Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Энхбаяр өнөөдөр ҮАБЗ-ийн ажлаа өгч, Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, улс төрийн зөвлөхөөр томилогдоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 58 секунд

Сонгуулийн тойрог өнгөрсөн долоо хоногт эцэслэн батлагдаж, нэр дэвших горилогчид хөдөлж эхэллээ. Тэд оноос өмнө шийдээ гаргаж, төрийн албанаасаа “салсан” байх хуулийн заалттай. Нэр дэвшихээр ажлаа өгч буй хүмүүсээс анхаарал татах эрхмүүдийн нэг бол ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр юм. Хоёр долоо хоногийн өмнө түүнийг ажлаа өгөх болсон талаарх мэдээлэл анх хэвлэлд цацагдсан.

Тэгвэл тэрбээр, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч, Ерөнхийлөгч өнөөдөр түүнийг чөлөөлөх талаар эх сурвалж мэдээллээ. Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар Ж.Энхбаярыг одоогийн үүрэгт ажлаас нь чөлөөлсний дараагаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийнхөө хажууд зөвлөхөөрөө авч үлдэхээр болжээ. Тодруулбал, түүнийг сонгууль хүртэл Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, улс төрийн зөвлөхөөрөө томилох аж.

ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг хаших хугацаанд түүний улс төрийн намын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх хуулийн зохицуулалттай юм. Тус албан тушаал нь Зөвлөлийн үндсэн чиг үүрэгт хамаарах асуудлаар судалгаа хийх, үнэлэлт, дүгнэлт гаргах, шийдвэрийн үндэслэлийг боловсруулах, биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулж, зөвлөлийн гишүүд бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь тусалж тэндий үндэсний аюулгүй байдлын талаарх судалгаа мэдээллээр хангах дотоод ажлыг эрхэлдэг маш чухал алба билээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн бөгөөд ҮАБЗ-ийн хар хайрцагны бодлогыг тодорхойлох ерөнхий чиг шугмыг гаргадаг хамгийн чухал албан тушаал гэж ойлгоход болно.

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх яагаад энэ чухал албанаасаа өөрийн хүнээ явуулж байна вэ. Учир нь дараагийн парламентад Ерөнхийлөгч өөрийн хүмүүсээ аль болох ахиухан доозоор оруулахаар бэлтгэж эхэлсэнтэй энэ нь шууд холбоотой гэхэд болно. Хэдийгээр Ерөнхийлөгч намаасаа татгалзсан байх хуультай ч Ерөнхийлөгч болгон маш идэвхтэйгээр намынхаа үйл ажиллагаанд шууд бусаар оролцож ирсэн улс төрийн түүх бий. Ялангуяа дараагийн парламентаар Ерөнхийлөгчийн тухай хууль, цаашлаад Ерөнхийлөгчийг парламентаас сонгох зэрэг ҮХНӨ ч яригдаж магадгүй талаар эх сурвалжууд мэдээлж буй юм. Тиймээс дараагийн парламентад өөрийн талаасаа олон бөгөөд “бяртай” улстөрчдийг оруулахаар Ерөнхийлөгч үлдсэн хугацаанд ажиллах болно.

Ж.Энхбаяр, Я.Содбаатар гэдэг хоёр хүн бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн баруун, зүүн гар. Тиймээс нам руугаа, дараагийн парламент руу өөрийн том төлөөний хүнээ явуулж байгаа гэсэн үг. Гэхдээ сонгуульд нэр дэвших нь энэ хоёр хүний эхний бөгөөд сүүлийн зорилго огт биш гэхэд хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч өөрийн хүнээ ирээдүйд УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүнд зүтгүүлэх нь гарцаагүй. Ядаж л 126 гишүүнтэй парламентын намын бүлгийн даргад сойх нь ойлгомжтой юм. Үүнтэй зэрэгцээд Ерөнхийлөгчийн квотоос хэн хэн тойрогт нэр дэвших, залуучуудынхаа хэнийг нь жагсаалтад бичүүлэх вэ гэдэг ч сонирхолтой асуудал байх болно.

Харин Ж.Энхбаярын хувьд ирэх сонгуульд аль тойрогт нэр дэвших нь одоогоор тодорхойгүй байна. Тэрбээр, УИХ-д 2008-2020 хүртэл гурав дараалан сонгогдож байсан бөгөөд Говь-Алтай, Баянзүрх дүүрэг эсвэл Сэлэнгэ гэсэн гурван тойргийн аль нэгийг сонгох нь гарцаагүй.

Б.Энхбаяр: Нүүрсний “мафи“-ууд над руу маргаашаас “атак“ хийнэ
Б.Энхбаяр: Нүүрсний “мафи“-ууд над руу маргаашаас “атак“ хийнэ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.