Нийтийн тээвэрт парк шинэчлэх хийхээр НЗДТГ-аас автобус захиалсан. Тус ажлыг гүйцэтгэхээр "Тэнүүн Огоо" ХХК шалгарсан байдаг. Гэвч тус компанийн нийлүүлсэн автобусууд нь шаардлага хангахгүй байгаа тул Улаанбаатарт ирээд байгаа 100 ширхэг ногоон автобусыг хүлээж авахгүй гэдгээ НЗДТГ-аас мэдээллээ.
Тодруулбал "Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт 14 жил парк шинэчлэл хийгээгүй. 2021 оны байдлаар үйлчилгээнд явж байсан 970 гаруй автобусны 532 нь ашиглалтын хугацаа дууссан, сүүлийн нэг жилийн хугацаанд 17 автобус шатсан зэрэг эрсдэлтэй нөхцөл байдал нь өдөр тутамд нийтийн тээврээр зорчиж байгаа 700,000 иргэний амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй байсан тул автобусны парк шинэчлэл хийх ажлыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар шуурхай зохион байгуулсан.
Улсын төсвөөс эрх шилжүүлсэн худалдан авах ажиллагаанд нийт долоон компани санал ирүүлснээс хамгийн хямд, багцын үнэ санал болгосон “Тэнүүн-Огоо” ХХК гүйцэтгэгчээр шалгарсан байдаг. Гүйцэтгэлийн гэрээний дагуу 2023 онд нийт шинэ 810 автобус нийлүүлэх, тухайн автобуснууд нь стандартын шаардлага хангасан байхыг тусгасан. Одоогоор гэрээний дагуу 100 автобус Улаанбаатар хотод ирсэн байгаа бөгөөд эдгээр автобуснууд стандартын шаардлага хангахгүй, гэрээнд заасан нөхцөлийг зөрчиж байгаа тул хүлээн авах боломжгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Тиймээс тус автобуснуудыг буцааж, шаардлага нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэхийг “Тэнүүн-Огоо” ХХК-аас шаардах болно. Мөн худалдан авах ажиллагаанд оролцсон албан тушаалтнуудыг шалгаж, буруутай үйлдэл байвал хариуцлага тооцохоо албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.