэсэгт нэгэн сонирхолтой агуулгыг "шингээж" бичсэн байлаа. Ингэхдээ, Сүүлийн 25 орчим жилд нэр хүндтэй хуульчид Цэц рүү томилогдож байсан ч шаардлага хангасан эсэх нь эргэлзээтэй хүмүүс бас томилогдож ирсэн. Тодруулбал,

2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг томилох чөлөөлөх асуудлыг хэлэлцэн, Ерөнхийлөгчөөс 3, УИХ-аас 1 гишүүнийг тус тус томилсон. Гэвч уг томилгоо нь нийгэмд маргаан болон хардлагыг төрүүлсэн. Учир нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг долоо хоногийн дотор дэвшүүлж томилсон. Өөрөөр хэлбэл,

Цэцийн гишүүнээр томилохоор сонгогдсон хүнийг өмнө нь эрхэлж байсан ажил болон бусад нарийн асуудлыг судлах шаардлагатай. Өмнө нь мэргэжлийн ажлын түвшинд, үнэнч шударга хийж байсан бол томилогдсоныхоо дараа Цэцийн гишүүний үүргийг тэгэж гүйцэтгэнэ гэж үздэг. Өмнө нь асуудалтай байсан бол Цэц дээр очоод сайн ажиллана гэж найдахын хэрэггүй гэсэн үг" гэжээ.

-2007-2013 оны хооронд ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар 11 ноцтой зөрчил гаргасан талаар бичгийг АТГ-аас УИХ болон ҮХЦ-д хүргүүлж байжээ-

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Цэцийн гишүүний хариуцлагын асуудал нийгэмд шүүмжлэл дагуулсан. Энэ хүрээнд одоо мөрдөж буй хуулиар гишүүний хариуцлагатай холбоотой тусгайлан нарийвчилсан зохицуулалтгүй явж ирсэн талаар дурдаад, Цэцийн дарга Д.Одбаяр, Цэцийн гишүүн Д.Сугар нарыг үйлдлийг жишээ болгон авчээ. Тодруулбал,

Д.Сугар нь “Хөрөнгө, орлогын мэдүүлгээ бичихдээ хайхрамжгүй хандсан, хөрөнгө орлогын өөрчлөлтөө бүрэн гүйцэт мэдүүлээгүй, алдаа дутагдал гаргасан” гэдгийг тогтоож, түүнд албан тушаалын цалин бууруулах шийтгэл оногдуулсан. Энэхүү тушаал нь Цэцийн гишүүнд хариуцлага тооцсон анхны албан ёсны шийдвэр аж. Авлигатай тэмцэх газраас УИХ болон Үндсэн хуулийн Цэцэд хүргүүлсэн 01/2676 тоот албан бичигт 2007-2013 оны хооронд Цэцийн гишүүн Д.Сугар 11 ноцтой зөрчлийг удаа дараа гаргажээ. Уг шийдвэрт дүн шинжилгээ хийсэн судлаач Цэцийн гишүүнд сахилгын шийтгэл хүлээлгэх талаар хангалттай зохицуулалт байхгүй тул Д.Сугарын гаргасан гэх зөрчлийг шийдвэрлэхэд хүндрэлтэй байгааг дурдаж байжээ.

Иймд энэ удаагийн хуулийн төсөлд:

14.1.Цэцийн гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хүний эрхийг дээдлэх, шударга, хараат бус, зарчимч, бодитой, үндэслэлтэй хандах, тал үл харах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг чанд баримтална.

16.1.Энэ хуулийн 14.2, 14.3, 14.4-т заасан үүрэг, хориглолт, хязгаарлалтыг ноцтой эсхүл удаа дараа зөрчсөн нь “Цэцийн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл” болно хэмээн тусгажээ.

-Цэцийн гишүүн албан үүргээ гүйцэтгэх үедээ амь насаа алдсан бол 60 сар, өвчнөөр нас барвал 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг ар гэрт нь олгоно-

Одоогийн хуулиар Цэцийн гишүүний бүрэн эрхийн баталгаанд зургаан зүйлийг хамруулан үздэг байсныг ес болгожээ. Ингэхдээ, Цэцийн гишүүний эдийн засаг, нийгмийн баталгаа нэмэгдэхийн хэрээр хараат бус, бие даасан байдал нэмэгдэх ач холбогдолтой хэмээн үзжээ. Тухайлбал,

-Төсвийг батлахдаа цалин хөлсний хэмжээг өмнөх жилээс бууруулахгүй;

-Бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг Цэцийн төсвөөс санхүүжүүлэх;

-36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгох:

-Цэцийн гишүүн албан үүргээ гүйцэтгэх үедээ эрүүл мэнд хохирсон бол 3 төрлийн баталгаа эдлэх;

-Цэцийн гишүүн албан үүргээ гүйцэтгэх үедээ амь насаа алдсан тохиолдолд 60 сар, өвчний улмаас нас барсан бол 36 сарын албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж ар гэрт нь олгох зэргийг шинээр нарийвчлан тусгасан байна.

-ҮХЦ хүний үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэнэ-

ҮХЦ хүний эрхийн асуудлыг шийдвэрлэдэг болохтой холбоотой агуулга олон нийтийн анхаарлын төвд буй. Одоогийн хуулиар Цэц үндсэн эрхийн маргааныг магадлан шийдвэрлэх эрх зүйн хэм хэмжээ байхгүй. Тэгвэл өөрчлөлтөөр "Үндсэн эрхийн маргааныг магадлан шийдвэрлэх”-ээр тусгажээ.

Цэц нь иргэний үндсэн эрхийн зөрчилтэй холбоотой маргааныг шийдвэрлэснээр Үндсэн хуульт ёс, хүний эрхийг дээдлэх зарчмыг хангана хэмээн хууль санаачлагчид үзжээ.

-ҮХЦ-ийн гишүүн эрх зүйч мэргэжилтэй байна-

ҮХЦ-ийн гишүүн мэргэжил, туршлагын хувьд ямар шаардлагад тэнцэх ёстой гэж та бодож байна. Одоогийн хуулиар ''Цэцийн гишүүн хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, эрүүгийн ял шийтгэлгүй, Монгол Улсын 40 нас хүрсэн иргэн байх ба Цэцийн гишүүд эрх тэгш байна'' гэж заасан байдаг. Тэгвэл шинэ өөрчлөлтөөр “эрх зүйч мэргэжилтэй” байхаар тусгасан. Үүнийг тайлбарлахдаа цэцэд хуульч эсхүл зөвхөн улс төрч нь Цэцийн гишүүнд нэр дэвших боломжтой мэтээр ойлгодог байсантай холбон тайлбарлажээ. Үүнийг "Цэцийн гишүүний үндсэн мэргэжил нь хуульч байх учиртай. Гэхдээ зөвхөн хуульч гэдэг мэргэжлээс гадна улс төрийн талаар зохих боловсрол, дадлага давхар эзэмшсэн байх шаардлагатай" хэмээн дурджээ.

-Цэцийн гишүүнээр зөвхөн нэг удаа дахин томилж болно-

Цэцийн гишүүнийг олон удаа улираан томилох нь хараат бус байдалд нөлөөлнө гэдгийг хууль санаачлагчид дурджээ. Иймээс өөрчлөлтөөрөө "Цэцийн гишүүнээр зөвхөн нэг удаа дахин томилж болно" хэмээн тусгажээ. Харин Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацааг 6 жил хэвээр үлдээжээ.

Ташрамд дурдахад, 1992-2021 оны хооронд Цэцийн гишүүнээр нийт 37 хүн томилогдон ажиллаж байснаас дөрвөн удаа улиран ажилласан 1 гишүүн, гурван удаа ажилласан 1 гишүүн, хоёр удаа улиран ажилласан 4 гишүүн байна.

-"Цэцийн үйл ажиллагаа нь даргын эрх мэдлээс үл хамааран хамтын зохион байгуулалт руу шилжсэн"

Цэцийн даргын бүрэн эрхийг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1) Цэцийг дотоод, гадаадад төлөөлөх;

2) Зөвлөгөөнийг хуралдуулах, даргалах;

3) Төрийн бусад байгууллагатай харилцахдаа Цэцийн бие даасан байдлыг хамгаалах, хангах;

4) Цэцийн төсвийн ерөнхийлөн захирагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх;

5) Цэцийн тамгын газарт эрх хэмжээнийхээ хүрээнд чиглэл өгөх, хяналт тавих гэжээ.

Үүнийг тайлбарлахдаа "Цэцийн даргын бүрэн эрхийг багасгасан болох нь харагдаж байна. Тодруулбал, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар Цэцийн дарга нь гишүүдийн ажил үүргийг хуваарилах, албан тушаалын байдлаас үл хамаарах гүйцэтгэлийн хяналт тавих, гишүүдийн төлөөллийн байдлыг тэнцүүлэх, Цэцийн хуралдааны бүрэлдэхүүнийг томилох зэрэг Цэцийн гишүүдийн үйл ажиллагаанд хараат байдалд нөлөөлөх эрх хэмжээ, бүрэн эрхийг хасаж, уг бүрэн эрхийг нэгтгэн зөвлөгөөний хэлэлцэн шийдвэрлэх асуудалд хамруулсан. Өөрөөр хэлбэл, Цэцийн үйл ажиллагаа нь Цэцийн даргын эрх мэдлээс үл хамааран хамтын буюу зөвлөгөөний зохион байгуулалт руу шилжсэн" хэмээн тодотгожээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Өнөөдөр нийслэлд +5 хэмийн дулаан. Багавтар үүлтэй байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Өнөөдөр нийслэлд +5 хэмийн дулаан. Багавтар үүлтэй байна
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.