Аялалд гарсан хэн бүхэнд өнөөдрөөсөө маргаашт "шунадаг" аж. Учир нь өнөөдрийн аялал дуусаж маргаашийн аяллыг хүлээх зурваст юу намайг догдлуулж, нүдийг минь баясгаж, гайхшруулах гэх бодолдоо дийлддэг болохоор тэр байх. Харин өнөөдөр бүгдээрээ Канвон аймгийн ямар хэсгүүдээр аялах бол гэх бодол таны анхаарлыг татаж байна уу. Тэгвэл нийтлэл эхлэхээс урьтаад багахан шипи өгье. Кофены "хорхойтон" бол наашаа суугаарай.
-КАНВОН: Үзэсгэлэнт Сеороксан, алжаал тайлах халуун рашаантай The N resort, Хуансон агуй доторх бяцхан "вант улс"-
Байгалийн гоёмсог нь цөм бүрдсэн дээр зориод ирсэн хэн бүхнийг уйдаахгүй олон төрлийн аяллын маршруттай Канвон аймагт бидний аялал үргэлжилж буй. Аяллын гайхалтай мөч бүрээ мартаж болно гэж үү. БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн өмчит корпорацын "КТО Улаанбаатар" төлөөлөгчийн газраас зохион байгуулж буй бөгөөд Сөүл-Канвон чиглэлийн таван өдрийн танилцах аяллын хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн өдрүүдэд үзэсгэлэнт Сеороксан ууланд байрлах дүүжин цахилгаан шатанд сууж, алжаал тайлах халуун рашаантай The N resort-д зочилж, BTS хамтлагийн Better дууны зураг авалт болсон хэсэгтэй танилцсан. Түүнчлэн далайн эргээр зугаалж, моторт завинд суун цагийг хөгжилтэй өнгөрүүлэхийн сацуу Хуансон агуй доторх бяцхан "вант улстай" танилцсан билээ. Одоо харин ямар газрууд биднийг хүлээж байгаа бол. Аялалдаа гарцгаая.
-Том хүн болсноо түрхэн зуур март. Усан паркт уйдах завгүйгээр тоглоё-
Хүүхэд насанд хүргэж өгөх галт тэргэнд өнөөдөр сууна. Өдрийн туршид элдэв юу ч бодолгүйгээр зөвхөн тоглохыг урьтал болгоно. Энд цугласан олон мянган хүмүүс ч үүнтэй санал нэгдэх байх. Энэ бол "Ocean World" усан парк. "Ocean World" усан парк нь байгаль орчинд учруулах хор хөнөөлийг багасгадаг байгальд ээлтэй усан парк бөгөөд бүх насныхан нэгэн зэрэг тав тухтай амарч, сэтгэл хөдөлгөм зугаа цэнгэлийг эдлэх боломжтой. Усан паркад ирэхэд бидэнд усны хувцас, малгай зэрэг хувийн бэлтгэл нь хангалттай. Усан паркад байрласан олон төрлийн тоглоом зорьж ирсэн хүмүүст цагийг уйдах завдал өгөхгүйгээр хөгжөөх аж. Тоглоомоос тоглоом хооронд гүйлдсээр нэг л мэдэхэд 4 орчим цагийг усан паркт өнгөрөөсөн байлаа.
Мэдээлэл "хачирлахад", тус усан паркийн нийт хэмжээ нь 126,64 м.кв бөгөөд үүнд 43,29 м.кв дотор бүс, 25,78 м.кв экстремаль бүс, 19,284 м.кв нь долгионы усан сангийн бүс, 31,24 м.кв динамик бүс, 7,041 м.кв мега талбайтай. Энэ нь энгийн хөл бөмбөгийн талбайгаас 14 дахин том гэсэн үг. Нэг дор 23 мянган хүнийг хүлээн авах хүчин чадалтай аж.
БНСУ-д аялах хугацаанд анзаарсан зүйл нь гэр бүлээрээ аялаж зугаалж яваа дотоодын жуулчид их байдаг. Чөлөөт цагаа өнгөрөөх орчныг ихээр бүрдүүлж өгсөн байдаг нь эргээгээд гэр бүлдээ цаг заваа зориулах боломжийг олгож буй хүчин зүйл нь аж. Энэхүү бодлыг минь батлах ээлжит газар нь тус усан парк байсан юм. Аялал бол гэр бүлийн уур амьсгалыг илүү дотно, хайр дүүрэн болгодог зүйл мэт санагдах болсон.
-Кофенд "дурлагсдын" заавал зорьж ирж үзэх ёстой алдарт кофены гудамж-
Нийтлэлийн эхэнд өгсөн шипиг минь санаж байна уу. Кофенд хайртай, дуртай аялагчдын заавал зорьж ирж үзэх ёстой газар энд байна. Ганин хотын кофены гудамж. Эгнэн байршсан кофены гудамжин дахь кофе шопуудын альд ч хамаагүй суугаад намуухан хөгжим сонсонгоо өөрийн захиалсан кофегоо амталж, далай ширтэж чиллрэх боломж энэ газарт байна. Нэг тийм далд шид гэмээр зүйл ийшээ жуулчдыг ихээр татдаг аж. Харин тэрхүү далд шид нь кофе байж. Жил бүр кофены фестивал арга хэмжээнүүд хүртэл зохион байгуулагддаг гэсэн шүү.
Аяллын багт маань энэхүү газарт ирсэндээ чин сэтгэлээсээ баярлаж догдлох кофены хорхойтнууд их байлаа. Кофе шоп бүрийн тохижилт, өнгө дизайн өөр өөр. Мэдээж хэрэг өөр өөрийн гэсэн бренд амтыг ч бий болгосон нь гарцаагүй. Харин бид энэ удаад KIKRUS кофег сонгов. Зөөлөн бас чихэрлэг латте. Захиалсан кофе маань ирэв үгүй юу бид яриа өрнүүлэхээс урьтаж кофе уунгаа далай ширтэж чиллрэхээр шийдэв. Энэ ч бас төгс гэмээр зохицол аж.
Канвонд ирвэл хаачих вэ гэдэг асуултад тань аяллын нийтлэлээрээ сонирхолтой аяллын маршрут гаргахад тань тусалсан гэж найдаж байна. Канвонд ирж үзсэндээ, аялалд гарсандаа маш их баярлаж байна. Аяллаас ийм л сэтгэл ханамжийг авах нь дараагийн аялалдаа итгэл дүүрэн гарахад тус болох байх. Харин энэ сэтгэл ханамж маань ирэх оны нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд Канвон мужид болох "Канвон 2024" залуучуудын өвлийн олимпын үеэр дахин ирэх бодолд автуулж байна. Тэгвэл өвлийн олимпын үеэр Канвонд ирвэл заавал үзэх газрыг БНСУ-ын Аялал жуулчлалын ТӨК-ийн Канвон муж дахь төлөөлөгчийн газрын дарга Жэ Сан Вон ийнхүү зөвлөсөн юм.
-Жэ Сан Вон: Канвон аймаг нь уулархаг бүс нутаг учир улирал болгон нь өөр өөрийн гэсэн өнгө төрхийг аялагчдад мэдрүүлнэ-
-Канвон мужийн аялал жуулчлалын бүс нутгийн онцлогийн талаар та бидэнд мэдээлэл өгөхгүй юу?
-Канвон аймаг нь уулархаг бүс нутаг учир хавар, зун, намар, өвлийн улирал гээд улирал болгон өөр өөрийн гэсэн өнгө төрхтэй. Ялангуяа зуны улиралд ногоон байгалийн үзэсгэлэнг, намар нь моддын навчис өнгө өнгөөр шарласныг, өвөл нь цас их унадаг учир цан чаргаар гулгах зэргээр солонгос хүмүүсийн хамгийн ихээр аялаж зугаалахаар ирдэг газруудын нэг гэж хэлж болно.
-Ирэх жил буюу Канвон 2024 залуучуудын өвлийн олимпийн хугацаанд Канвон мужид ирсэн жуулчид заавал үзэх аяллын газрыг санал болгооч?
-Канвон аймаг нь Халлюү драма болон дууны клип зэрэг зураг авалтууд ихээр хийгдсэн газруудтай учир өвлийн улиралд ч тухайн газруудаар аялах боломжтой. Жишээлбэл, BTS хамтлагийн Butter дууны клипний зураг авалт болсон газрыг үзэх, цас их ордог учир цанын баазад цанаар гулгах мөн өндөр ууланд гарах боломжтой. Түүнчлэн Канвон аймагт ирвэл ЧолВоны Жүсан чолли замаар алхаж үзэхийг санал болгож байна. Мөн Каннын далайн эрэг, Хысон, Чоисоны кофе зэргийг амтлах гэх мэт тухайн нутгийн онцгой бүтээгдэхүүнүүдээр хийсэн хоол хүнсийг амталж үзээрэй гэж хэлмээр байна.