Н.Ганибал: Нийслэлийн намын хариуцлагыг Лу.Гантөмөр дарга бид 2 хүлээх ДҮРЭМГҮЙ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
24 минут 9 секунд

Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн асан Н.Ганибалтай ярилцлаа.

-НАМЫН ҮБХ НАМАЙГ ЭРГЭЛЗЭЭГҮЙ ДЭМЖИНЭ-

-Таныг саяхан АН-ын ЕБНД-аар баталгаажууллаа гэдэг мэдээллийг намаас тань гаргасан. Улс төрийн зөвлөлөөс гаргасан шийдвэр намын дүрмийн дагуу байсан уу, уг нь ҮБХ-оор эхэлж орох ёстой байсан юм биш үү гэдгээс яриагаа эхэлье?

-Намын Улс төрийн зөвлөл хуулийн тодорхой хэмжээний боломжуудаа авч энэ шийдвэрийг гаргасан. Яагаад гэвэл улс төрийн намын хуулиараа ЕНБД тодорхой хэмжээнд санхүүгийн итгэмжлэл авахаас авхуулаад хэд хэдэн ажлууд Улс төрийн зөвлөлөөр зайлшгүй орох ёстой байсан. Үүний хүрээнд намын УТЗ хуралдаж баталгаажуулсан гэж хэлж болно. УТЗ-өөс гаргасан шийдвэрийг намын дарга Лу.Гантөмөр ҮБХ-д танилцуулснаар ёсчлох ёстой. Намын дарга өөрөө бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаандаа ЕНБД-ын хүрээнд хамтарч ажиллах хүнээ УТЗ-өөр оруулах дүрэмтэй. Тэр дүрмээрээ л явж байгаа юм.

-Танай намын Улс төрийн зөвлөлд ЕНБД-ыг баталгаажуулах эрх нь байхгүй шүү дээ. Санал оруулаад түүнийг нь ҮБХ-оор баталгаажуулах ёстой биз дээ. Гэтэл танай намаас гаргасан мэдээлэлд эсрэгээрээ байсан учраас л маргаан дагуулж байна. Одоо тэгээд таныг намын дарга тань ҮБХ-нд танилцуулахад тэнд ямар нэгэн маргаан үүсэхгүйгээр шууд баталгаажуулах уу?

-Энд эрэмбэ дарааллын маргаан яваад байгаа юм. Дүрэмдээ эхлээд Улс төрийн зөвлөлөөр хэлэлцэж баталгаажуулаад гарсан шийдвэрийг ҮБХ-нд танилцуулдаг зарчимтай юм. Манай намын сайтад тавигдсан тэр мэдээлэл бол яг хуулийн дагуу тодорхой бичигдсэн зүйл. Нөгөө талаас Улс төрийн намын тухай хуульд нийцүүлж зарим шийдвэрүүдийг гаргасан гэж ойлгох хэрэгтэй. Бид хоёрдугаар сарын 10-ны дотор өнгөрсөн оныхоо санхүүгийн тайланг илгээх ёстой. Дээр нь намын эрх үүргийг төлөөлөх удирдлагын асуудлуудаа цэгцлэх шаардлага үүссэн учраас ЕНБД-ыг баталгаажуулах зэрэг ажлуудаа хийж байгаа гэсэн үг.

Саяхан Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулсан гэж намуудыг шүүмжлээд байсан. Угтаа намын хөтөлбөр, дүрмийн шинэчлэлийн хугацааг л хойшлуулсан болохоос бусад нь хүчин төгөлдөр хэрэгжээд явж байгаа.

-Яагаад гэнэтхэн энэ даваа гарагт хуралдаж шийдвэрүүдээ гаргах болов. Танай намын зарим гишүүд орон нутгийн томилолттой явж байна. Сиймхийгээр нь намын ЕНБД-ын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ гэдэг шүүмжлэл гарах юм биш биз. Ер нь танай намын УТЗ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж чадсан уу?

-Намын Улс төрийн зөвлөлийн гишүүдийн 70 гаруй хувь нь ирж хуралдсан. Хуралдаанаар намын мөрийн хөтөлбөр болон дүрмийн шинэчлэлийн хүрээнд ажиллах ажлын хэсгээ гаргасан. Мөн намын төсөв, санхүүгийн орлого, зарлагад хяналт тавьж ажиллах аудитораа томилсон. Монгол Улсын Ерөнхий Аудитораар ажиллаж байсан А.Зангад гуайг томилох шийдвэрийг гаргасан байгаа. УИХ-д сонгогдсон гишүүдээс ихэнх нь УТЗ-д байдаггүй. Удахгүй ҮБХ хуралдана. Түүгээр намын даргын санал орж дэмжигдэх байх. Намайг ҮБХ маргаангүйгээр хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байгаа.

-АРДЧИЛСАН НАМЫН ДҮРМИЙН 50-ААС ДЭЭШ ХУВЬД ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ-

-Нэгэнт хүлээн зөвшөөрөгдөх нь тодорхой юм байж. Тэгвэл АН-ын генсекийн хувьд намын мөрийн хөтөлбөр, дүрмийн шинэчлэл болоод дотоод асуудлуудаа хэрхэн зангидаж ажиллахаар төлөвлөж байгаа вэ?

-Бид хугацаандаа амжаагүй л болохоос Улс төрийн намын тухай хуульд нийцсэн хэд хэдэн өөрчлөлтийг дүрэмдээ оруулахаар хэлэлцэж, ажлын хэсэг хүртэл гараад явж байсан юм. Гэхдээ Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсан учраас энэ удаад өргөн хүрээнд дүрмийн өөрчлөлтөө шинэчлэл болгоё гэж ярилцсан. Ялангуяа Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд сонгуулийн шинэ тогтолцоогоор явж парламентаа бүрдүүлдэг болсон учраас цаг үеийн шаардлагаа дагаад намын дүрэмд үүнтэй холбогдох заалтуудыг оруулна. Удахгүй ажлын хэсэг төслөө боловсруулж дуусах байх. Түүний дараа төслөө улсын өнцөг булан бүрд байгаа намын гишүүддээ танилцуулж, саналыг нь авах юм. Үндсэндээ дүрмийн шинэчлэл манай намын том шинэчлэл гэсэн үг.

Намын дүрэмд 30 хувийн өөрчлөлт хийх болбол ҮБХ-оор буюу цөөхөн хүний бүрэлдэхүүнтэй өөрчлөлтийг баталж болох байсан. Гэхдээ бидний хувьд дүрмийн 50-аас дээш хувьд шинэлчлэл хийх ажлыг намын их хурлаар оруулж батална.

Дараа нь намын үзэл баримтлалаас гадна хөтөлбөр гэж гарна. Зарим улс төрийн намуудад энэ нь шинэ ойлголт болж байгаа. Өөрөөр хэлбэл намын үзэл санаагаа маш тодорхой байдлаар олон нийтэд таниулах бичиг баримт юм. Өнөөдөр бидэнд үндэсний үзэл байх юм уу үгүй юм уу, байвал яг ямар хүрээнд байх юм.

Бүр сүүлдээ манай нам дотор зарим нэг цус шинжилдэг хүмүүс хүртэл гарч ирж байна. Энэ нь зөв үү, буруу юу гэдгээ улс төрийн намын хөтөлбөр гэдэгт маш тодорхой заасан байх ёстой.

Тэр хүрээ дотроо бид улс төрөө хийдэг болно. Намын хөтөлбөрийн гол ач холбогдол нь энэ. Энийг л хэрэгжүүлж чадвал АН үзэл санаа дээрээ бодитоор нэгдсэн цул нам болж чадна. Түүнээс биш нийгэмд таалагдах гэсэн популистуудын цугларалт болчих юм бол намын бодлого, зорилтууд хэрэгжихэд хүндрэлтэй болно. Энэ утгаараа намын хөтөлбөрийг боловсруулахдаа нийгмийн хэлэлцүүлгийг хийх ёстой. Эдгээртэй холбогдуулан яригдсан зүйл нь намын ҮБХ-г наадмын өмнө хуралдуулах эсэх тухай байлаа. Мөн намын их хурлаа товлон зарлах тухай асуудлыг хөндсөн байгаа.

Энэ хавраас эхлэн нийслэл болон 21 аймгаар тойрч намын гишүүдтэйгээ уулзалт зохион байгуулна. Бид цаашид эв нэгдлээ бэхжүүлж ажиллах ёстой. Өнгөрсөн амаргүй цаг хугацаанд Ардчилсан намыг муухай харагдуулах гэж муудалцдаг, зодолддог, боловсон хүчний хувьд чадамжгүй сул байлгах гэсэн олон хар PR-ууд явсан. Үүнийг туулсны дүнд өнөөдөр УИХ-д 42 гишүүнтэй боллоо. Засгийн газарт хамтарлаа. Засагт орсон сайд нар маань эдийн засгийн өөрчлөлтүүд, мега төслүүд дээр маш их идэвх зүтгэлтэй ажиллаж байна. Цаашид энэ эв нэгдлээ хадгалж ажиллах нь чухал.

-Хариуцлага алдсан, намын эв нэгдлээ хангаж, хамгаалж чаддаггүй гишүүддээ тооцох хариуцлагын зохицуулалтыг дүрэмдээ хэрхэн тусгах вэ?

-Мэдээж, хариуцлага тооцох тухай асуудал нарийн деталь байдлаар тусгагдана. Маш олон хариуцлагын заалтууд орж ирнэ. Улс төр хийх нь өөрөө хэмжээ, хязгаартай байх ёстой. Зөвхөн хэн нэгнийг доромжлох, дайрах давшлах, санаатайгаар гүтгэх асуудлууд хэрээс хэтэрч байгаа. Үүнийг намын дүрмээр чангатгахаас гадна сонгуулийн хуульд ч мөн тусгуулах бодолтой ажиллаж байна. Учир нь нэг талаас эрх баригч нар өөрсдөдөө тоглоомын дүрмээ боловсруулж түүндээ тааруулж ажилладаг. Энэ байдал саяын УИХ болон орон нутгийн сонгуулиар маш тод илэрсэн. Тухайлбал, орон нутгийн сонгуулийг баасан гарагт явуулж, санал авах хугацааг 20:00 цагаар тасалсан нь Монголын ард түмний сонгох эрхийг шууд хязгаарласан үйлдэл болсон. Өөр ажиглагдсан нэг зүйл нь сонгогчдын ирц дээр ажилласан. Манай нам өмнөх удаагийн орон нутгийн сонгуулиудад анзаарсан бол төв суурин газраас илүү олон суудал авдаг байлаа. Энэ удаагийн сонгуульд эсрэгээрээ аймаг орон нутгийн хэмжээнд амжилтаа ахиулж чадсан ч нийслэлд чадаагүй.

Энэ мэт бохир тоглоомын заалтуудыг хамтарсан засгийн газрын үед сонгуулийн хуулиас хасах ёстой.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхдээ хоорондоо зөвшилцөж болоод байсан юм чинь иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хамгаалах үүднээс холбогдох, хууль журмуудад өөрчлөлт оруулах байх гэж найдаж байгаа.

Цаашид манай нам боловсон хүчний хувьд илүү чадавхжих ёстой. Мэдлэг оюун ухаанаа төрийн үйл хэрэгт зарцуулах хэрэгтэй. Ингэж байж бие биеийнхээ алдааг хэлж өгөх, хянах, хамтдаа засаад явах улс төрийн хүчнүүд төлөвших юм.

-НИЙСЛЭЛИЙН НАМЫН ХАРИУЦЛАГЫГ ЛУ.ГАНТӨМӨР ДАРГА БИД 2 ХҮЛЭЭХ ДҮРЭМГҮЙ-

-Орон нутгийн сонгуулийг ярьсан учраас нэг зүйлийг тодруулж асууя. Нийслэлийн Ардчилсан нам сонгуульд өмнөх суудлаа ахиулж чадаагүй. Дүрэмдээ өмнөх амжилтаа ахиулж чадаагүй бол тухайн намын удирдлага хариуцлага хүлээх ёстой. Нийслэлийн намын дарга Т.Батцогтын хувьд хүлээн зөвшөөрч тамгаа өгөхөө мэдэгдсэн. Гэхдээ намын дарга Лу.Гантөмөр, генсек Н.Ганибал хоёр бас хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдсэн байдаг. Та тухайн үед яагаад тайлбар хийгээгүй юм бэ. Сонгуулийн үр дүн, хариуцлагын асуудал хэзээ яригдах вэ?

-ҮБХ-оор намын даргыг сонгож байгаа. Тиймээс намын дарга дээр хариуцлагын асуудал яригдах зүй нь өөр.

Намын дарга Лу.Гантөмөрийг УИХ-ын сонгуулиар өмнөх амжилтаа ахиулсан гэж үзээд ҮБХ дахин итгэл хүлээлгэсэн байгаа.

Энэ хүрээнд нь ЕНБД-ын хувьд ч мөн ажил үүргээ гүйцэтгээд явж байна. Нөгөө талд Нийслэлийн намын хороо гэж бий. Нийслэлийн намын даргыг намын хороо нь сонгож баталгаажуулдаг. Тэгэхээр хариуцлагын асуудал тэнд яригдана. Аймгийнх ч мөн ялгаагүй. Орон нутгийн сонгуулиар тухайн аймгийн нам амжилтаа ахиулсан бол аймгийн засаг даргын суудлаа авна. Үгүй бол аймгийн намын хороо хуралдаж итгэл хүлээлгэх эсэхээ хэлэлцэж шийднэ. Нийслэлийн намын хороо ойрын хугацаанд хуралдах байх.

-Намын удирдлагын хувьд менежментээр хангаж ажиллаж чадаагүй гэдэг асуудал яригдаад байх шиг байгаа юм?

- Нийт дүнгээр нь авч үзвэл 21 аймгийн 330 сумаас Ардчилсан нам 154 суманд нь ялсан. Энэ амжилт мөн шүү дээ. Өмнө нь 140 гаруй суманд л амжилт үзүүлсэн байдаг. Энэ үзүүлэлтээр Ардчилсан нам улсын хэмжээнд ямар том нам бэ гэдгээ баталгаажуулж чадсан.

-ЛУ.ГАНТӨМӨР ГЭДЭГ ДАРГАТАЙ БОЛСНООС ХОЙШ МАНАЙ НАМ ЭВ НЭГДЭЛТЭЙ БОЛЖ БАЙГАА-

-Таны хувьд УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшсэн боловч сонгогдож чадаагүй. Намынхаа генсекээр яагаад ажиллах болов?

-Яагаад би намын генсекээр ажиллах болсон талаараа эхэлж яръя. Миний хувьд Ардчилсан намын үйл хэрэгт оюутан байхаасаа л оролцож, ардчиллын үзэл санааг сонгосон. Сүхбаатар аймгийн Ардчилсан намын ХЭГ-ын даргаар ажиллаж байсан. Дараа нь төв нам дээрээ намын байгуулалтын газрын дарга, ХЭГ-ын дэд дарга зэрэг ажлуудыг хийж байсан. Хэд хэдэн орон нутгийн сонгуулийн хуулиудад судалгаа хийж явсан. Ардчилсан намд ажилласан туршлага, туулсан замналаараа явж ирсэн.

Лу.Гантөмөр дарга надад намын ЕНБД хийх саналыг анх тавьсан. Миний хувьд татгалзах зүйл байгаагүй.

УИХ-ын сонгуулийн тухайд ярихад, би зүүн бүсэд нэр дэвшсэн. Тухайн үед зүүн бүсэд манай намаас 7 хүн, МАН-аас мөн 7 хүн нэр дэвшиж өрсөлдсөн. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг нэг тойрог болсон.Нэгдүгээрт, тойрог томссон. Манай аймаг болох Сүхбаатар маань хамгийн бага сонгогчтой нь байсан. Хоёрдугаарт, МАН-ын дарга, Ерөнхий сайдтай өрсөлдөх их амаргүй байсан. Тэр хүн биш байлаа гэхэд түүнийг тойрсон маш олон хүмүүс сонгуулийн компанит ажлын үеэр худал гүтгэлгүүдийг тарааж, сошиалаар харлуулах ажиллагааг хийсэн. Энэ нь ч намайг ялагдахад тодорхой хэмжээнд нөлөөлсөн байх гэж боддог.

-ХАМТАРСАН ЗАСАГТ АН-ЫН САЙД НАР ХАМГИЙН ХҮНД АЧААГ ҮҮРЧ БАЙНА-

-Танай нам УИХ-ын сонгуулийн үр дүнд парламентад 42 суудал авсан. Засгийн газарт ч хамтарчихлаа. Энэ ЗГ-ыг та хэр ажиллаж байна гэж хэлэх вэ?

- Ардчилсан нам ЗГ-т хамтрах шийдвэр гаргахад ҮБХ хуралдсан. Улс орныхоо эрх ашгийн төлөө бодлого шийдлүүдээ нэг удаа нэгтгэе л гэсэн юм. Одоо шинэ Засгийн газрын хамгийн хүндийг АН-ын гишүүд үүрээд явж байна. Нэн ялангуяа том мега төслүүдийн гэрээ хэлцлүүдийг хийхээс авхуулаад томоохон хуулийн өөрчлөлт шинэчлэл дээр нэг баг болоод ачаа үүрч байна. Миний хувьд манай намын сайд нар улс төрийн манлайллаа сайн үзүүлж байгаа гэж хэлэх байна. Нөгөөтэйгүүр хамтарсан ЗГ-ын хамгийн гол зорилт нь эдийн засгаа тэлж, нэг хүнд ноогдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх, олон жил гацсан төмөр замын хил холболт, мега төслүүдээ хөдөлгөх гээд олон ажилд АН-ын гишүүд сайн оролцож явах ёстой.

Бас нэг үр дүн нь 2025 оны төсвийг батлахад гарлаа гэж хардаг. Өөрөөр хэлбэл анх удаа парламент алдагдалгүй төсөв баталсан.

Засагт хамтарлаа гээд эрх баригчдад найр тавьж өгнө гэсэн ойлголт байхгүй гэдгийг манай намын гишүүд харуулж чадсан.

Хамтарлаа гээд ажлуудаа нууцад оруулаад бялуу хувааж идэж байгаа ч зүйл байхгүй. Эсрэгээрээ олон нийтийн хяналтад оруулж, иргэдийн санал асуулгыг авдаг байх төрийн ил, тод байдлыг гаргаж ирэхийн тулд манай гишүүд маш сайн ажиллаж чадаж байгаа.

- Намын дарга тань улс төрийн манлайлал үзүүлж чадаж байгаа юу?

-Лу.Гантөмөр гэдэг даргатай болсноос хойш манай нам их эв нэгдэлтэй болж байгаа. Хамгийн том манлайлал бол эвийг сахих. Манай дарга аливаа зүйлийг маш энгийн ойлгомжтой ярьж тайлбарладаг. Үүгээрээ улс төрийг бусад лидерүүдээс ялгаатай.

-Таны хувьд тэгж харагддаг юм байж. Нам дотроо хэр манлайлал үзүүлдэг дарга юм бэ?

-Яах вэ, чиглүүлж манлайлаад л яваа.

-САЛСАН НАМУУДАА НЭГТГЭЖ, 2028 ОНЫ СОНГУУЛЬД ЯЛЖ ҮЗҮҮЛНЭ-

-Ардчилсан намаас салж гарсан намуудаа эргэж нэгтгэх ажил өрнөж эхэлсэн тухай ярьж байсан. Ойрын хугацаанд Шинэ намтай нэгдэх тухай яриа гарлаа. УИХ-ын сонгуульд намын жагсаалтын нэр дэвшүүлэлт дээр санал зөрөлдсөнөөс болоод нэгдэх ажил хойшилсон юм билээ. Одоо бол ойлголцсон гэсэн үг үү. Хэдэн намтай нэгдэж ажиллахаар төлөвлөж байгаа вэ?

- Бид Шинэ намтай орон нутгийг сонгуульд хамтарч орсон. УИХ-ын сонгуульд хамтарч орох ажлын хэсэг байгуулагдаад түүнийг нь би ахалж байсан. Тодорхой хэмжээнд тус намын зарим гишүүд өөр намын үзэл санаанаас салж нэгдсэн учраас зарим ажлууд дээр манай намтай ойлголцоогүй юм болов уу гэж би тухайн үед бодсон. Бидний хувьд үзэл санаа нэг, цаашлаад зорилго нэгтэй намуудаа нэгтгэснээр сонгуулийн маш том боломжууд нээгдэнэ гэсэн үг. Үгүй бол нам хуваагдах тусам санал хуваагддаг хортой. Тиймээс аль аль нь үзэл баримтлал, үнэт зүйлээ тээгээд, улс орныхоо эх ашгийг тэргүүн зэрэгт тавьж хамтарч ажиллах байх л гэж бодож байна. Ингэсэн нөхцөлд бодит институц болж, 2028 оны сонгуульд Ардчилсан нам ялж үзүүлнэ.

-Таны хоёр ч удаагийн яриаг анзаарахад манай нам институц болох ёстой гэж ярилаа. Одоо АН институц биш гэсэн үг үү?

-Ер нь манай улс төрийн намууд дотор яг бодит институц болчихсон нь бараг байхгүй. Мэдээж 100 гаруй жилийн түүхтэй МАН-д бол улс төрийн соёл нэг талаараа тогтсон байх. Шууд утгаар хэлэхэд манай намаас намууд салж гарч байна гэдэг нь бодлого, үзэл санааны хувьд нэгдмэл байж чадахгүй байгаатай холбоотой байсан. Дээр нь өнгөрсөн хугацаанд боловсон хүчнийг бэлтгэх талд багагүй алдаа гаргасан байна. Цаашид улс төрийн намын томилгоонуудад мерит зарчмаар оролцдог байх алхамыг хийхэд намын мөрийн хөтөлбөр том дэм болно. Ингэж байж бид бодит институц болно гэсэн үг.

Улс төрийн намын хууль сайн талтай. Намын санхүүжилтийн 50 хувь нь сургалт судалгаа, эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх ажилд зарцуулахаар заасан байдаг. Энэ нь намын институцыг дэмжиж байгаа нэг том давуу тал гэж харж байгаа. Мөн бид эмэгтэйчүүдийг квотыг хуульд зааснаар 40 хувьд хүргэх ажлыг хийнэ. Эмэгтэй лидрүүдээ улс оронд таниулах ажлыг зайлшгүй хийх хэрэгтэй болж байгаа. Мөн сонгуулийн хуультай уялдуулж соногн шалгаруулалтаа цаашид хэрхэн явуулах уу гэдгээ тохирно гэх зэргээр олон өөрчлөлтүүдийг манай нам хийхээр төлөвлөж байна.

-2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ямар ямар хүнээ дэвшүүлэх нь одоогоор нууц байх. Гэхдээ хууль шүүхийн байгууллагатай холбогдоод байгаа танай намын зарим гишүүд МАН ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлдээд, сөрөг хүчнээс дэвших магадлалтай гэсэн хүмүүсийг шоглоод эхэллээ гэдэг зүйлийг ярих болсон. Намын генсекийн хувьд та юу гэж харж байгаа вэ?

-Манай намын лидрүүд дотор маш том боломж энэ сонгуулиар бий болж байгаа. Ялангуяа ардчиллын анхдагч болсон намын лидерүүд өмнө нь ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, гарч байсан. Энэ удаад дунд шатны кандидатууд маань хуульд заасан насны шаардлагыг хангаж байгаагаараа онцлогтой.

Хоёрдугаарт, сая шүүхийн асуудлыг хөндөж асуудлаа. Манай Н.Алтанхуяг гишүүнийг УДШ-ээс гэм буруутай гэж үзсэн нь маш харамсалтай санагдаж байна. Тухайн үеийн ЗГ-ын хамтаар гаргасан шийдвэр дээр шүүх Ерөнхий сайдыг нь буруутгаж шийдвэр гаргана гэдэг бол улс төрийн цэвэр зорилготой гэж харагдаж ойлгогдож байгаа. Ийм байдлаар явбал цаашид Монголын төрд ажиллах хүн олдохгүй. Цагаатгачхаад буцаад асуудал үүсгэдэг туйлбаргүй байдлыг УИХ шүүхийн шинэчлэлийн хүрээнд ажиллах байр гэж найдаж байна. Дээр нь ХЗДХ-ийн сайд ч мөн шүүхийн шинэчлэлд зоригтой дуу гарч, анхаарч байгаа нь сайн хэрэг. Саяхан манай намын З.Энхболд даргыг шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн. Бараг найман жил ноолж, нийгмийн сэтгэл зүйд энэ хүнийг буруутай ч юм шиг, үгүй ч юм шиг эргэлзээ дунд оруулсан шүү дээ. Энэ мэт зүйлс Ардчилсан намд маш их хортой нөлөөлж байгаа.

- Танай намын өөр нэг гишүүн Д.Цогтбаатарыг мөн УДШ-ээс анхан шатны шүүхийн шийдвэрийг нт хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Нийтийн албанд томилогдох эрхийг нь 2 жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгосон анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн. Одоо УИХ-аас эргүүлэн татах эсэх асуудал маргаан дагуулж байна. Нам дотроо энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ?

-УИХ-д маш сонин кэйс болж хувирсан. УИХ-ын сонгуульд нэр дэвших эрх нь байгаад дэвшиж, сонгогдсон. УИХ-ын гишүүн болсон хойно нь бүрэн эрхэд халдсан шийдвэрийг шүүхээс гаргасан. Үүний цаана улс төрийн шалтгаан байна л гэж хардаж байна.

Хөгжлийн банкны хэлтсийн дарга гэдэг бол шийдвэр гаргах түвшиний том даргын албан тушаал биш. Гарын үсэг зурж баталгаажуулдаг хүн нь захирал, цаашлаад зээлийн хорооны дарга гэж байдаг л байх. Гэтэл хэлтэс хариуцаж байсан хүндээ асуудлыг тохоод ял шийтгүүлнэ гэдэг бол хэрцгий үйлдэл.Гэхдээ барьж хорих биш нийтийн албанд томилогдох эрхийг нь 2 жилээр хассан байсан л зүйл юм билээ. Одоо УИХ үүнийг яаж авч хэлэлцэхээс л бүх зүйл хамаарна. Үгүй бол ҮХЦ-ээр асуудал шийдэгдэж нэг талд нь гаргах байх гэж найдаж байна.

Ярилцсанд баярлалаа

Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайд тэнгэрт хальсан тэр олон хүний араас эмгэнэл илэрхийлээд өөрөө огцорч болохгүй юу
Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайд тэнгэрт хальсан тэр олон хүний араас эмгэнэл илэрхийлээд өөрөө огцорч болохгүй юу
 
Улаанбурхан өвчний 9, 10 дахь тохиолдол илэрлээ
Улаанбурхан өвчний 9, 10 дахь тохиолдол илэрлээ
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!