Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Залуу жүжигчин О.Самданпүрэв: Миний амьдралдаа хийсэн хамгийн эрсдэлтэй хийгээд зөв алхам бол жүжигчин болох

Ангилал
Ярилцлага Ubn story
Огноо
Унших
6 минут 43 секунд

Тайз, дэлгэцийн урлагт шинэ өнгө төрхийг бүтээж, өөрийн мэргэжилдээ улам илүү дурлаж буй нэгэн бол залуу жүжигчин О.Самданпүрэв. Тэрбээр, хэдхэн хоногийн дараа тайзнаа тавигдах гэж буй Про театрын ээлжит уран бүтээл болох "Шадар III цэрэг" физикл драмын жүжгийн гол дүр буюу Д'Артаньяны дүрийг бүтээж буй. Иймд Ubn.mn сайт энэ удаагийн ярилцлагынхаа зочноор Жүжигчин О.Самданпүрэвийг урьж шинэхэн уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Өдрийн мэнд хүргэе. Яг одоогоор Про театрын 6 дахь уран бүтээл "Шадар III цэрэг" жүжгийн гол дүрд тоглохоор бэлтгэлээ базааж байгаа юм байна. Тайзны уран бүтээлийнх нь анхны гол дүр гэсэн. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Тайзны бүрэн хэмжээний жүжгийн гол дүрийн санал анх удаа ирсэн. СУИС-ийн Тайзны хөдөлгөөний буюу туялзуур сэлэм заалгаж байсан багш маань Про театрын Ерөнхий найруулагчаар ажиллаад надад энэхүү "Шадар III цэрэг" жүжгийн гол дүрийн саналыг тавьсан.

-Гол дүрийн саналыг хэрхэн хүлээн авав?

-Маш их догдолж хүлээж авсан. Бас айдастай байсан. Гэхдээ яг одоогоор жүжиг дээрээ онцгойлон анхаараад ажиллаад явж байна.

-Таны хувьд УДЭТ-д ажиллаж байсан шүү дээ. Түүнээс хойш дэлгэцийн уран бүтээлд түлхүү анхаарах шиг болсон. Тайзны уран бүтээлээс хэсэг хугацаанд завсарлаад энэхүү жүжгээр эргэн ирж байгаа байх?

-Тийм шүү. Би 2020 онд СУИС-ийг төгсөөд УДЭТ-ын Студи ангийн жүжигчнээр ажилласан. УДЭТ-д ажиллаж байх хугацаандаа 2 бүрэн хэмжээний жүжигт оролцож ажиллаж байсан. Тэгээд л тун удахгүй дэлгэцийн уран бүтээлдээ түлхүү анхаарсан гэж хэлж болно. Тийм ч учраас энэхүү жүжгээр дахин анх удаа тайзан дээр гарч ирж байна гэж хэлж болох юм.

-Тэгэхээр маш их догдлолтой байгаа юм байна. Түүнээс гадна үзэгчид таныг Д'Артаньян гэдэг хүнийг яаж бүтээхийг тань маш их сонирхож байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Маш их догдолж байгаа. Гэхдээ догдлолоос илүүтэй айдастай байна. Өөрийгөө "чадах билүү, үгүй билүү" гэж бодож байсан. Түүнээс гадна тайзны уран бүтээлийн маань анхны гол дүр учраас маш их ач холбогдол өгч байна. Өөрийгөө хүмүүст маш өөрөөр харуулахыг хичээж байгаа. Тиймээс одоо ч гэсэн ажилласаар л байна.

-Жүжгийн салшгүй хэсэг бол яах аргагүй тулааны хэсгүүд байгаа шүү дээ. Ихэнх хүмүүс энэхүү зохиолыг урьд өмнө сонсож бас зарим нэг нь дэлгэцийн уран бүтээлийг нь үзэж байсан байх. Тиймээс энэхүү жүжигт ч мөн тулааны хэсгүүд их байгаа байх гэж бодож байна?

-Ерөнхийдөө тулааны тавилтууд дуусчихсан байгаа. Түүнээс гадна бид жүжигтээ модон эсхүл пявор сэлэм ашиглахгүй. Харин жинхэнэ сэлэм ашиглах учраас алдах эрх байхгүй. Бүтэн 2 цагийн хугацаанд тайзан дээр ганцхан удаа л бүтэн явах учраас алдаж болохгүй. Тийм ч учраас бэлтгэлээ маш сайн, анхааралтай хийж байгаа.

Тайзан дээр жүжигчин хүний өөрийн эмоци характер гарч ирдэг. Мөн яг тухайн мөчид жүжигчин хүн текстээ ярина, тулаан явна, жүжиглэлтээ гаргана. Тиймээс ямар нэг алдаа гаргаж болохгүй, контролоо алдаж болохгүй.

-Тэгэхээр сэлэм нь жинхэнэ гэсэн үг үү. Аюултай биш үү?

-Яахав яг байлдааны, хурц эртэй сэлэм биш л дээ. Туялзуур сэлэм маань мэргэжлийн сургуулийн оюутнууд бэлдэх, бэлтгэл хийхэд зориулагдсан эргүй сэлэм. Гэхдээ болгоомжтой байхгүй бол бодитой, төмөр сэлэм учраас ганц буруу хөдөлгөөн хийхэд л нэгнийгээ сүлбэх эсхүл гэмтээх эрсдэлтэй учраас аль болох болгоомжтой байх хэрэгтэй. Дээр нь "Шадар III цэрэг"-ийг туялзуур сэлэмгүйгээр төсөөлөхөд бэрх. Тиймээс заавал сэлэм байх ёстой.

-Физикл драмын жүжиг гэсэн. Ер нь физикл гэж ямар төрөл, жанрыг хэлдэг юм бэ. Энэ талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

-Физикл гэдэг нь биеийн хөдөлгөөнөөр дамжуулан тайз, хүн, жүжиг 3 яаж нэгдэж болохыг харуулдаг гэсэн үг. Тэгэхээр биеийн хөдөлгөөн шаардсан элементүүд олон орж байгаа. Бас гоё, гоё гэнэтийн бэлгүүд бэлдэж байгаа. Сюрпризээ задалмааргүй байна. Ирж үзээд мэдээрэй гэж хэлмээр байна.

-Хэзээнээс эхлэн үзэгчдэд хүрч эхлэх вэ?

-Албан ёсны нээлт маань гуравдугаар сарын 01-нээс эхэлж байгаа. Гуравдугаар сарын 10 хүртэл билетээ худалдаалж байгаа ч үзэгчдийн үзэлт, хандалтаас шалтгаалаад цаашид тоглогдох байх гэж бодож байна.

-Ингэхэд таныг жүжигчний мэргэжлээр сурахаасаа өмнө ШУТИС-д сурдаг байсан гэж сонссон. Яагаад жүжигчин мэргэжлийг сонгосон юм бэ?

-Бага байхдаа л урлагт хайртай байсан. Гэхдээ урлагийн сургууль биш ШУТИС-д суралцсан л даа. Тэр хугацаандаа Х-Түц продакшны арын жүжигчин хийж байсан юм. Тэр мөчөөс эхлээд л бүр илүү урлагт дурлаж, энэ л миний мэргэжил юм байна гэж ойлгоод СУИС-т шалгалт өгч, жүжигчний мэргэжлийг сонгосон.

-Тэгэхээр таны амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам юм байна?

-Тийм шүү. Амьдралдаа хийсэн хамгийн их эрсдэлтэй бас хамгийн зөв алхам бол жүжигчин болох.

-Ярилцлага маань энэ хүрээд өндөрлөж байна. Гэхдээ охид, бүсгүйчүүдийн хамгийн их сонирхож байгаа нэг асуултыг танд тавья. Та найз охинтой юу?

-Байхгүй ээ.

-Ярилцсанд баярлалаа.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх амралтын өдрүүдээр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх амралтын өдрүүдээр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
 
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.