Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: XXX хамба Д.Жавзандоржийн намтар, зохиол үйлс

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 50 секунд

МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, ХХХ Хамба номун хан, гэвш лхаарамба Дүнгийн овогт Дуламрагчаагийн Жавзандоржийн намтар, зохиол үйлсийг танилцуулж байна.

ХХХ Хамба Д.Жавзандорж нь Сэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошуу буюу одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг Баруун Урт хотод 1980 оны 04 дүгээр сарын 25 буюу XVII жарны төмөр бичин жилийн хаврын адаг сарын шинийн 11-ний шар луу өдөр эцэг Дуламрагчаа, эх Нанзад нарын хоёр дахь хүүхэд болон лагшин мэндэлсэн. Жаал Аранжал хэмээх эрдэмтэн гавж лам түүнд Жавзандорж хэмээх алдрыг хайрласан. 1991 оны 09 дүгээр сарын 25-нд Сүхбаатар аймгийн Бурхан Шашинтны Төв Эрдэнэмандал хийдэд шавилан Дашнямын Гүрдорж, умзад ламтан Зэсэнгийн Жамба нарыг багшид барин, хурлын уншлага, дэг ёсонд суралцаж эхэлсэн.

1992 онд МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, XXVIII Хамба номун хан Төмөрийн Дамдинсүрэнгээс “Гэнэн” санваар хүртсэн. 1998 оны 08 дугаар сарын 23-нд Брайвүнгийн ширээт Лувсандамба ламтнаас “Гэцүл” санваар залж, Лувсандорж хэмээх алдрыг олсон. 2001 оны 03 дугаар сарын 07 буюу хаврын тэргүүн сарын шинийн 13-ны бэлгэт сайн өдөр Жанрайсигийн хувилгаан, зарлигийн ачит Дээрхийн гэгээнтэн XIV Далай багш Данзинжамцаас “Гэлэн” санваар хүртсэн. 1993 онд Улаанбаатар хотын Зүүн хүрээ Дашчойлин хийдэд шавилан Цэвээннамжилийн Гаваагомпил багшаас хурлын уншлага зан үйлийн дамжлагыг залж, умзадын албыг хариуцлагатайгаар гүйцэтгэсэн. Мөн үест МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн Буддын гүн ухааны Дашчойнпэл дацангийн лхаарамба Дашжамц багш болон их багш Д.Цэрмаа зэрэг дээдсийг шүтэн Буддын гүн ухаан болон нэр орчуулганд суралцсан.

Улмаар багш дээдсийн зарлиг болон урьдын ерөөлийн дагуу 1998 оноос БНЭУ дахь Буддын гүн ухааны их сургууль Балдан Брайвүн хийдийн Даш Гоман дацанд шавилан ширээт лам Лувсандамба, нийтийн номын их багш Ёндонжамц, лхаарамба Жигмэджамц, лхаарамба Лувсангэндэн зэрэг дээдсийг шүтэн дээдийн номонд хичээнгүйлэн суралцсан. Ингээд Буддын гүн ухааны “Тийн шалгадгийн тайлбар”-ын аймгийг судлан дүүргэж Намдэл равжамба цолыг 2000, Парчин домын дамжаа барьж “Билиг Барамид”-ын аймгийн номыг судлан дүүргэж Парчэн равжамба цолыг 2006, “Төв үзэл”-ийн аймгийн номыг судлан дүүргэж Ум равжамба цолыг 2008 он, “Авидарма”-ын номыг судлан түүргэж Зод равжамба цолыг 2010 он, “Номхтгол”-ын аймгийн номыг судлан дүүргэж Дүлва равжамба цолыг 2012 онд тус тус амжилттай хамгаалсан.

Анхлан зиндаанд орсон цагаас эхлэн дацангийн хэмжээнд хамгийн олон судар ном цээжилсэн ламаар хэдэнтээ шалгарсан бөгөөд нийтдээ 10 зиндаанд тэргүүн байр, хоёр зиндаанд дэд байрыг эзлэн хувьт төгс шавь нарын сүсгийн зулыг бадрааж, хуурмаггүйн мөрд хичээлийн эрдмийг үлгэрлэн үзүүлсэн.

Түүний дараа лхаарамбын зургаан жилийн шалгалтанд дөрвөн удаа тэргүүн байр, хоёр удаа дэд байранд шалгарч 2017 онд нийлбэр дүнгээр тухайн үеийн шалгалтанд хамрагдаж байсан 1000 гаруй хуврагуудаас оройлон Буддын гүн ухааны эрдмийн дээд зэрэг цолыг Анги данбын лхаарамба буюу тэргүүлэх зэргийн лхаарамба цолыг онцгой ялгамжтай хүртэж, Монгол хүний оюуны чадамжийг Бурханы шашинтнуудад батлан харуулж, нийт Монгол үндэстний үнэлэмжийг өндөрт өргөн олон хуврагийн бахархал болсон.

2018 онд Дандрын ёсны их хүрээ Жүддод дацанд нэг жилийн сургалтаа дүүргэн тухайн жилийн нууц тарнийн шалгалтандаа мөн тэргүүн байр, 2019 оны аграмбын шалгалтанд гуравдугаар байрыг тус тус эзэлсэн. 2023 онд Даш Гоман дацангийн нууц тарнийн гурван жилийн хөтөлбөрийг амжилттай дүүргэн, төгсгөлийн зэргийн шалгалтанд мэтгэлцээн, бичгийн боловсруулалт болон нийлбэр дүнгээр тус бүр тэргүүн байр эзэлж, нууц тарнийн шашныг дэлгэрүүлэх түмэн зохиолыг үзүүлсэн.

2002 оноос Монгол төдийгүй гадаадын олон шавь нартаа ном хөтөлж эхэлсэнээс өнөөг хүртэл амралт, алжаалыг үл огоорч, олон зуун лам нарыг бэлтгэсний дотроос Егүзэр хутагт Данзанлувсанванжил, Срайдорж номун хан Лувсандамбийжалцан, Мэргэн бандида Данзанжамьянлодой нарын хувилгаан хутагт болон хоёр гавж лам төрөн гарсан. Ирэх жилд эхний лхаарамба шавь мэндлэх бөгөөд түүнээс хойш жил бүр тасралтгүй үргэлжлэх нь бахдууштай.

Энэтхэг, Төвөд, Монгол туургатан шавь нар “Монгол багш” хэмээн хүндэтгэн нэрийддэг байсан энэхүү алдар нь эдүгээ Монгол орны сүсэгтэн олны дунд түгсэн. Ном эрдмээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ Монгол орондоо морилж олон сүсэгтнийг номонд чиглүүлж, нийгэмд чиглэсэн буддын ном сургаал, бясалгал, сургалт, танин мэдэхүй, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сүсэгтэн шавь нарын санаачлагаар 2013 онд Сумади Гирди НҮТББ-г байгуулан удирдаж соён гэгээрүүлэх үйлсэд бүхнээ зориулж байна.

Мөн 2012 оны Далай багшийн “Цогт цагийн хүрдний авшиг”-ийн айлдвар, 2013, 2014 онуудад “Их бодь мөрийн зэрэг”-ийн айлдвар, 2016 оны Далай багшийн Монгол дахь албан ёсны айлчлал тэргүүтэнд зарлигийн орчуулагчаар томилогдон ажиллаж, номонд зорьсон сүсэгтэн олонд дээдийн номын айлдварыг хэлмэрчилж, толилуулж байсан.

2011 оноос Сүхбаатар Аймгийн Бурхан Шашинтны Төв Эрдэнэмандал хийдийн тэргүүн хамба ламын албыг хариуцлагатайгаар хашиж, гадаад дотоодод боловсон хүчин бэлтгэх зэрэг шашны үйл хэргийг удирдан зохион байгуулсан. Мөн орон нутгийн хийдүүдийн удирдлага болон сүсэгтэн олны хүсэлт заллагаар олон аймаг сум, хийд орон, номын нийгэмлэг, төвүүдэд нийтийг хамруулсан номын эш авшиг тэргүүтэй Бурханы номын таниулга тайлбарыг олонтаа айлдаж, сүсэгтэн олныг дээдийн номоор цэнгүүлэн зохиосоор байна.

Хилийн чанадад Япон, Австри, Бельги, Герман зэрэг улс орнуудад номын заллагаар морилж, сүсэгтэн олонд ариун номын рашаан хүртээх тэргүүтнээр урьд өмнө нь шашин эс дэлгэрсэн хийгээд дэлгэрсэн ч доройтсон орон газарт шашин номоо дэлгэрүүлэх ариун их үйлст үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

Олны хүртээл болсон “Хувь сайтын хоолойн чимэг”, Жонэ Дагвашаддүв ламын “Мөрийн гурван эрхэмийн тайлбар”зэрэг номуудыг орчуулан нийтэлсэн. “Бодь мөрийн зэргийн эмхэтгэл”, “Аврал одуулах хөтөлбөр”, “Үйлийн үрийг ухаархуй”, “Бурхны номын ач тус” зэрэг ном товхимлуудыг эх хэлнээ цуврал болгон туурвин зохиосон. Шавь нарын зүгээс олонтаа айлтгасны дагуу “Соёрхол талбихын адистид эх”, “Бодь сэтгэлийн суртгаал”, “Алтан овооны сан”, Онгон сумын нутгийн зон олны шүтээний “Тахилгын зан үйл”, “Төв үзлийн тааллыг машид тодруулагчийн газрын хуваарь”, “Авидармын тайлбар нирвааны мөрийг тодруулагчийн газрын хуваарь”, дээдсийн өлмий бататгах залбиралууд зэрэг олон ном Төвөд хэлнээ зохион туурвижээ.

Мөн Монголын эрдэмтэн мэргэдийн туурвисан ном зохиолуудын эш, хөтөлбөрийн дамжлагыг ачит багш Д.Цэрмаа, Г. Пүрэвдаваа, Тойн багш Түвдэн-Одвар дээдсээс хичээнгүйлэн хүртсээр ирсэн.

2020 оноос МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурханы Шашны Дээд сургуулийн өдрийн болон оройн ангийн оюутнуудад Бодь мөрийн зэргийн тайлбар хөтөлбөрийн хичээлүүдийг зааж, эдүгээ 600 гаруй шавь нарыг бэлтгэн ариун номын гэгээг арван зүгт цацруулан зохиож байна.

МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, XXIV Хамба номун хан, гавж Дэмбэрлийн Чойжамцаас буулгасан 2023 оны 09 дүгээр сарын 22-ны зарлигаар Монголын Бурханы шашны Тэргүүн, аврал итгэл, оройн дээд Очирдара X Богд гэгээн Жавзүндамба хутагт Данзанжамбалчойживанчүг ламтанд Буддын гүн ухааны номыг заан сургах чухаг үүрэгт албанд тохоон томиглогдон ажиллаж байна.

Шашныг баригч багш дээдсүүдийн өлмий өнөд батжин үйлс бүхэн нь саадгүй дэлгэрч, Их Монгол оронд шашны наран арван зүгтээ мандан бадарч, амьтан бүгд амгалан жаргаланг ашид эдлэх болтугай.

Эх сурвалж: Гандантэгчэнлин хийд

М.Оюунчимэг: Цэргийн албан хаагч удаа дараа амиа алдаж байгааг анхаарах хэрэгтэй
М.Оюунчимэг: Цэргийн албан хаагч удаа дараа амиа алдаж байгааг анхаарах хэрэгтэй
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц