Манай улс нохой муурыг хүнлэг бус аргаар устгах буюу өдгөөгөөс 100 гаруй жилийн өмнө хэрэглэгдэж ирсэн ганц арга болох буудах аргыг ашиглан муур, нохой устгадаг. Үүнийг бид жирийн нэг үзэгдэл гэж хардаг ч үнэн хэрэгтээ тийм биш юм.
Тиймээс эзэнгүй нохой, муурыг түр асрамжлан, хадгалах байранд аваачих самналтыг энэ сарын 27-ны өдөр эхлүүлнэ гэдгийг Хотын ерөнхий менежер М.Баяраа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байдаг.
Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах тухай хуульд:
- 27.1. Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагааг энэ хуульд заасны дагуу зөвшөөрөл авсан ашгийн төлөө бус хуулийн этгээд эрхэлнэ.
- 27.2. Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах гэдэгт арваас дээш нохой, муурыг асран хамгаалагчтай болох хүртэл байрлуулан асрамжлах үйл ажиллагааг ойлгоно хэмээн хуульд заасан байдаг.
Тиймээс уг асуудлын талаар Хотын Захирагчийн ажлын албанаас тодрууллаа.
Ингэхдээ "Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн цаад талд буюу хуучин хар үнэгний аж ахуйн байрыг тойруулж, хашаалж нохой, муурны түр хамгаалах байрыг барьж байна. Мөн орон сууц, нийтийн аж ахуйн газраас эзэнгүй нохой, муур түр байлган асрамжлах байрны засварын ажлыг хийж байна.
Нохой, муураа асарч чадахгүй болсон хүн түр байлган асрамжлах байранд өгөх боломжтой. Тиймээс энэ дээр төлбөрийн асуудал яригдана. Одоогоор үнийн асуудал шийдэгдээгүй байгаа аж.
Түр байлган асрамжлах байрны засвар дууссан даруйд нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гудамжаар явж байгаа эзэнгүй нохойг барих нэгдсэн арга хэмжээг энэ сарын 27-нд ажиллуулна. Барьсан нохойнуудаа түр асрамжлах байранд аваачиж, эзэнтэй болгох ажлыг зохион байгуулна.
Дээрх асрамжлах байр нь 10,000 орчим нохой, муурын багтаамжтай. Нохой, муурыг байрлуулахдаа том жижиг, эр, эм гэж ангилж байршуулна.
Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөнө. Хууль хэрэгжиж эхлэхээр Мал Эмнэлгийн Ерөнхий Газар, ХХААХҮ-ийн сайд журмууд батална. Батлагдсан журмаар нохой, муураа асарч чадахгүй болсон бол түр байлган асрамжлах байранд өгөхөд хэдэн төгрөг төлөх зэргийг зохицуулна.
Эзэнгүй нохой, муурыг түр байлган асрамжлах байрны үйл ажиллагааны зардал нь нийслэлийн урсгал зардлаас санхүүжигдэнэ" гэлээ.