Дөрвөн жилд нэг удаа болдог Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын XXI их хурал есдүгээр сарын 20 буюу маргааш болно. Тус хурлаар МҮХАҮТ шинэ Ерөнхийлөгчөө тодруулах билээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн материалыг өчигдөр хүлээн авч дууссан бөгөөд 13 хүн нэр дэвших хүсэлтээ өгчээ. Мөн УЗ-д 99 компани хүсэлтээ хүлээлгэн өгсөн байна.
Одоогийн байдлаар Ерөнхийлөгчид нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдсэн есөн хүн бий. Тэгвэл нэр дэвшигчдийн талаар мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
-Скайтел группийн гүйцэтгэх захирал асан Д.Болор-
Скайтел группийн гүйцэтгэх захирал Д.Болор. Тэрбээр холбооны инженер мэргэжилтэй бөгөөд холбооны яамны Телефон Радио Ашиглалтын Хороонд Инженер, Албаны ерөнхий инженерээр ажлын гараагаа эхлүүлжээ. Улмаар Монголын Цахилгаан Холбооны инженер, Ньютел, Мобиком, Скайтел компаний гүйцэтгэх захирлаар ажиллаж, менежментийн Сургалт Зөвлөх үйлчилгээний Эн Си Эс, ухаалаг технологийн Смарт Дийл /SmartStore/ компаниудыг үүсгэн байгуулж, удирдан ажиллаж байна. Д.Болор нь Мобиком группд ажиллаж байгаад Скайтел групп буюу өрсөлдөгч компанидаа албан тушаалд очсон нь бизнесийн хувьд ёс зүйгүй үйлдэл гаргасан хэмээн хэл аманд өртөж явсан нэгэн. Туршлагаараа харилцаа холбооны салбарт 40 гаруй жил ажилласан түүнийг өнгөрөгч хоёрдугаар сард "Монгол Улсын Гавьяат холбоочин” цолоор шагнасан байдаг.
-Коёотэ ХХК-ийн захирал Д.Бямбасайхан-
Коёотэ ХХК-ийн захирал Д.Бямбасайхан. Тэрбээр бизнесийн салбарт Коёотэ ХХК-г удирдахаас гадна Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг. Д.Бямбасайхан нь өнгөрсөн хугацаанд МҮХҮАТ-ын үйл ажиллагаа, уулзалт, ярилцлагад идэвхтэй оролцож ирсэн нь Ерөнхийлөгчид өрсөлдөх бодол эртнээс тээж ирсний илрэл хэмээн харах хүмүүс ч байдаг.
-“Улаанбаатар үнэт цаасны бирж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга-
“Улаанбаатар үнэт цаасны бирж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга. Түүний хувьд хөрөнгийн зах зээл, бизнес хөгжил, төслийн удирдлага, маркетинг, худалдаа, олон нийтийн харилцаа, хүний нөөц, байгууллагын удирдлагын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай нэгэн.
Тэрбээр нэр дэвших талаараа "Хувийн хэвшлийн орчинд шинэ үе гарч ирж байгааг Та бид бүгдээрээ харж байгаа, мэдэрч байгаа. Монгол Улсын хувийн хэвшлийн анхдагч компаниуд одооноос бизнесийн дараагийн үеийг бэлтгэж 2 дах үе ихэнх компаниудад гүйцэтгэх захирал, удирдлагын ажил эрхэлж эхлээд байгаа. Шинээр олон Старт-Ап компаниудыг залуучууд байгуулж байна. Нөгөө талаас улс төрийн намууд, төрийн бүтэц зохион байгуулалт ч шинэчлэгдэж, шинэ үе орж ирж байна. Тиймээс хувийн хэвшлийн хамгийн Ууган олон нийтийн байгууллага болох Танхим ч гэсэн шинэ үетэй нэг хэлээр, нэг соёлоор, нэг түвшинд харилцах, ойлголцох хэрэгтэй гэж харж байна” хэмээн байр сууриа илэрхийсэн.
-"Алтан Дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ганболд-
"Алтан Дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ганболд. Тэрбээр УИС, Хамбург хотын Маркетинг Менежемент Академи, СЭЗДС-ийг дүүргэсэн. 2011 оноос “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн Ерөнхий захирал, ТУЗ-ийн даргаар ажиллах болсон билээ. Түүнчлэн 2020 онд УИХ-д бие дааж нэр дэвшээд 33 хувийн санал авч ялагдал хүлээж байв. Д.Ганболдыг бизнесийн тухайд сайшаах хүмүүс байдаг ч өнгөрсөн хугацаанд гэр бүл салалттай холбоотойгоор олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлд хүртэж ирсэн нэгэн. Тодруулбал, тэрбээр одоог хүртэл эхнэр Г.Янжингаажидтай шүүхдэлцэж байгаа бөгөөд түүний эхнэрийнх нь зүгээс өнгөрөгч наймдугаар сард болсон шүүх хуралтай холбоотойгоор "Тордай овогтой Ганболд 2021 оны 7 сард миний нэр дээр байсан, миний машиныг нотариаттай хамсан хулгайлснаас хойш 21 сарын дараа энэ хэргийн анхны шүүх хурал өнөөдөр л болох байсан ч гэмт хэрэгтнүүдийн хүсэлтээр хойшиллоо" хэмээн мэдэгдэж байсан.
-МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн-
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн. Түүний хувьд UFC группийн хүнсний үйлдвэрлэл хариуцсан дэд захирлын албыг хашиж байсан нэгэн бөгөөд 2019 онд МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирлаар томилогдсон билээ. Тэрбээр удирдах зөвлөлийн гишүүд 32:31 саналаар дэмжигдэж байв.
-Эдийн засагч Б.Лакшми-
Эдийн засагч Б.Лакшми. Түүнийг нэр дэвшигчдийн дундаас хамгийн боломжтой хэмээн олон нийт харж буй. Тэрбээр Орос-Монголын хамтарсан 3-р сургууль, ХБНГУ-ын Берлин хотын Эдийн засаг, тенхикийн дээд сургуулийн магистр, Дрезден хотын Эдийн засаг, Техникийн дээд сургуулийн бакалавр, ХБНГУ-ын Форст хотын мэргэжлийн боловсролын сургуулийн эдийн засгийн шинжээч мэргэжлийг тус тус дүүргэсэн. Сургууль төгссөнөөсөө хойш “Мигма” ХХК-д маркетингийн менежер, “Наран Моторс” ХХК-ийн захирал, сүүлийн 10 орчим жил Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадвар судалгааны төвийн Ерөнхий захирлаар ажиллаж байна.
-ШАРК Д.Энхтүвшин-
Олон нийтэд "Шарк Танк" нэвтрүүлгийн шаркаар ажилласнаасаа хойш нэлээдгүй танигдсан "MCS" группийн дэд ерөнхийлөгч асан Д.Энхтүвшин өнөөдөр өглөө Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдсэн билээ. Тэрбээр 1997 оноос хойш "MCS" группд ажилласан бөгөөд өнгөрсөн жил ажлаа хүлээлгэн өгсөн байдаг.
Энэ талаараа "Статистикаар эдийн засаг жил бүр өсөлттэй гардаг ч ихэнхи бизнес эрхлэгчид цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд үйл ажиллагаагаа явуулж, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоо сүүлийн 10 жилд буурсан үр дүнтэй байна. Нөгөө талаас төсөв, төрийн өмчийн хэмжээ улам нэмэгдэж, тэдгээрийн зүй бус ашиглалтын маргаан тасрахаа болилоо.
Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд МҮХАҮТ-ын үйл ажиллагааг улам сайжруулан, төртэй бүтээлч хамтын ажиллагааг бий болгох замаар хувь нэмрээ оруулах боломж байна гэж бодон нэрээ дэвшүүлж байна. Энэ байгууллагыг улс төр болон хувийн жижиг эрх ашгуудаас ангид байлгах нь их чухал санагддаг.
2022 оны эхэнд М-Си-Эс групп-с гарснаасаа хойш хуримтлуулсан мэдлэг, туршлагаа бусад жижиг, дунд компани, стартап-уудтай хуваалцаж, хөгжлийн дараагийн үе шатанд гарахад туслахыг зорин ажиллаж байна. Жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хувьд, орон нутгийн бизнесийн орчны хувьд сайжруулах боломж, орон зайнууд асар их харагдаж байна.
Танхимын үйл ажиллагааг яаж сайжруулах талаар та бүхэн бас санал бодлоо хуваалцаарай.
Хөдөлмөрлөсөн нь хөлжиж болдог нийгмийг хамтдаа бий болгож, олуулаа баяжмаар байна" хэмээн мэдэгдсэн.
-Монголбрэнд холбооны тэргүүн Ш.ОТГОН-ӨЛЗИЙ-
Монголбрэнд холбооны тэргүүн Шагдарсүрэнгийн ОТГОН-ӨЛЗИЙ. Тэрбээр Програм хангамжийн инженер, Олон нийтийн бодлогын магистр. Түүний хувьд 2016 оны 11 сараас 2018 оны 2 сар хүртэл Ардчилсан Залуучуудын Холбооны Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байснаас гадна 2015-2017 онуудад Монгоын сайтын холбооны хяналтын зөвлөлийн дэд даргаар ажиллаж байсан. Одоогоор Монголбрэнд холбооны тэргүүнээс гадна Мэргэжлийн боловсролыг дэмжих сангийн тэргүүнээр ажилладаг.
-ЭМ ТИ ЭМ СИТИ ИНЖЕНЕРИНГ ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Мөнхсайхан-
ЭМ ТИ ЭМ СИТИ ИНЖЕНЕРИНГ ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Мөнхсайхан. Түүний хувьд ХААИС-ийг ХАА-н гаралтай бүтээгдэхүүний чанар эрүүл ахуйн шинжээч, МУИС-ийг Бизнесийн удирдлагын магистраар дүүргэсэн. 2017 оноос хойш ЭМ ТИ ЭМ СИТИ ИНЖЕНЕРИНГ ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байгаа. Ш.Мөнхсайхан нь Монголын залуучуудын холбооны Удирдлагын зөвлөлийн гишүүнээр ажиллаж буй.