Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОМИЛОЛТ: Монгол Улс, БНХАУ-ыг холбосон төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов

Ангилал
Улс төр Дэлхий дахинд
Огноо
Унших
14 минут 16 секунд

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар энэ сарын 23-28-ны хооронд БНХАУ-ын Бээжин хот, ӨМӨЗО-ы Ордос, Хөх хотод албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын үеэр өрнөсөн онцлох үйл явдлуудыг UBN сайт тоймлон хүргэж байна.

Түүний айлчлалын багт УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Чинбүрэн, Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, Б.Бейсен, Д.Батлут нар багтсан. Учир нь тэд Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүд юм.

Айлчлалын эхний өдөр /2024.01.23/ Бээжин хотод байрлах Хятадын Эрчим хүчний корпораци болох “Power China”-ийн үйл ажиллагаатай танилцав.

Тус корпораци нь 2012 оны долоодугаар сарын 1-нд байгуулагдаж, эрчим хүч үйлдвэрлэл, усан цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүч, газрын тос, хийн технологийн үйлчилгээ зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж эхэлжээ. Бүртгэлтэй хөрөнгийн хэмжээ нь 31.9 тэрбум юань, нийт 180 мянган ажилтантай, дэлхийн 130 гаруй улс орон, бүс нутагт бизнес эрхэлдэг.

“Бүс ба Зам” санаачилгын хүрээнд бүтээн байгуулалтын томоохон төлөөлөгч компани болох Хятадын эрчим хүчний барилгын корпораци нь дэлхий нийтэд:

-Хөрөнгө оруулалт, санхүүжилт

-Төлөвлөлт, зураг төсөл, барилга, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл

-Аж үйлдвэрийн гинжин хэлхээний нэгдсэн үйлчилгээ, удирдлага

-Инженерийн салбарын ерөнхий багц шийдэл, стратеги төлөвлөлт, бодлогын судалгаа, стандарт хангасан боловсруулалт болон бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Тус компанийн гадаадад хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдээс дурдвал:

  • Эквадорын Кито хотод тус улсын хамгийн том Кока-Кода-Синклер усан цахилгаан станцыг барих төсөл
  • Бангладеш дахь Падма голын гүүрний барилгын төсөл
  • 220 тоннын даацтай өөрөө явагч ачааны машиныг Чили улсад амжилттай хүргэсэн нь тус компанийн хилийн чанад дахь цэргийн зориулалттай ААН-үүдэд зориулж, тусгайлан бүтээсэн автомашинуудыг анх удаагаа тээвэрлэсан тохиолдол юм.
  • Лаосын Нам Оу голын сав газарт каскадын усан цахилгаан станцын төсөл байна.

Хятадын Эрчим хүчний корпораци нь 2022 оны нэгдүгээр улирлын тайлангаар эрчим хүч, усны нөөц, байгаль орчин болон бусад дэд бүтцийн 1229 төсөлд гарын үсэг зурж, шинээр байгуулсан гэрээний тоог 1.67 хувиар нэмэгдүүлсэн байна. Үүнд 500 гаруй сая юанийн үнийн дүн бүхий 13 төсөл, 7.2 тэрбум юанийн усны орчныг сайжруулах иж бүрэн төсөл, 6.8 тэрбум юанийн зураг төсөл, барилгын ерөнхий гэрээт зэрэг ажлууд багтжээ.

Тус корпораци нь 2022 онд “Fortune Global”-аас гарсан дэлхийн шилдэг 500 ААН-ээс 100 дугаарт жагсаж, 10 жил дараалан ТОП ангилалд багтжээ. 2022 оны “ENR” дэлхийн шилдэг 150 инженерийн дизайн компанийн жагсаалтыг гурван жил дараалан тэргүүлсэн. Мөн дэлхийн эрчим хүчний барилгын салбарт (төлөвлөлт, зураг төсөл, барилга угсралт гэх мэт) Хятадын эрчим хүчний барилга байгууламжийн хүчин чадал, гүйцэтгэлээр нэгдүгээрт эрэмбэлэгддэг байна.

Дөрвөн чиглэлд хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр тохиролцов

Айлчлалын хоёр дахь өдөр /2024.01.24/ Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын байнгын уулзалтын механизмын тавдугаар уулзалт Бээжин хотод болов.

Уулзалтаар Нэгдүгээрт, парламент, байнгын хороод хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёрдугаарт, худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагаа, гуравдугаарт, ногоон хөгжил, цөлжилттэй тэмцэх чиглэлийн хамтын ажиллагаа, дөрөвдүгээрт, эрчим хүч, хил боомтын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн үндсэн чиглэлээр санал солилцож, цаашид хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр тохиролцлоо.

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар хэлэхдээ “Хоёр улсын парламент хоорондын харилцаа маш чухал. Яагаад гэвэл БНХАУ нь Монгол Улсын эдийн засгийн хамгийн том түнш. Тиймээс худалдаа, эдийн засгийн харилцаагаа хөнгөвчлөх, эдийн засгаа тэлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, туршлага солилцох зайлшгүй шаардлага тулгардаг. 2023 онд хоёр улс хоорондын худалдааны эргэлт 17.5 тэрбум ам.долларт хүрээд байна. Удахгүй 20 тэрбум ам.долларт хүрнэ. Эдийн засаг тэлж буй энэ нөхцөлд хоёр талын парламентаар Засгийн газрын явуулж буй бодлого үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй” гэсэн юм.

Ташрамд дурдахад, 2024 он хоёр орны харилцаанд онцлог жил болно. Тухайлбал,

-Дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой,

-Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил,

-Монгол, Хятадын харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсний 10 жил,

-Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хооронд байнгын уулзалтын механизм байгуулагдсаны 10 жилийн ой тус тус тохиох юм.

Мөн өдрийн үдээс хойш хиймэл оюун ухаанд суурилсан дуу хоолой таних, програм хангамжийг хөгжүүлэгч “iFLYTEK” компаниар зочлов.

“iFLYTEK” нээлттэй платформ нь давхардсан тоогоор 1.8 сая гаруй хөгжүүлэгчийн баг, 1.03 сая программыг 3.1 тэрбум эцсийн хэрэглэгчтэй холбосон. “iFLYTEK AI” академи нь 456 мянган бүртгэлтэй гишүүнтэй, “iFLYTEK” дээр төвлөрсөн хиймэл оюун ухааны экосистемийг хөгжүүлж байна.

Тус компани нь 2017, 2019 онд MIT технологийн дэлхийн хамгийн шилдэг 50 компанийн нэгээр шалгарч, 2017 онд Хятад улсад нэгдүгээрт, дэлхийд зургаад бичигдэж байсан. 2016 онд “iFLYTEK” орчуулгын төхөөрөмжийг зах зээлд нэвтрүүлж, ухаалаг хэрэглээний барааны ангилалд өндөр үнэлгээ авч байжээ.

2018 онд “iFLYTEK”-ийн ухаалаг орчуулгын систем нь CATTI (Хятадын бичгийн болон аман орчуулагчдын итгэмжлэлийн шалгалт)-ын туршилтыг давж, хүний ​​орчуулгатай дүйцнэ гэх үнэлэмжийг авсан байна.

БНХАУ энэ онд Монгол Улсаас 60 сая тонн нүүрс авахаар төлөвлөжээ

Үргэлжлүүлэн Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд ажиллав. Энэ үеэр Элчин сайд Т.Бадрал 2023 оны байдлаарх Хятадын нийгэм, эдийн засгийн онцлох үзүүлэлтүүдийг танилцуулав. Тодруулбал,

БНХАУ дэлхийн эдийн засгийн 18.5 хувийг бүрдүүлж байгаа аж. Нэг хүнд ногдох ДНБ 89.3 мянган юань бөгөөд энэ нь өмнөх оныхоос 5.4 хувиар өссөн үзүүлэлт юм. ДНБ-ий 41.5 хувийг цахим эдийн засаг эзэлжээ. Түүнчлэн, инфляцын түвшин 3.4 хувьтай байгаа бол ажилгүйдлийг түвшин 0.4 пунктээр буурсан байна.

БНХАУ-ын нийт хүн ам нэг тэрбум 410 сая байгаагийн 932.5 сая, хөдөө 477 сая иргэн амьдарч байгаа аж. Харин дундаж наслалт 71.4-77.9 байна. Төрөлт сүүлийн хоёр жилд 10 саяас доош болж, буурчээ. 2023 оны тухайд нийт хүн ам 2.08 саяар буурсан үзүүлэлт гарав. Хөдөлмөрийн буюу 16-59 насны иргэд 61.3 хувиар буурсан байна.

Хоёр улсын худалдааны эргэлтийн тухайд, 17.5 тэрбум ам.долларт хүрсний 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаа бол 10 хувийг бусад бүтээгдэхүүн эзэлсэн гэх статистик дүн гарчээ. 2023 онд БНХАУ манай улсаас 36 сая тонн нүүрс импортолж авахаар зорилт тавиад байсан бол 66.3 сая тонныг импортолсноор зорилтоо давуулан биелүүлжээ. Энэ оны тухайд, 60 сая тонныг авахаар төлөвлөөд байна гэдгийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас онцлон танилцууллаа.

Төмөр замын байгууллага хоорондын хамтын ажиллагааг урагшлуулахад анхаарал хандуулахыг хүсэв

Айлчлалын гурав дахь өдөр /2024.01.25/ УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи-тэй уулзаж, хоёр талын харилцаа, худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажилллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи-тэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын Байнгын уулзалтын механизмын тавдугаар уулзалт амжилттай болж өндөрлөсөнд сэтгэл хангалуун буйгаа дурдаад, цар тахлаас хойш анхны биечилсэн уулзалт болж байгааг тэмдэглэв.

Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж, хоёр улсыг холбосон боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, эрх зүйн үндсийг бэхжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх шаардлагатай байгааг дурдав. Тухайлбал,

1955 онд байгуулсан “Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэх асуудлын хүрээнд төмөр замын байгууллага хоорондын хамтын ажиллагааг урагшлуулахад анхаарал хандуулахыг хүслээ.

Мөн "Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хүрээнд Ханги-Мандал хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар талууд нэгдсэн тохиролцоонд хүрч холбогдох ажлыг эхлүүлэх, уул уурхайн бус бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх ажлын хүрээнд зүүн бүсийн Хавирга-Архашаат, Баянхошуу-Өвдөг болон баруун бүсийн Булган-Такашикен боомтуудаар амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг харилцан нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг саналуудыг дэвшүүллээ.

Мөн талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар ажил хэрэгч яриа өрнүүлж, хоёр талын хамтын хүчин чармайлтын дор Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өргөн агуулгаар баяжиж, шинэ шатанд гарна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийллээ.

ӨМӨЗО-ы иргэдийг Монгол Улсад зочлохыг урилаа

Үргэлжлүүлэн орой 18:00 цагт ӨМӨЗО-ы Хөх хотод ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөнтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Ноён Сүнь Шаочөний 2023 оны аравдугаар сард Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай болж, хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал түлхэц үзүүлснийг тэмдэглэхэд таатай байгааг уламжлав.

Хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрс идэвхжүүлж, худалдааны хэмжээг ойрын жилүүдэд 20 тэрбум ам.долларт хүргэх тухай тохиролцоог бодит ажил болгохын тулд Монгол, Хятадын хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, зарим боомтыг төмөр замаар холбох, тээвэр, логистикийн үйл ажиллагааг саадгүй явуулах зэрэг чиглэлд хоёр тал сүүлийн саруудад идэвхтэй хамтран ажиллаж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд ӨМӨЗО-ы Ардын засгийн газартай илүү нягт хамтран ажиллах саналтай байгаагаа Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар илэрхийллээ.

Харин БНХАУ-ын ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөн, Хятад-Монгол хоёр улс бол ойрын хөршүүд, тогтвортой хамтын ажиллагааг хэрэгжүүлж ирсэн төдийгүй ӨМӨЗО нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг дурдаад цаашид хоёр орны харилцаа хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан ӨМӨЗО-ы иргэдийг Монгол Улсад зочлохыг урилаа.

Ташрамд дурдахад, жил бүр ӨМӨЗО-ы АЗГ-ын тэтгэлгээр Монгол Улсаас бакалаврын түвшний 150 оюутан суралцдаг бөгөөд их, дээд сургуулийн хамтын ажиллагаа, оюутан солилцоо, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг эрчимжүүлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн БНХАУ-д инженер, архитекторболон шинжлэх ухааны нарийн мэргэжлийн чиглэлээр бакалавр, магистр, докторын түвшний оюутан сургах саналаа Монгол Улсын Их Хурлын дэд дарга уулзалтын үеэр илэрхийлсэн юм.

Жил бүр загварын төлөө 50 сая булганы амийг золиослодог
Жил бүр загварын төлөө 50 сая булганы амийг золиослодог
 
Нүүрс тээврийн жолооч нар албадан хөдөлмөрт өртөж байна
Нүүрс тээврийн жолооч нар албадан хөдөлмөрт өртөж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.