Өнгөрөгч онд Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсан Эрүүгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэн баталсан. Ингэснээр шинэ оны эхний өдрөөс шинэчлэн батлагдсан хуулийн заалтууд хэрэгжиж эхэлсэн юм. Тэр дундаа торгуулиа төлөөгүй жолооч нартай холбоотой зарим заалтууд олон нийтийн анхаарлыг татаж буй. Тэгвэл Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагалдаж Зөрчлийн тухай хуульд торгуулиа төлөөгүй жолооч нарт оногдуулах хариуцлагатай холбоотой ямар заалтууд орсон талаар та бүхэнд хүргэж байна.
-Торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах, тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлана-
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд торгуулиа төлөөгүй жолооч нар багтаан ойлгож болно. Тэгвэл замын хөдөлгөөний зөрчил гаргасантай холбогдуулан тухайн жолоочид оногдуулсан торгуулийг заасан хугацаанд биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах, тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлах аж.
Харин гадаад пасспорт захиалах, зорчих эрхийг хязгаарлахтай холбоотой яригдаж байсан заалтууд хуулийн хэлэлцүүлгийн явцад хасагдсан байна.
-Торгуулиа хуульд заасан хугацаанд төлөлгүйгээр хөдөлгөөнд оролцож байгаад "баригдвал" автомашиныг журамлах хүртэл арга хэмжээ авна-
Энэ сарын 8-наас тээврийн хэрэгслийн торгуулиа төлөөгүй жолоочийг автозамын хөдөлгөөнд оролцуулахгүй гэх мэдээлэл гараад буй. Тэгвэл торгуулийг хуульд заасан хугацаанд буюу 15 хоногт биелүүлээгүй бол цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг торгох шийтгэлийг биелүүлж дуусах хүртэл хугацаанд хязгаарлана. Ингэхдээ тээврийн хэрэгслийг журамлах эсхүл холбогдох хууль тогтоомжид заасан бусад аргаар хөдөлгөөнийг нь хязгаарлах аж.
-Торгуулиа 15 хоног дотроо төлвөл 50 хувь хөнгөлж, хугацаандаа төлөхгүй бол 50 хувиар нэмэгдүүлнэ-
Мөн торгуулийн хэмжээг хөнгөрүүлэх, нэмэгдүүлэх үндэслэлтэй холбоотой зохицуулалт оржээ. Тодруулбал, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь эрх бүхий албан тушаалтан, шүүхээс оногдуулсан торгох шийтгэлийг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлэх бол шийтгэлийн хэмжээг тавин 50 хувиар хөнгөрүүлнэ. Харин торгох шийтгэлийг заасан хугацаанд биелүүлээгүй бол шийтгэлийн хэмжээг тавь 50 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр тусгасан аж.
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 7-30 хоногоор баривчлах шийтгэл оногдуулна-
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой дараах санкц оржээ. Тодруулбал,
Жолооч:
-5.1.согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон;
-5.2.тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон;
-5.3.согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэжээ.