Монгол хүний хамгийн сайхан зан чанар бол гэнэн итгэмтгий зан. Бас хэн нэгэнд за гэж хэлсэн бол ёогүй ард түмэн. Гэвч энэ гэнэн итгэмтгий зан чанарыг хар буруу санаалсан хүмүүс буруугаар ашиглах нь элбэг болсон. Хамгийн энгийн жишээ л гэхэд бид хэн нэгэнд сайн сайхныг хүсэж бас өөрийнхөө төлөө зөв алхам хийлээ гэж бодох авч угтаа залилангийн хохирогч болж, хуруу хумсаа хугалан байж олсон хэдэн төгрөгөө, өөрийн босгосон амьдралаа хэдхэн секундын дотор үгүй хийлгэх тохиолдол ч бишгүй бий. Магадгүй танд өөрт тань тохиолдоогүй ч ойр дотнын тань нэг хүн залилангийн хохирогч болсон байхыг үгүйсгэхгүй юм.
Хамгийн сүүлийн мэдээллээр л гэхэд 2023 он гарснаас хойш 8934 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 5.7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж.
Тэгвэл иргэд залилагчдыг ямар хүн гэж боддог вэ. Гадна дотнын уран сайхны кинон дээр гардаг мафижсан бүлэглэл, гэмт этгээдүүд байдаг гэж боддог уу. Тэгвэл энэ нь өрөөсгөл ойлголт. Магадгүй гаднын улс орнуудад мафижсан бүлэглэл мэр сэр байж болох ч манай улсын хувьд өөр. Учир нь PC тоглоомын газар сууж буй бяцхан жаалууд ч залилах гэмт хэрэг үйлдэхийг үгүйсгэхгүй. Таны болгоомжгүйгээс үүдэн орхисон цахим хаягаар нэвтэрч, ойр дотнын тань хүмүүсээс их хэмжээний мөнгө залилах ч тохиолдол гарч болох юм. Бас өөр нэгэн жишээ дурдахад хэн нэгэн ойр дотнын тань хүний нэр, зургаар хуурамч хаяг нээн танаас болон бусдаас их хэмжээний мөнгө авахыг ч үгүйсгэхгүй. Тиймээс хамгийн чухал нь та тухайн хүнийг өөрөө мөн эсэхийг нягтлаагүйгээс үүдэн энэ төрлийн залилах гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй байдаг.
Нэг үгээр хэлбэл залилагчид гэдэг нь тийм ч сүрдмээр хүмүүс биш бөгөөд бидэнтэй л адил "ЭНГИЙН” хүн. Магадгүй таны ойрын хүрээлэлд ч залилагч байж байхыг үгүйсгэхгүй ба эгэл нэгний дүр эсгэн таны үг үйлдэл, үйл хөдлөлийг ч анзаарч байж болох.
Угтаа сүүлийн жилүүдэд ЦЕГ-аас кибер гэмт хэрэгтэй болон залилангийн гэмт хэрэгтэй ихээхэн тэмцэж, ард иргэдийг залилангийн гэмт хэрэгт өртөхгүй байхад онцгойлон анхаарч, сэрэмжлүүлэх ажлыг зохион байгуулж буй. Гэвч иргэд энэхүү сэрэмжлүүлгийг төдийлөн анхаарахгүй байсаар, амар, хялбар аргаар мөнгө олохыг хүсэн эд хөрөнгө, бие махбод, сэтгэл санаагаараа ч хохирох тохиолдол гарсаар байна.
Тэгвэл сүүлийн үед ихээхэн тохиолдоод буй нэгэн жишээг энд дурдъя. Энэ бол цахим мөрийтэй тоглоомд донтогчид залилангийн хохирогч болсоор байгаа явдал юм.
Залуус нэг хэсэг онлайн тоглоомд донтож байсан бол өдгөө цахим мөрийтэй тоглоомд донтох болсон. Учир нь бага мөнгөөр их мөнгө хожих боломжийг мөрийтэй тоглоом зохион байгуулагчдын зүгээс олгох авч олон дахин давтамжтай тоглосоор байвал мөнгө хожих боломж нь улам хумигддаг. Өөрөөр хэлбэл хэсэг бүлэг этгээдүүд цахим мөрийтэй тоглоомын хаяг нээж улмаар хохирогчид итгэл төрүүлэн, зохиомол байдлыг бий болгож, эд хөрөнгө, алдар хүндээ алдахад хүргэдэг. Гэтэл энэ мэт хэргийн цаана хэн байдаг вэ. Өнөө л энгийн хүмүүс бүлэглэн, эвлэлдэн нэгдэж ижилхэн Монгол хүнийхээ амьдралыг орвонгоор нь эргүүлсэн байдаг. Бүр зарим тохиолдолд жирийн хэдэн найзууд ч нэгдэн энэ төрлийн залилах гэмт хэрэг үйлдэх ч үе гардаг байна.
Ийм ч учраас иргэд та бүхэн залилагчид боломж олгохгүй цаг үргэлж анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй байж үүсэж болзошгүй залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй. Залилагчид таны хажууд ч нуугдаж байж мэдэх юм...