Хөгжмийн зохиолч МУУГЗ С.Баатарсүх харвалт өгч, хэлж ярих чадамжаа алдсан талаар мэдээлээд буй. Улмаар түүнд туслах хандивын ажил үргэлжилж байгаа бөгөөд "Цэнхэр залаа" бүтээлийн оюуны өмчийн эрхийг ашиглаж буй МҮОНРТ туслах ёстой гэж иргэдийн зүгээс шаардсан.
Тэгвэл уг асуудалд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар "Хөгжмийн зохиолч МУУГЗ С.Баатарсүх гуайг ар гэртэй нь ярилцаж зөвшөөрсний дагуу МҮОНРТ-тэй хамтран ажилладаг Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт хэвтүүллээ. Дүү нь сахиур хийн эмчлүүлнэ. Хандивын тоглолт зохион байгуулах талаар рок поп, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо ярилцаж байгаа юм байна. Хэрэв тоглолт хийхээр болвол МҮОНРТ мэдээллийн ивээн тэтгэгч болон бусад хэлбэрээр дэмжихээ илэрхийлсэн. Сайтуудад гарсан шиг Цэнхэр залаа бүтээлийн оюуны өмчийн эрх МҮОНРТ-д биш зохиогчийн нэр дээр байгааг дуулгах байна" хэмээлээ.