Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ангар: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгож, алдагдлыг тансаг хэрэглээнд татвар нэмэх замаар нөхөх боломжтой

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 25 секунд

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох асуудлаар олон нийтийн дунд санал асуулга явуулж буй. Нөгөө талд Сангийн сайд С.Жавхлан НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувьд хүргэх ямар ч боломжгүй гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа юм.

Энэ талаар бид Эдийн засагчдын байр суурийг тодруулан хүргэж байна. Энэ удаад Эдийн засагч, судлаач Д.Ангартай ярилцлаа.

-НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгохоор иргэдээс санал авч эхэлсэн. Эдийн засагч, судлаач хүнийхээ хувьд та ямар байр суурьтай байгаа вэ?

-5 хувь болгохыг дэмжиж байгаа. Монголын иргэд, ААН-үүдэд ирж байгаа маш том дарамтуудын нэг нь НӨАТ болчихоод байна. Эдийн засгийн том гажуудлыг бий болгогч нь бас л НӨАТ. Төлсөн нь хохироод, төлөөгүй нь хождог тогтолцоог өнөөдрийн энэ НӨАТ-ын тогтолцоо бий болгоод байна. Тухайлбал, зарим жижиг ААН НӨАТ-тай авах уу, эсвэл 10 хувиа хасуулаад НӨАТ-гүй авах уу гэж асуудаг. Энэ тохиолдолд ямар ч хүн 2 хувийн буцаан олголт авахын тулд НӨАТ-тай авах сонголт хийхгүй. Тэгэхээр НӨАТ-ын систем иргэд, ААН-үүдэд маш том дарамт шахалт болохоос гадна эдийн засагт шударга бус явдлыг бий болгоод байна. Тиймээс би хувьдаа НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох асуудлыг дэмжиж байгаа. Хэрэв 5 хувь болгочихвол бүх хүн НӨАТ төлдөг болоход илүү түлхэц өгөх юм болов уу гэж тооцож байна.

-5 хувь болгосноор эдийн засагт ямар нөлөөтэй вэ. Сангийн яам сөрөг нөлөөтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Та хэрхэн харж байна вэ?

-Төсөвт орлогын дутагдал бий болох нь ойлгомжтой. Сангийн сайдын тайлбарлаж байгаагаар 5 хувь болговол 600 тэрбум орчим төгрөгийн орлогын дутагдал үүснэ гэж байна лээ. Мэдээж төсвийн орлогод дутагдал үүснэ. Гэхдээ Сангийн сайдын үүрэг бол төсвөө бүтнээр нь батлуулж, хэрэгжүүлэх юм. Гэнэт 600 тэрбум төгрөгийн орлогын дутагдал орж ирж байгааг Сангийн сайд цаад хугацааных нь ач холбогдол, давуу талыг нь харахгүйгээр шууд эсэргүүцэх нь ойлгомжтой. Тиймээс Б.Жавхлан сайдын байр суурийг ойлгож байна. Гэхдээ 600 тэрбумын дутагдлыг нөхөх боломжууд нь эдийн засагт байна. Бусад улс орны жишигийг харахаар тансаг хэрэглээний татвар гэж байна. Гэтэл Монгол байхгүй. Тэгэхээр тансаг хэрэглээнд татвар нэмэх замаар нөхөх боломжтой. Мөн хадгаламжийн хүүний татвар байгаа. Бусад улс орнуудад олж байгаа хэмжээнээсээ хамаараад 35 хувиас эхэлдэг. Өндөр ашиг олвол 60-70 хувийн татвар ч авдаг. Гэтэл өнөөдөр бүх төрлийн хадгаламж 10-хан хувийн хүүгийн татвартай байна. Тэгэхээр бага хадгаламжтай хүмүүсийнхийг хэвээр үлдээгээд, 10, 20 тэрбумын хадгаламжаас үлэмж их хэмжээний орлого олж байгаа хүмүүсийн татварыг нэмэхэд 600 тэрбум төгрөг асуудалгүй гараад ирнэ. Өчигдөр Монгол банкны нэг албан тушаалтан 19 тэрбум төгрөгийн хадгалмжтай гэсэн мэдээлэл цацагдсан байсан. Өндөр дүнтэй учраас банкууд өндөр хадгаламжийн хүү төлж байгаа. Ойролцоогоор 20 хувь гэж үзвэл, жилдээ 3.8 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олж байгаа. Гэтэл тэр хүн хүүхдийнхээ сургалтын төлбөрийг цуглуулж байгаа хүнтэй адилхан 10-хан хувийн татвар төлнө гэдэг утгагүй асуудал шүү дээ.

-Тансаг хэрэглээнд татвар ногдуулахад нь ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй юу?

-Эдийн засагт гэм, хоргүй. Үр нөлөө нь монголын нөхцөлд 5-6 мянган хүнд л очих байх. Харин НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох юм бол үр нөлөө нь 3 сая хүнд очно. УИХ-ын үйл ажиллагааны хамгийн эцсийн цэг нь ард түмний төлөө шийдвэр гаргах. Тиймээс 5 хувь болгох асуудлыг УИХ энэ удаа нааштай шийдэх ёстой гэж харж байна.

-Анх нэмэгдсэн өртгийн албан татварыг гаргаж ирэхэд гол зорилго нь юу байсан юм бол. Татвар авах нь зорилго юм уу. Далд эдийн засгийн ил болгох нь гол зорилго юм уу?

-Янз янзаар л тайлбарладаг. Яг бодит байдал дээрээ бол татвар болчихоод байна. Тийм ч учраас иргэд ААН-үүдийн нуруун дээр маш том дарамт болчихоод байна. Энэ дарамтыг л бууруулах ёстой. Төлсөн татварыг улсын хөгжлийн төлөө, иргэдийн тав тух, аюулгүй байдал, эрүүл мэнд, боловсрол гээд зөв зүйтэй зарцуулагддаг бол өндөр татвар, өндөр НӨАТ төлөхөд болохгүй зүйл байхгүй. Харамсалтай нь сүүлийн хэдэн жилийн хугацаанд төрийн зарлага гэдэг зүйл маш замбараагүй болчихлоо. Маш их үргүй зардал гаргаж байна. Тухайлбал, ногоон автобус мэтийн зүйлд зарцуулж, үрэлгэн, харалган байдлаар асуудалд хандаж байна. Харин иргэд бол хэзээ ч ногоон автобус мэтийн өөртөө ашиггүй зүйлд зарцуулахгүй. Амьдралын чанараа сайжруулахад хэрэглэнэ. Тийм ч учраас НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгохыг дэмжиж байгаа юм.

П.Сайнзориг Хотын даргын нэгдүгээр орлогчоор томилогдлоо
П.Сайнзориг Хотын даргын нэгдүгээр орлогчоор томилогдлоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.