Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сан Мартан, “Орано” группийн гүйцэтгэх захирал Никола Маас нартай өнөөдөр уулзлаа.
Бүгд Найрамдах Франц Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын гишүүн, Европын Холбоог үндэслэгчдийн нэг учир харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын чухал зорилтуудын нэг. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байгаа төдийгүй олон жил гацсан ураны төслийн гэрээнд өнөөдөр талууд гарын үсэг зурж, Монгол, Францын харилцаанд түүхэн өдөр тохиож байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэмдэглэв.
Монгол-Францын хамтарсан ураны төсөл, Хөрөнгө оруулалтын гэрээ нь хоёр оронд харилцан ашигтай байгаад зогсохгүй Монгол-Европын Холбооны төсөл юм. Хоёр орны цаашдын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой төсөл учраас баяртай байгаагаа ноён Лурон Сан Мартан онцлов. Франц Улсын уран олборлох шинэ техник технологи, ноу хау-г Монголд нутагшуулах Монгол Улсын уул уурхайн салбарт түүхэн үйл явдал тохиож, шинэ хуудас нээгдэж байгаа учир Монгол Улсын Засгийн газарт талархаж буйгаа тэрбээр илэрхийллээ.
Мөн Монгол Улсын Засгийн газраас дэд бүтэц, аж үйлдвэр, эрчим хүч, тээвэр логистик, хөдөө аж ахуй, банк санхүү зэрэг тэргүүлэх салбарт 14 реформыг хийж, хөгжлийн 14 мега төсөл хэрэгжүүлэхээр үйл ажиллагааны хөтөлбөртөө тусган ажиллаж байна. Хөгжлийн 14 мега төсөлд Монгол, Францын хамтарсан ураны төсөл болон Үндэсний хиймэл дагуулын сүлжээ байгуулах төслүүд багтсан.
Монгол Улсын Засгийн газар, “Эрдэнэс Монгол” ХХК, “Орано майнинг САС” компани хоорондын Хөрөнгө оруулалтын гэрээг Давосын Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаас өмнө байгуулж байна. Гэрээг эцэслэн тохироход хоёр тал хүчин чармайлт гаргаж, эрдэмтэн судлаачид, хөндлөнгийн төлөөллийг оролцуулж олон жил амжилттай ажилласан. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигласнаар дийлэнх үр өгөөж ард түмэнд ногдож, талуудын хүртэх ашгийг тэнцвэртэй байлгана. Хөрөнгө оруулалтын гэрээнд туссаны дагуу “Үндэсний баялгийн сан”-д хуримтлал үүсэж, байгалийн баялгийн үр өгөөжийг Монголын ард түмэн хүртэнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.
“Орано майнинг САС”-тай байгуулж буй хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол Улсын Засгийн газраас гуравдагч хөрш оронтой хийж байгаа хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ бөгөөд цаашид уул уурхай, ашигт малтмалын салбарт жишиг болохуйц гэрээ болсон. 2023 онд Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны Монгол Улсад хийсэн төрийн айлчлал, мөн онд хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хариу айлчлал нь манай хоёр орны хамтарсан төслүүдийг урагшлуулж, бодит үр дүнд хүргэж байгаад талууд харилцан санал нэгдлээ.
Хоёр орны хамтарсан дараагийн төсөл болох Үндэсний хиймэл дагуулын сүлжээ байгуулах төслийг Франц Улстай хамтран хэрэгжүүлэх Монгол Улсын байр суурь хэвээрээ. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор Францын Засгийн газартай тээвэр, хот байгуулалтын чиглэлээр хамтарч ажиллах, хөрөнгө оруулах бүрэн боломжтойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!