УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ч.Лодойсамбуу, А.Ундраа, Г.Уянгахишиг нарын дөрвөн гишүүн НӨАТ-ын 10 хувийн татварыг 5 хувь болгож бууруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьж байгааг өнөөдөр мэдээлсэн. Энэ талаар эдийн засагчдын зүгээс дараах байр суурийг илэрхийллээ.
------------------------------
НӨАТ-ЫГ 5 ХУВЬ БОЛГОН БУУРУУЛАХ НЬ УЛСЫН ТӨСӨВТ ХҮНДРЭЛ УЧРУУЛАХ ЭРСДЭЛТЭЙ
Эдийн засагч Н.ЭНХБАЯР: НӨАТ-ын хувь хэмжээг бууруулахын оронд Нийгмийн даатгалын шимтгэл, Хүн амын орлогын албан татвар, Аж ахуй нэгжийн орлогын албан татварыг буулгах нь зүйтэй. Аж ахуйн нэгжүүдийн зүгээс НӨАТ-ын 10 хувийг бууруулах сонирхолтой ч улсын төсөвт хүндрэл үүснэ. Мөн Сангийн яам эргэн хүлээн авахад бэрх. Хэрэв НӨАТ-ын 10 хувийг 5 болгож бууруулбал эргээд татварын тогтолцоондоо гар дүрж тогтворгүй болгох эрсдэлтэй.
НӨАТ-ЫН 10 ХУВИЙН ТАТВАРЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖ БУЦААН ОЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
СЭЗИС-ийн проректор, эдийн засагч, доктор С.БЯМБАХОРЛОО: НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгож болно. Гэхдээ Нэмэгдсэн өртгийн албан татвар нь угтаа бол нэмүү үнэ цэнэ гэсэн утгатай. Хоёрт, төсөв бүрдүүлэх болон хяналтын үүрэгтэй. Тодруулбал, хаана, аль циклд орлого төвлөрч байна вэ гэдгийг хянадаг татвар. Иймд 10 хувийн татварыг нь хэвээр үлдээж, иргэдэд буюу эцсийн хэрэглэгчдэд очиж буй 2 хувийн буцаан олголтыг нэмэгдүүлбэл хяналтыг сайжруулах тал нь илүү болно.
Жишээ нь 5 хувийн буцаан олголттой бол хүн бүр л худалдан авалтын баримтаа бүртгүүлж эхэлнэ шүү дээ. Харин НӨАТ-ын 10 хувийг 5 болгож бууруулбал төсөвт хүндрэл учруулна. Тиймээс 10 хувийг хэвээр нь хадгалж, эцсийн хэрэглэгчийн хувийг нэмэгдүүлэх нь зүйтэй.
Олон улсад ч манай НӨАТ-ын хувь хэмжээ өндөр биш. Тиймээс худалдааны татвар шиг 5 хувь болгож бууруулах нь тийм ч үр дүнтэй биш. АНУ-д худалдааны татвар 5 хувь байдаг. Одоо яаж НӨАТ-тай болох вэ гээд өөрсдөө толгой нь өвдөж байгаа шүү дээ. Гэтэл манайх ухрах гэж байгаа юм шиг л байна.
НӨАТ-ЫГ 5 ХУВЬ БОЛГОН БУУРУУЛАХ НЬ УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГО 2 ДАХИН БУУРАХ ЭРСДЭЛТЭЙ Ч ДАЛД ЭДИЙН ЗАСАГ ИЛ БОЛНО
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн, доктор (PhD), дэд профессор А.ЭНХБАТ: Миний хувьд НӨАТ-ыг 5 хувь болгон бууруулахыг дэмжиж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээ хоёр дахин буурч буй тохиолдолд орлого бас хоёр дахин буурна. Нөгөөталд, далд эдийн засаг буурч, ил болох боломжтой. Үндсэндээ нийт эдийн засагт далд эдийн засгийн хувь хэмжээгээр манай улс олон улсын болон статистик мэдээллээр 19 хувьтай гэгдэж байгаа ч үнэндээ 29-30 хувь, ДНБ-д эзэлж буй хувь хэмжээгээр 30 гаруй хувьтай байгаа байх гэж таамаглаж байна.
Хэрэв НӨАТ-ын хувь хэмжээг бууруулбал энэ хэмжээгээр НӨАТ төлөгч аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдэхийн хэрээр далд эдийн засаг хумигдаж ил болно гэсэн үг. Төсвийн орлого 2 дахин буурснаас илүү их хэмжээний орлого бүрдэнэ гэж ойлгож болно.
Ерөнхийдөө НӨАТ бол худалдааны татвар. Тиймээс Европын зарим улс орнуудад тухайн бараа бүтээгдэхүүнд ногдуулж буй нэмэгдсэн өртгийн албан татвар өөр өөр хэмжээтэй байдаг. Жишээ нь, хүнсний бараа бүтээгдэхүүнд НӨАТ 4 хувь байхад ердийн бараа бүтээгдэхүүн 13 хувь, илүү үнэ цэнтэй бараанд 23 хувь тооцдог. Гэтэл манай улсын хувьд талх авсан ч НӨАТ 10 хувийн татвар тооцож буй. Тиймээс иргэдийн орлоготой уялдуулан НӨАТ-ын хувь хэмжээ өөр, өөр байх ёстой болохоос биш шууд бүх барааг 5 хувь болгох нь эдийн засгийн ямар үр нөлөө байх вэ гэдгийг л тооцох ёстой. Салбар, бүтээгдэхүүний онцлогоос хамаарч НӨАТ-ын хувь хэмжээг өөр, өөр хэмжээтэй тооцож байж эдийн засгийг солонгоруулах тухай яригдана.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!