Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Энэрэл: Хажидын дүрийг жүжигчин хүний хувьд өөрийгөө батлан харуулах том боломж гэж харсан

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
9 минут 52 секунд

Монгол түмний уламжлалт ахуй, эх, үрийн нандин холбоог хүйгээр холбогдсон хоёр айлын амьдралаар харуулж, кино сонирхогчдоос өндөр үнэлгээ авч чадсан “Шар гэгээ” киноны гол дүр "Хажид"-тай ярилцлаа.

"Ангир уургаа амлуулах эх болохын тавилан дутдаг юм аа гэхэд амьтны нялх үрийг эхчилэн хайрлаж, элгээ дэвтээхийн заяагүй юунд хээр хаяулав даа” хэмээн уйлах Хажид бүсгүйн дүрийг Монгол Улсын хүүхэлдэйн театрын жүжигчин Т.Энэрэл чадварлагаар бүтээж, олон хүний хайр хүндэтгэлийг хүлээгээд буй.

Түүнийг тайз, дэлгэцэнд бүтээсэн олон сайхан дүрээр нь андахгүй мэдэхээс гадна бид бүхний сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн "Хөхөө гэрлэх дөхлөө" киноны Хөхөөгийн дүрийг бүтээсэн Б.Дашдаваа агсны ач охин гэдгээр нь онцлон таних юм.

-Ярилцлагаа сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаар эхэлье. Яг одоо хаана харьяалагдаж байна вэ?

-Монгол Улсын хүүхэд залуучуудын театрт ажиллаж байгаа. Маш их баяртай байгаа. Хэсэг хугацаанд үйл ажиллагаа нь зогсож, хүмүүст хүлээлт үүсгээд байсан шинэ театрт шинэ хамт олонтойгоо хамтарч ажиллахаар болсон. Монголын театрын урлагийн шинэ түүх бичигдэж эхлэх гэж байна гэж ойлгож байгаа. Тун удахгүй хоёр жүжгээр нээлтээ хийж, хүүхэд залуучуудтайгаа уулзах гээд догдлол дүүрэн ажиллаж байна.

-Кино сонирхогчдоос "A" үнэлгээ авч, олон хүнийг уйлуулаад амжсан “ШАР ГЭГЭЭ” киноны талаар ярилцлагаа эхлүүлье. Бүтээсэн дүрийнхээ талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу?

-Хажид гэх эмэгтэйн дүрийг бүтээсэн. Үзсэн хүмүүст их хэцүү, хүнд дүр юм шиг санагдсан гэж байсан. Жүжигчин хүний хувьд бол илүү их тоглолттой, уналт босолттой байх тусмаа хүсэмжит дүр болдог. Тийм болохоор маш баяртай хүлээж авсан. Гаргахад хэцүү сэтгэл хөдлөл, үйл явдлуудыг тухайн дүр туулдаг. Үүнийг би өөрийгөө сорих боломж гэж харсан. Би яг аль түвшинд байна. Яаж хичээвэл, юу гаргаж чадах вэ гэдгээ харахыг хүссэн. Үнэхээр хийж чадаад ард нь гарах юм бол өөрийгөө батлан харуулах боломж гэж харсан. Энэ дашрамд надад итгэж энэ дүрийг өгсөн найруулагч Б.Батдэлгэртээ баярлалаа гэж хэлмээр байна.

-Дүрийн санал анх яаж ирж байв?

-"Шар гэгээ" киноны найруулагч Б.Батдэлгэр бид хоёр СУИС-ын нэг анги. Төгссөнийнхөө дараа хамт Төв аймгийн Монгол туургатан театрт ажиллаж байсан болохоор намайг маш сайн мэднэ. Тийм болохоор найруулагч маань энэ киног хийнэ гэж бодсон цагаасаа Хажидын дүр дээр намайг бодсон байх. Сүүлд сонсоход, миний нэр яригдаж эхлэхэд "Сүрэг"-тэй адилхан болчих вий гэх болгоомжлол зарим хүмүүст байсан учраас Хажидын дүрд тоглуулж болох эсэх талаар хүртэл яриа өрнөсөн гэсэн. Харин найруулагч маань өөрийнхөө бодсон дүр сонголтоосоо ухраагүй. Зүтгэсээр байгаад бүх дүрээ өөрийнхөөрөө сонгосон байсан.

-Киног үзэхэд таны бүтээсэн дүр их хүнд санагдсан. Хоёр хүүхдийн ээж хүн. Хүүхэд хүссэн ээжийн дүрийг бүтээхэд хүндрэлтэй зүйл байв уу?

-Хүнд сэдэвтэй кино учраас хүмүүст тэгж санагдаж байгаа байх. Гэхдээ уран бүтээлч хүний хувьд илүү их тоглолттой, эрээн барааныг харуулсан дүр байх тусмаа хүсэмжит дүр болчихдог. Тийм болохоор маш баяртай хүлээж авсан. Нэг талаараа өөрийгөө сорьж, яг аль түвшинд байгаагаа мэднэ. Ард нь гарч чадвал өөрийгөө батлан харуулах том боломж гэж харсан. Хажидын дүрд тоглохдоо би ээж хүн шүү дээ гэж нэг ч удаа бодоогүй. Яг л өөрийнхөө баримталдаг зарчмын дагуу тухайн дүрийг өөрөө гэж сэтгээд, хүний зовлонг би өөрөө туулж байгаа юм шиг өөртөө хүлээж авч, үнэн амьдрахыг л хичээсэн. Энэ дашрамд, надад итгэж энэ дүрийг өгсөн найруулагч Б.Батдэлгэртээ баярлалаа гэж хэлмээр байна.

-Хамтарч ажилласан уран бүтээлчдийн тухайд. Анх сонсоод яаж хүлээж авсан бэ?

-Анх Хоролгаравын дүрд Л.Жижжалам тоглоно гэдгийг сонсоод, өөрөөрөө л байчихад тэр дүр юм шиг тийм мэдрэмж төрсөн. Ямар гое сонголт вэ. Яг гоё наалдана даа гэж бодсон. Яг л миний бодсноор болсон. Э.Батнямбуу ахын хувьд бол киноны бүх дүрүүд тодорхой болчхоод байхад миний нөхөр л тодрохгүй удсан.г хэн юм бэ. Хэлчихээч дээ" гээд л найруулагчаа их зовоосон доо. Зарим хүмүүс тэр ч байж магадгүй, энэ ч байж магадгүй гэхээр нь "Тэр байвал яана аа. Энэ байвал яана аа" гээд л их л юм болсон. Яагаад ч юм нэг тийм айдас байсан. Эцэст нь Э.Батнямбуу ахыг тоглохыг сонсоод "Өө за за гээд гоё тайвширчихсан. За Н.Ялалт ахын хувьд бол тэр хүнтэй ярих юм байхгүй. Миний насан туршийн краш. Угаасаа бүр крашаа гэж дууддаг. Бид хоёр 2018 онд Алтансудал гээд кинонд эхнэр, нөхөр болж тоглож байсан. Тухайн үед би ахаараа маш их бахархаж байсан. Тэр үед чинь би жоохон байсан. Н.Ялалт ахтай эхнэр, нөхөр болж тоглоно гэдгээ сонсоод алга нойтон л очиж байсан. Тэр үед хамт ажиллаад ямар хүн бэ гэдгийг нь маш сайн мэддэг байсан болохоор Шар гэгээд хамт тоглох болсондоо маш их баяртай байсан.

-Маш олон хүнд сценийг та гаргасан. Эргээд бодоход хамгийн хэцүү нь аль хэсэг вэ?

Энэ дүрийн хувьд туулж өнгөрүүлж байгаа бүх амьдрал нь хэнд ч хүсмээргүй ситуаци л даа. Надад хамгийн хэцүү яаж тоглох бол гэдэг нь ойлгомжгүй, ийм царай, тийм биеийн хэлэмж гаргана даа гэж төлөвлөх боломжгүй сцен нь хүүхдээ алдсны дараа аав, ээж хоёр ирэхэд яг ямар царайтай угтах вэ, яг яах вэ гэдэг л маш хэцүү байсан. Яг ийм зүйл тохиолдвол хүнд ямар байх бол гэдэг ойлгомжгүй байсан учраас жүжигчний хувьд бол төлөвлөж чадаагүй. Шууд тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлийг л гаргасан. Хэрэв жоохон л нүүрний хувирал гаргачих юм бол аав ээжид нь баригдчих гээд. Зүгээр энгийн байчих гэхээр угаасаа худлаа яриад сурчихсан хүн шиг болчих гээд байгаа юм шиг маш хэцүү байсан. Тунг нь яаж тааруулах вэ гэж л их бодсон доо.

-Яагаад кино театр гаргахгүй зөвхөн IPTV-гээр гаргаж байгаа юм бол гэх хүн харагдсан?

-IPTV-д муу кино л ордог гэх ойлголтыг эвдэхийг хүссэн. Манай кино мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн. IPTV-д зориулж хийсэн гээд кино театр гаргах боломжгүй кино гэсэн үг биш. Кино багийнханд яагаад кино театрт гаргахгүй байгаа юм манайд гаргаач гэсэн саналууд ирээд байгаа харагдсан. Анхнаасаа зөвхөн IPTV-гээр гаргахаар төлөвлөсөн учраас тэр үзэл бодол дээрээ тууштай байсан гэж ойлгож байгаа. Миний бодлоор маш зөв санагдсан. Ийм сайхан бүтээлийг гэр бүлээрээ тухалж суугаад тааваараа үзэх хамгийн гоё шүү дээ. Зарим хүмүүс кино театрт гаргаагүй нь ч болж гэртээ байсан тулдаа санаа зовохгүй дураараа уйллаа гэсэн байсан. /ИНЭЭВ/

-Сүүлийн хоромыг танд үлдээе?

-Шар гэгээ киноu сайн бүтээл болсон гээд хүмүүс ам сайтай байгаа. Үнэхээр сайн жүжиглэлт, үнэхээр сайн жүжиглэсэн байна гээд л. Ихэвчлэн бид нар л яригдаж байгаа. Тиймээс би энэ киног сайн бүтээл болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан арын албаны хүмүүсээ энд онцолмоор байна. Маш олон хүн байгаа. Энэ бол та нарын гавьяа шүү. Та нартаа баярлалаа гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

“Хөгжлийн бэрхшээл судлал ба  тэгш хүртээмж 2023” эрдэм шинжилгээний хурал 12 дугаар сарын 1-нд болно
“Хөгжлийн бэрхшээл судлал ба тэгш хүртээмж 2023” эрдэм шинжилгээний хурал 12 дугаар сарын 1-нд болно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.