Яруу арт продакшныг үүсгэн байгуулагч, хөгжмийн зохиолч, дуучин Б.Санчир, My Voice шоуны шилдэг оролцогч, дуучин Г.Тэмүүжин нар “харанхуй” нийгмийн асуудлыг хөндсөн шинэ уран бүтээлээ үзэгч, сонсогчдодоо толилуулаа. Рок хөгжмийн урсгалаар бүтээсэн “Үнэн” дууны хөгжмийг Б.Санчир өөрөө зохиож, шүлгийг С.Энхтайван бичсэн юм. Бид шинэ уран бүтээлийнх нь талаар хөгжмийн зохиолч, дуучин Б.Санчиртай цөөн хором ярилцлаа.
АРД ТҮМЭН МАШ ХЭРЦГИЙ, БАЛМАД БОЛЧИХСОН МЭТ САНАГДДАГ
-Саяхан шинэ уран бүтээлээ өлгийдөн авлаа. Дуу бүтсэн түүхээсээ хуваалцаач?
-Дуу бүтсэн түүх бол, хүн бүрд тулгамдаж байгаа түгжрэл, утаанаас л үүдэлтэй. Хүүхдүүд байнга шахуу ханиад, хатгалгаагаар өвчлөөд, хүмүүс санхүү мөнгөөрөө хохироод л байна. Манай нийгэмд заавал улс төр гээд байхаас илүү ард түмэн өөрсдөө маш балмад, хэрцгий бүдүүлэг болчихсон мэт анзаарагддаг. Ихэнх нь оюуны хомсдолд орчихсон юм шиг соёлгүй, бүдүүлэг хандлагатай болчхож. Хаана ч, хэнтэй ч таарсан уурлаж, уцаарласан царай л хардаг боллоо. Сонсохын эцэсгүй аймшигтай хэрцгий хэргүүд ч гарч байна. Энэ бүхэнд л уран бүтээлч хүний хувьд эмзэглэж явдаг юм. Дуучин хүн юм болохоороо талбай дээр гарч зогсох, эсвэл фэйсбүүкээр хий дэмий орилох биш бүтээлээрээ соён гэгээрүүлэх юм сан гэх бодлоос дуу маань төрсөн.
-Дуунаас уур бухимдал, цөхрөлийн хоолой сонсогдсон. Уур бухимдлаас төрсөн бүтээл гэж ойлгож болох болов уу?
Уур бухимдал гэхээс илүү санаа зовох, эмзэглэх л асуудал байна. Бяцхан хүүхдүүдийн ирээдүйг яана даа л гэж боддог болсон шүү дээ. Дээрээс нь хүмүүс улам л өнгөнд дуртай болоод байна. Дуу урлаг хүртэл зүгээр нэг наймаа болчихсон байна. Элийрч балайрч солиороод ч хамаагүй бусдад таалагдах, хурдхан халтуураар мөнгө олдог болъё гэж боддог болчихсон. Энэ дунд яагаад рок, хүчтэй дуу байж болдоггүй юм гэж бодсон. Үйлийн үр гэж байдаг шүү гэх санааг бүтээлдээ тусгасан.
БИ ҮНЭНДЭЭ УТААНААС АЙЖ БАЙНА
-Агаарын бохирдол, түгжрэл гэх мэт асуудлууд хүүхдүүдийн ирээдүй болон, бидний олон боломжийг хааж байдаг. Та энэ талаар юу гэж боддог вэ?
-Миний хүүхдүүд өвөлжин ханиадтай байлаа. Эдгээд л сэдэрдэг. Энэ бүхний цаана ажил доголдоно, санхүү мөнгөөр хямарна гэх мэтийн асуудал тулгамддаг. Хар нялхаараа утаагаар амьсгалж өсөж байгаа хүүхдүүд том болоод ямар өвчинтэй болохыг бид мэдэхгүй шүү дээ. Энэ бол хамгийн том эрсдэл, бас айдас төрүүлсэн явдал. Тийм болохоор урлагийн хүний хувьд дуу хоолойгоо өргөж байгаа санаа нь энэ. Утаа бол үнэхээр гамшиг цаашаа. Би үнэндээ утаанаас айж байна.
-Ингэхэд дуучин Г.Тэмүүжинтэй яагаад хамтрах болов?
Тэмүүжин бол My Voice шоуны шилдэг оролцогч. Манай Яруу арт студийн дуучин. Бид хоёр нэгнээ олон жилийн өмнөөс мэддэг болсон юм. Хуурай ах дүүгийн хэмжээнд хүртлээ нөхөрлөсөн. Харизм өндөртэй, өөрийн өнгө аястай дуучин болохоор хамтдаа шинэ бүтээлийнхээ ард гарсан.
-Клип, зураг авалтдаа ач холбогдол өгсөн нь харагдлаа. Өгүүлэмжтэй зураглалууд хэд хэд байна. Энэ талаар яриач?
-Тэгэлгүй яах вэ. Мэдээж клипээ утга төгөлдөр байлгах гэж хичээсэн. Зураглаач найруулагч нь манай Анхаа гээд дүү бий. Зураглал, детал бүрийнхээ цаана далд агуулга тээх гэж зорьсон. Нэлээн бодож, тунгаасны үр дүнд бүтсэн клип гэж болно.
ХҮНД ЗОВЛОН БАГАДАХГҮЙ. ХАРИН НЭГНЭЭ ХАЙРЛАХ СЭТГЭЛ ДУТНА
-Дөрвөн минутын уран бүтээлийн цаана том багийн хөдөлмөр бий. Дуу бүтээлцсэн хүмүүстээ талархлаа илэрхийлэх үү?
-Санаагаа шингээж, дуу бүтэхэд дэмжлэг үзүүлсэн Яруу арт продакшны дүү нартаа баярлалаа. Мөн эхнэртээ талархмаар байна. Миний хийж бүтээсэн бүх зүйлийн ард тэр минь байж байдаг. Сэтгэл санаагаа нэгтгэж, зорьсон бүтээлийнхээ ард гарч чадсан уран бүтээлчдэдээ баярлалаа.
-Сонсогч, үзэгчдэдээ хандаж хэлэхийг хүссэн зүйл бий юу?
Монголчууд цөөхүүлээ шүү дээ. Тиймдээ биедээ хайрлаж, хүндэлж амьдраасай гэж хүсдэг. Хүнд зовлон багадахгүй. Харин нэгнээ хайрлаж, урмаар тэтгэх зүйл дандаа дутаж байдаг. Тийм болохоор бие биеэсээ урмын үгээ битгий харамлаарай. Бидний бүтээлийг таашааж, урам хайрлаж байгаа та бүхэндээ баярлалаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!