Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Идэрхангай, Б.Солонго: Цээжин доторх бүх хайраа улам илүү ЮҮЛЖ, УРСГАЖ, АСГАРУУЛНА

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
10 минут 30 секунд

Жүжигчин Г.Ундармаагийн /UFilm/ бэлтгэн хүргэж буй "Эзэгтэйн туслах" нэвтрүүлэг шинэ оны босгон дээр эхний дугаараа үзэгчдэд хүргэсэн. Тэгвэл энэхүү нэвтрүүлгийн хамгийн эхний зочноор уригдан оролцсон Говь-Алтай аймгийн Жаргалан сумын залуу малчин өрх болох Н.Идэрхангай /Гэргий Б.Солонго/-н гэр бүл ийг Ubn.mn сайт энэ удаагийн ярилцлагынхаа зочноор урьж ярилцлаа.

Магадгүй уншигч та бүхэн тэднийг "Цээжин доторх бүх хайраа ЮҮЛДЭГ залуу болон тэр хайранд нь улам илүү цэцэглэж буй жирийн нэгэн МОНГОЛ БҮСГҮЙ" гэдгээр нь таних биз ээ.

-Сайн байна уу. Юун түрүүнд үзэгчдэд маань өөрсдийгөө танилцуулахгүй юу?

-Нөхөр: Би Говь-Алтай аймгийн Жаргалан сумын залуу малчин Нямзоригийн Идэрхангай гэдэг хүн байна.

-Эхнэр: Би Говь-Алтай аймгийн Тайшир сумын харьяат. Намайг Балжиннямын Солонго гэдэг. Н.Идэрхангайн гэргий.

-Оны эхний өдөр жүжигчин Г.Ундармаагийн бэлтгэн хүргэж байгаа “Эзэгтэйн туслах” нэвтрүүлгийн эхний зочид болж оролцсон шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач. Мөн тус шоунд оролцох боломж хэрхэн олдсон талаар ярихгүй юу?

-Нөхөр: "U Film"-ийн уран бүтээлчид 21 аймгаас нэг, нэг өрхийг сонгож, гэрийн эзэгтэйд нь нэг өдрийн турш туслах нэвтрүүлэг бэлдэх гэж байгаа талаар сонссон юм. Ийнхүү манай сумын болон багийн Засаг дарга нар манайхыг санал болгосон юм билээ.

-Эзэгтэйн хувьд жүжигчин Г.Ундармаатай нэг өдрийг илүү ойр дотно өнгөрүүлж, гэрийн ажилдаа туслуулсан байгаа шүү дээ. Ямар мэдрэмж төрөв?

-Эхнэр: Г.Ундармаа эгчийг манайд ирж нэвтрүүлэг хийнэ гэхэд үнэхээр гэнэтийн, итгэмээргүй санагдсан. Бас хүмүүсийг тоглоод байгаа юм болов уу гэж бодогдож байсан. Гэхдээ үнэхээр манайд зочлоод, надтай хамт гэр орны ажил хийгээд, нэг өдрийг хамт өнгөрүүлсэнд сайхан байсан.

-Эхний дугаарын онцлох хэсэг бол яах аргагүй бүх хайраа юүлчихдэг гэдэг хэсэг байлаа. Үнэхээр цээжиндээ байгаа хайр халамжаа бүгдийг нь юүлчихдэг юм уу?

-Нөхөр: Үнэхээр цээжин дотроо байгаа бүх хайраа юүлчихдэг. Хайраа халамжаар илэрхийлэхийг хүсдэг.

-Тэгэхээр эхнэрт нь нөхрийн тань хайр халамж үг, үйлдэл бүрээс нь мэдрэгддэг үү?

-Эхнэр: Мэдээж тэгэлгүй яахав. Үргэлж хажууд минь байж, тусалж, дэмжиж, ойлгож, халамжилж байдаг. Нэг үгээр хэлбэл миний хамгийн сайн хамтрагч бол миний хань.

-Жүжигчин Г.Ундармаа эгч ч мөн та 2-ыг хайрлаж бас хүндэлж байгаа нь харагдсан. Гэтэл Монголчууд хүртэл бүгдээрээ сайхнаар хүлээж авч байна шүү дээ. Энэ нь та хоёрт ямар сэтгэгдэл төрүүлж байна?

-Нөхөр: Үнэхээр таатай санагдаж байгаа. Манай Монголчууд залуу гэр бүлээ дэмжиж байгаад маш их талархаж байна.

Эхнэр: Бүх зүйлийг эерэгээр хүлээж авч байгаад баярлаж байгаа. Дээр нь залуучууд хот барааддаг болсон шүү дээ. Өвс ногооны гарцаас эхлээд хүндрэлтэй зүйл их байдаг учраас хөдөө байхаас халширдаг болчихсон. Гэтэл бид хоёрын хувьд залуу малчин өрх шүү дээ. Үүнийг маань хүртэл маш сайхнаар хүлээж авч байгаад баярлаж байна.

-Та хоёр нэг хүүтэй билүү. Хүүг нь хэн гэдэг билээ?

-Нөхөр: Хүүг маань И.Эрдэнэзуу гэдэг. Одоо хоёр нас хүрч байна. Ид сахилгагүйтдэг үе дээрээ явж байна.

Хамгийн гоё хэсгүүдээр хийсэн рийлсийг үзэхээр уйлчих гэд байгаа

-Эргээд нэвтрүүлэг рүүгээ орцгооё. Зураг авалтын үеэр болсон хөгжилтэй зүйл бий юу. Нууц биш бол бидэнтэй хуваалцаач?

-Эхнэр: Миний хувьд хамгийн хөгжилтэй байсан зүйл нь бид хоёрын барилдсан хэсэг бас жимсэнд явсан хэсэг байсан. Учир нь жимс түүж байхад Жигмэд, Тогмод хоёрыг дуулаад явж байхад үлгэрийн мэт л санагдсан. Залуу гэр бүлийн хувьд энэ нэвтрүүлэг бол маш сайхан дурсамж үлдээсэн.

Хүн амьдралынхаа хугацаанд өөрийнхөө түүхийг бүтээдэг гэдэг шүү дээ. Яг л нэг өдрийн маань түүхийг өгүүлсэн сайхан нэвтрүүлэг болсон.

-Та хоёрын хувьд нэвтрүүлгээ оны эхний өдөр нийт Монголчуудтайгаа хамт үзсэн шүү дээ. Яг өөрсдийгөө зурагтаар хараад ямар санагдсан бэ?

-Нөхөр: Өөрийгөө зурагтаар харсан чинь сандардаг юм билээ. Орой 18:00 цагаас гарна гэхээр нь малаа хураачихаад цагаа хүлээгээд л байсан. Тэгээд яг нэвтрүүлэг эхлээд өөрийгөө харсан чинь инээд ч хүрэх шиг. Ер нь их сандардаг юм билээ.

Эхнэр: Үнэхээр сайхан санагдсан. Дээр нь манай Монголчууд маш эерэгээр хүлээж аваад, романтик хэсгүүдийг нь таслаад рийлс хийсэн байгааг нь хараад уйлах гээд байсан. "Ямар гоё юм бэ. Хүмүүсийг ингэж гоёор хүлээж авна гэж бодоогүй ээ". Одоо ч гэсэн тэр рийлүүдийг харахаар нь нүдэнд нулимс цийлэгнээд байна.

-Үргэлжлүүлээд та хоёрын танилцсан түүхийг сонсож болох уу. Магадгүй тухайн нэвтрүүлгийг үзэж амжаагүй хүмүүс та хоёрын хайрын түүхийг мэдээгүй өнгөрсөн байх?

-Нөхөр: Миний хувьд анхны харцаар дурлана гэдгийг л тухайн үед мэдэрсэн дээ. Би 2020 оны V сард цэргээс халагдаж ирсэн юм. Тэгээд тэр намраа адуу авч хариулахаар болоод урд талын сум болох Тайшир сумаасаа адуу авсан юм. Гэтэл дандаа хадмуудынхаа адууг авч хариулсан байсан. Тэгээд л эхнэртэйгээ танилцсан даа.

Эхнэр: Нөхөр маань манай адуучин залуу. Би эхэндээ адуучин залуу дөө гээд л нэг их тоодоггүй байсан. Гэтэл одоо түүнтэйгээ гэрлэчихсэн байна.

-Гэргийгээс нь асууя. Нөхрийн тань юу таныг ингэж их татав?

-Эхнэр: Би бага байхаасаа л хүнтэй суувал хөдөө л амьдарна даа гэж боддог байсан юм. Хүний бодол биелэлээ олно гэж байдаг байх. Яг л тэр бодол маань биелэж, ханьтайгаа суусан байх.

-Та хоёр сая хэлж байсан шүү дээ. Залуучууд хөдөө, орон нутаг гэхээсээ илүүтэй төв барааддаг болсон гэж. Энэ талаар өөрсдийнхөө үзэл бодлыг хуваалцаач?

-Нөхөр: Ерөнхийдөө цэвэр ус уугаад л, цэнгэг агаараар цээж амьсгалаад л явах нь жаргал шүү дээ. Хэдэн буурлынхаа буяныг хариулж, өсгөөд л явж байна.

-Нөхрөөс нь асууя. Эмэгтэй хүнийг хэрхэн хайрлах ёстой гэж боддог вэ?

-Нөхөр: Эмэгтэй хүний зүрх сэтгэлд бүх хайраа мэдрүүлнэ гэдэг л чухал л даа. Цээжин доторх хайраа ююүлээд л, услаад л байх хэрэгтэй. Услаад л байвал эмэгтэй хүн улам илүү ургаад л байдаг юм.

-Тэгвэл эхнэр хүний хувьд хань нөхрөө ч мөн хэрхэн хайрлаж, халамжилбал амьдрал илүү нандин, илүү сайхан байх юм бол?

-Эхнэр: Нөхөр эхнэрээ услаад л байвал ургаад л байдаг шүү дээ. Гэтэл ургаж байгааг маань харсана хань нөхөр өөрөө ч мөн жаргалтай байна. Тиймээс бие биенээ харилцан хүндэлж, харилцан ойлголцож байх л хэрэгтэй.

Аливаа асуудлыг ярилцаж, нэг нэгнээ сонсож чадвал харилцаа бат бэх байдаг байх.

-Та 2-ын хувьд монголын мянга мянган залуу хосуудын нэг шүү дээ. Гэхдээ бие биенээ хайрлаж байгаа хайр нь их нандин юм. Магадгүй залуу хосуудын нийтлэг гаргадаг алдааг юу гэж хардаг вэ?

-Нөхөр: Мэдээж хэрэг хосуудын дунд маргах зүйл байлгүй л яахав. Тэр болгонд бие биенээ зөвөөр ойлгож байх хэрэгтэй.

Эхнэр: Ямар нэг асуудал тулгарвал хоорондоо маш сайн ярилцах хэрэгтэй байх. Яагаад, ямар учраас гэдгээ мэдэх нь чухал болов уу. Гэтэл бие биенээ сонсохгүй, хүндлэхгүй, биенээсээ буруу хайснаас болж маргаан үүсэж улмаар гэр бүл салах тохиолдол ч бишгүй гардаг байх.

-Та хоёр маань цаашдын мөрөөдөл, зорилгоо төлөвлөсөн үү?

-Нөхөр: Мэдээж хүн бүр хүсэл мөрөөдөлтэй байдаг шиг бид хоёрт ч бас хүсэж буй зүйл бий. Гэхдээ одоогоор нууц хэвээр нь үлдээе.

-Ярилцлага маань өндөрлөж байна. Тиймээс сүүлийн асуулт маань та хоёр бие биедээ юу хэлэхийг хүсдэг түүнийгээ хуваалцахыг хүсэж байна?

-Эхнэр: Цээжин доторх хайраа улам илүү юүлээрэй.

Нөхөр: Ёстой л цээжиндээ байгаа бүх хайраа юүлнэ, урсгана, асгаруулна. Улам илүү их хайрлана.

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын амьдралд тань улам илүү аз жаргал хүсье.

Видео ярилцлагыг тун удахгүй UBN.MN пэйж хуудсаар хүлээн авч үзээрэй

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Утсаараа яриулаач“ гэж гуйн гар утсыг нь дээрэмдээд зугтсан этгээдүүдийг олж тогтоожээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Утсаараа яриулаач“ гэж гуйн гар утсыг нь дээрэмдээд зугтсан этгээдүүдийг олж тогтоожээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.