Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баярцэнгэл: Хүн бүр “ӨӨРИЙНХӨӨРӨӨ“ амьдраасай гэж хүсэж байна

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
11 минут 22 секунд

Урлаг сонирхогчид тэр дундаа амьд хөгжимд дурлагчдын хамгийн сайн мэдэх “San Juniper” хамтлагийн гишүүн, хийлч Б.Баярцэнгэлтэй сүүлийн үеийн уран бүтээл хийгээд өөрийнх нь ажиллуулж буй “Lotus coffee shop”-ых нь талаар ярилцлаа.

-Өдрийн мэнд хүргэе. Юун түрүүнд өөрийгөө танилцуулахгүй юу. Мөн одоогоор юу хийж байна?

-Сайн байна уу. Намайг Б.Баярцэнгэл гэдэг би одоо 25 настай. “San Juniper” хамтлагийн хийлч, хувьдаа бизнес эрхэлдэг, хөгжмийн продюсер хүн байна.

Одоогийн байдлаар Хөгжмийн продюсер чиглэлээрээ нэг цомог дээр ажиллаж байгаа. Мөн хувийн бизнес болох “Lotus Coffee House”-ийг ажиллуулахын зэрэгцээ хамтлагийнхаа уран бүтээл дээр анхаарч байна. Хуваариа “Joji” -гийн уран бүтээл дээр жааз хөгжим тоглодог. Ерөнхийдөө бол бүх зүйлийг сурах, туршиж үзэх хүсэл эрмэлзэлтэй залуу байна.

-Уран бүтээлчийн хувьд анх яаж хөгжимтэй холбогдож байсан бэ. Түүхээсээ хуваалцаач?

-Анх гурван настайгаасаа эхлээд хөгжмийн мэдрэмжтэй, сонсгол сайтай байсан болохоор хөгжмийн урлагт дурласан гэж хэлж болно. Тухайн үедээ дуулах, бүжиглэх, гимнастикийн тэмцээнүүдэд оролцдог, ер нь их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Харин таван настайдаа Хөгжим бүжигт хөгжмийн ангиад шалгуулснаас хойш хөгжим гэдэг зүйл ямар их мэдрэмж хийгээд хөдөлмөр шаарддаг зүйл вэ гэдгийг ойлгож, хөгжимтэй найзалж эхэлсэн.

Харин найм, есдүгээр ангиасаа эхлээд өөрөө хөгжим зохиож үзэж байсан юм. Тэгээд түүнийгээ хийлээрээ тоглож үзэх зэргээр оролдлого хийж явсаар ахлах ангиа төгссөн. Ингэж явсаар их сургуульдаа ороод одоогийн “San Juniper” хамтлагийнхаа гишүүдтэй танилцсан юм. Эдгээр залуусаас амьд хөгжим гэж юу байдаг талаар надад маш ихийг сурсан.

Тухайн үеэс эхлээд хөгжмийн мэдлэг мэдээлэлтэй болсноор анхныхаа компьютерыг аваад хуваариа бит хөгжим хийж эхэлсэн. Мэдэхгүй зүйл дээрээ найзуудаасаа туслалцаа авах зэргээр урлагийн карьераа бага багаар хөгжүүлж ирсэн. Ерөнхийдөө маш жижигхэн зүйлээс эхлэлээ тавьж хөгжмөө бий болгосон. Нэг уран бүтээлийн ард гарахын тулд олон жижиг ажилбараас авахуулаад түүнийгээ эвлүүлэх, нэгдэх зэргээр нэлээдгүй хөдөлмөр ордог. Тиймээс нэг жижиг хэсэг бүтээх бүрд тэрнээсээ асар том кайф аваад, цааш хийх урам зоригоо бий болгодог. Нэг ёсондоо нэг уран бүтээл олон жижиг хэсгээс бүрдэн, нэг бүтээлийн үр дүн гарж ирэх юм.

-“San Juniper” хамтлагийн гишүүдтэйгээ танилцсанаасаа хойш анхны уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэх ямар байсан бэ. Тухайн үед ямар сэтгэгдэл төрж байв?

-Хамтлагийн гишүүдтэйгээ нэг анги байсан болохоор бид сургууль дээрээ орой болгон бэлтгэл хийдэг байсан гэхэд болно. Анх хамтлагийнхантайгаа танилцаагүй байхад бүх гишүүд маань хөгжмийн өөр өөр урсгалтай, өөр өөрийн хэв маягтай хүмүүс байсан. Жишээ нь рок, поп гэх мэтчилэн.

Гэтэл нэг өдөр сургуульдаа бэлтгэлээ хийгээд байж байхад манай дуучин Тэгшээ надад санал тавьсан. Тэр нь “Бид хэд Гэрэлт гудамжинд тоглолт хийдэг юм аа. Тэр тоглолт дээр чи бид нартай хамт тогловол гоё юм болно” гэхэд нь яг тэг өдрөө очоод хамт тоглолт хийсэн. Энэ нь миний хувьд хамгийн анхны тоглолт байсан учраас их таатай хүлээж авсан.

Тухайн үедээ гэрэлт гудамж бүх хүмүүст нээлттэй байдаг байсан болохоор үзэгчид ч цөөнгүй, биднийг дэмжиж эхэлсэн. Үзэгчид манш дотноор хүлээн авч, тоглолтыг минь дуусан дуустал дэмжиж байсанд үнэхээр сэтгэл хөдөлсөн.

Ерөнхийдөө яг энэ үеэс хийлтэй хамтлаг бусдаас өөр онцгой байж болох юм байна, цаашдаа явбал амжилтад хүрнэ гэдэг итгэл үнэмшлийг аваад одоог хүртэл явсан байна

-Хамтлагаараа нийтдээ хэдэн уран бүтээл гаргасан байна вэ. Хуваариа уран бүтээл гаргасан уу. Бүтээлүүд нь хэр олны хүртээл болсон байна вэ?

-Хамтлагаараа нийтдээ 12 бүтээл гаргасан байна. Тун удахгүй цацагдаагүй бүтээлүүдээ олны хүртээл болгох гээд ажиллаж байна. Мөн цаашдаа төвлөсөн зүйлүүд бас байна. Харин ганцаарчилсан болон хамтарсан уран бүтээлийн хувьд дуучин Маралжингоо, Укатай хамтарсан уран бүтээл, Voice Mongolia”-н Болд team гэх мэтчилэн олны танил хүмүүстэй хамран уран бүтээл хүргэж байсан.

Гаргасан уран бүтээлүүдийн хувьд тууштай дөрөв, таван жил явсны эцэс хүмүүс таньдаг болсон гэж хэлж болно. Яахав танихгүй ч хүн байна. Олонд танигдсан уран бүтээл гэвэл хамтлагаараа дуулсан “Өөрийнхөөрөө” гэдэг дуунаас эхлээд ганцаарчилсан сонгодог аяс ч бий.

-Өөрийн хувийн бизнес болох “Lotus coffee shop”-ынхоо талаар үзэгчдэдээ танилцуулаач?

-Энэ бизнес маань үнэхээр хөгжилтэй түүхтэй гэж хэлж болно. Анх би “coffee shop”-т суух дуртай, чөлөөт цагаараа, хичээлээ хийх зэрэг бүхий л хугацаанд байнга "coffee shop"-т сууж байдаг тийм л хүүхэд байсан. Ерөнхийдөө нэг таалагдсан газраа байнга ордог болохоор тэр газраасаа их санаа авдаг. Нэг ёсондоо үнэр, хүмүүс хоорондын харилцан яриа, харилцаж байгаа байдал гэх мэтчилэн. Жишээ нь, хосуудын хоорондын болзоо, ажлын ярилцлага, найзуудын инээд гээд бүх зүйлээс өөртөө энерги, эрч хүч аваад “Coffee shop”-оо анх бий болгосон. Өөрөө ч "Coffee shop" нээе гэсэн бодолтой явсан.

Харин "Coffee shop"-оо нээсэн түүхээсээ дурсвал, Би арван жилдээ найз охинтойгоо танилцсан юм. Тухай үедээ найз охины минь ах, эгч хоёр “Coffee shop” ажиллуулдаг байсан бөгөөд энэ бизнесээ надаа өвлүүлсэн гэж хэлж болно. Би ч өөрөө ажиллуулах хүсэлтэй байсан болохоор ах эгчээсээ хүсэлтээ тавиад энэхүү бизнесээ хүлээн авч байсан. Харин ах, эгч хоёр Солонгос улсад “Food house гээд үйлдвэр нээгээд, тэр үйлдвэртээ илүү анхаарал тавьж ажиллаж байгаа.

Манай “Coffee shop” тасралтгүй гурваас дээш жил үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна өглөөний цай болох sandwich нь үнэхээр алдартай. Хүмүүс ч үйлчлүүлэх толондоо байнга авч хэрэглэдэг гэхэд буруудахгүй. Мөн манай “coffee shop” Улаанбаатар дахь хамгийн эрт онгойдог гэдгээрээ бусад coffee shop-оос онцлог. Амт чанарын хувьд үнэхээр гоё шүү гэж хэлнэ.

-Өмнө нь хэлсэнчлэн шинэ зүйлийг сурах, хийх сонирхолтой гэж хэлсэн. Тэгвэл таны цаашдын зорилго, төлөвлөж байгаа зүйл юу байна вэ?

-Миний хавьд маш олон зүйл дээр өөрийгөө сорихыг хүсдэг. Бас хүмүүстэй чөлөөтэй харилцах, тэд нараас суралцах, хоорондоо үзэл бодлоо солилцох зэрэг олон нийтийн үйл ажиллагаанд оролцох дуртай нэгэн. Тийм ч учраас өөрийгөө хөгжүүлэх арга хэмжээнд идэвхтэй хамрагддаг. Мөн улс төрд, нийгэмдээ дуу хоолойгоо өргөх, нийгэмд сайн сайхан зүйлийг нэвтрүүлэхийг хүсдэг. Энэ чиглэлээр суралцах бодол байгаа. Мэдээж нийгэм гэдэг зүйл харилцаан дээр тулгуурлаж бий болдог учраас өөрийн хүрээллээ тэлж, олон залуустай ярилцаж, олон сэдвийн талаар мэдлэг мэдээлэлтэй болохыг хүсдэг.

Цаашдаа ч олон нийтийн чиглэлээр харилцах бодолтой байгаа. Үүнийхээ хажуугаар мэдээж өөрийн урлагийн карьераа орхихгүй бүр л том зүйлд хүрэхийн төлөө хичээх болно. Мөн хувийн бизнесээ олон салбартай болгох, өглөө эрт онгойдог олон салбартай болгоно гэсэн хэтийн зорилго байгаа.

-Өдийг хүртэл танд шантармаар, явсан замаасаа буцмаар санагдаж байсан үе байв уу. Хэрэв байгаа бол тэр үедээ та өөртөө юу гэж хэлж байсан бэ?

-Тэгэлгүй яах вэ. Амьдралд маш олон даваа байдаг. Энэ дунд асар их зүйл өрнөдөг болохоор сэтгэл зүй, мөнгө санхүү, харилцаа гээд олон таагүй зүйл тохиолддог. Миний хувьд хамгийн их шантарч байсан үе гэвэл өсвөр насны үе хамгийн хүнд цаг хугацаа байсан.

Тухайн үедээ надад хөгжмөө орхих бодол ч төрж байсан. Учир нь хамгийн дотны хүн маань өөр чиглэлээр явсан учраас тиймэрхүү бодлууд маш их орж ирсэн. Үүнийг би өсвөр настай холбоотой гэж боддог. Ерөнхийдөө би өөдрөг үзэлтэй хүн болохоор гутарсан үе маань цөөхөн юм байна. Мэдээж миний бодсоноор бүх зүйл бүтэхгүй болохоор үүнийг залруулах, сайжруулах аргаа олох нь чухал.

-Залуу үедээ юу гэж хэлмээр байна вэ?

-Залуучууддаа хандаж хэлэхэд хувь хүн бүр "ӨӨРИЙНХӨӨРӨӨ", хүссэнээрээ л амьдраасай гэж хүсэж байна. Ямар нэг амжилттай яваа хүний араас явах, эсвэл заавал амжилт бүтээлээр дүүрэн явах, өдөр болгон хичээх ёстой гэдэг үгийг өөртөө хэлж хүчлэлгүйгээр, зүгээр л өөрийнхөө хүссэн зүйлээ хийж амьдрах нь эцсийн үр дүн. Эцэст нь би аз жаргалтай амьдарсан юм байна гэх бодлыг өөртөө дуулгах нь чухал шүү. Бас залуучууддаа унах үедээ өөдрөг байгаарай. Чадахгүй байна гээд больж болох шүү, хэзээ ч битгий бууж өгөөрэй гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Н.Туул

АТГ: “DAEWOO” корпорацийн холбогдох хүмүүсийг шалгаж, тус улсын ЭСЯ-нд мэдэгдэн мэдүүлэг авах ажиллагаа явуулж байна
АТГ: “DAEWOO” корпорацийн холбогдох хүмүүсийг шалгаж, тус улсын ЭСЯ-нд мэдэгдэн мэдүүлэг авах ажиллагаа явуулж байна
 
Татварын орлогын 80 хувийг шинэ Зуунмод хотод, 20 хувийг нийслэл авна
Татварын орлогын 80 хувийг шинэ Зуунмод хотод, 20 хувийг нийслэл авна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.