Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Ундрахбаяр: Ерөнхий сайдын зарласан бодлого хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шийдвэр гаргах түвшинд оролцуулахад нэг шат ахиулна

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
19 минут 54 секунд

Өнгөрөгч хаврын чуулганаар хийсэн тогтолцооны өөрчлөлтүүдээр бид ирэх оны сонгуулиар 126 гишүүнийг парламентад сонгохоор болсон. Үүний 78-ийг нь тойргоос, 48-ыг жагсаалтаар сонгох юм. Тэгвэл 10 гаруй хоногийн өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаана гэдгээ мэдэгдэж, бусад намуудад ч уриалсан. Эл бодлогоо мэдэгдсэн даруйд жагсаалтын эхний тавд багтах тэр хүн нь хэн байх вэ гэдэг асуулт МАН төдийгүй улс төрийн хүрээнийхэн дунд анхаарал татаж байна. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болж, Ерөнхий сайдад хамгийн ойроос зөвлөж буй Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ундрахбаяртай ярилцлаа.

-2021 онд Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдсоноос хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд Ерөнхий сайдтай хэр баг болж ажиллав гэдгээс яриагаа эхлүүлье?

-Ерөнхий сайдын зөвлөх нь дотроо үндсэн болон орон тооны бус гэсэн хоёр янзаар явдаг. Орон тооны зөвлөхөөр ажиллана гэдэг Ерөнхий сайдтай ойр ажиллах тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөллийн хувиар бодлого тал дээр зөвлөх боломж. Гэхдээ Ерөнхий сайд намайг анх ажилд орж байхад “Та хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зөвлөх биш. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хувиар ажиллаж буй зөвлөх шүү. Нөгөө талдаа Засгийн газарт хөгжлийн бэрхшээлтэй хүний бодлого гэж тухайлсан зүйл байлгахыг хүсэхгүй байна. Хүнд чиглэж байгаа бодлого үйл ажиллагаа дотор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал орхигдохгүй байх ёстой. Таны ажиллах үүрэг ч ийм” гэж хэлж байсан. Тэр нь ч надад зөв, оновчтой юм шиг санагдаж байсан. Нээрээ л улс орны бүх л тогтолцоонд хөгжлийн бэрхшээлтэй хүний гэж онцлон хийхээс илүүтэйгээр хүнд чиглэж байгаа бодлого бүрт бид оролцох л ёстой. Хүний хувиар.

Нөгөө талдаа өдөр тутамдаа Ерөнхий сайдын хажууд очиж суугаад зөвлөдөг гэхээс илүүтэйгээр Засгийн газраас гарах гэж байгаа бодлого шийдвэр дээр анхааруулах, сануулах байдлаар ханддаг. Анхааруулж, сануулах зүйл маань тодорхой судалгаатай, суурьтай байх ёстой. Сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаад байж болохгүй. Нөгөө талдаа хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал зөвхөн ХНХЯ-ны асуудал биш. Бүх л яамд, бүх л газрын асуудал байх ёстой. Өөрөөр хэлбэл, би бодлого гаргадаг хүн биш. Гарч буй бүх бодлого үйл ажиллагаанд анхааруулж сануулах талаас нь ажиллаж байгаа.

-Та иргэний нийгмийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай. Харин төрд ороод ажиллаад явахад ямар байна. Басхүү бодлогын түвшинд ажиллахад давуу тал байв уу?

-Миний өмнөх ажлын ихэнх туршлага маань иргэний нийгмийн салбар. Надад төрд ажилласан туршлага байгаагүй. Энэхүү ажлыг хүлээж авахаасаа өмнө маш олон иргэний нийгмийн байгуулагуудтай санал зөвшилцсөн. Бодсон санасан шиг биш байх явдал их байдаг. Төр босоо тогтолцоотой. Энэ мэтээс авхуулаад миний хувьд дасан зохицох, ойлгож мэдрэх хугацаа хэрэгтэй гэж бодсон. Нөгөө талдаа би их хялбараар хардаг байсан юм билээ. Иргэний нийгмийн байгууллага бол алдаа оноог түрүүлж харж, түүнийг сануулж байдаг бол төрд ажиллаж эхлэхэд би түүнийг бодлого болгож ярих байр сууринаас хандана шүү дээ. Тэгэхээр хялбараар харж байсан зүйл маань тодорхой хэмжээний цаг хугацаа шаарддаг, түүнийг ул суурьтай судлах, тооцоолох гээд амаргүй гэдгийг өөрийн биеэр ойлгож байсан. Нөгөө талдаа давуу боломж их байсан. Нэгдүгээрт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой гарч буй бодлого шийдвэрийн тусгалыг амьдрал дээр мэдрэх хүн нь бид өөрсдөө. Иргэнийхээ хувиар ч мэдэрнэ. Энэ утгаараа шууд анхааруулж, сануулах боломж байна гэсэн үг шүү дээ. Аль аль талтай юм даа.

-Та зөвлөхөөр ажиллахаасаа өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй төрийн бус байгууллагын шугамаар илүү ойроос тулж ажилладаг байсан шүү дээ. Тэгвэл төрд ажиллах болсноос хойш хүмүүс Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ундрахбаярын хувиар өөрт тань хэр их хандаж, санал хүсэлтээ хэлж байх юм?

-Энэ бол маш том ажил байдаг юм байна. Ерөнхий сайдын ажлын албанд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллаж буй анхны ч тохиолдол байх. Гэхдээ өмнө хэлсэнчлэн би зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг хариуцаагүй. Нийгмийн бодлого гэдэг утгаараа их өргөн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс гадна өөр нийгмийн бүлгүүдтэй ажиллана. Ахмад настан, залуучууд, хүүхдийн асуудал гэх мэт. Ерөнхий сайдын ажлын албанд хамгийн их ирдэг зүйл бол өргөдөл гомдол, санал хүсэлт байдаг. Үүнд бид өөр өөрсдийн хариуцсан салбараараа оролцох ёстой. Өдөр тутмын үйл ажиллагааны ихэнх нь өргөдөл, санал хүсэлттэй танилцаж, түүнийг шийдвэрлэх чиглэлд бусадтай уулзаж ярилцах, хариуцах албан тушаалтнуудтай нь холбож өгөх зэргээр ажилладаг. Мэдээж хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань ч ханддаг. Ялангуяа иргэний нийгмийн салбарт ажиллаж байсан хүний хувиар тухайн байгууллагуудтайгаа холбоотой байж тулгарч буй асуудлыг нь мэдэрнэ. Энэ бол үндсэн ажлын нэг.

-Ерөнхий сайдын зарласан бодлого нь энэ цаг үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодитойгоор хангах, тэднийг шийдвэр гаргах түвшинд шууд оролцуулахад нэг шат ахиулж байгаа бодлого-

-Ерөнхий сайдын намын жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг оруулна хэмээн зарласан нь олны анхаарлыг татаж байгаа. Та Ерөнхий сайдын зөвлөхийн хувьд энэ бодлогод ямар байр сууринаас хандаж байна?

-Сүүлийн өдрүүдэд Ерөнхий сайдын бодлогын шинэчлэлүүд ялангуяа УИХ-ын нэр дэвшилттэй холбоотой асуудлууд ч нийгэмд анхаарал татаж байх шиг байна. НҮБ-аас 2006 онд баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний конвенцид улс орнууд нэгдэн орж, тухайн баримт бичиг нь энэ салбар дахь суурь бодлого болсон. Үүнд элссэн улс орон бүр хууль эрх зүйн бодлого үйл ажиллагаагаа тухайн конвенцид нийцүүлэх ёстой. Монгол Улс тухайн конвенцид 2009 онд нэгдсэн.

УИХ-ын сонгуулийн намын жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг багтаана гэж зарлалаа. Энэ бол дэлхий нийтэд байдаг зүйл. Гэхдээ тогтмол байхад оновчгүй зүйл гэж үздэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хэт "тухайлах" нь алсдаа ялгаварлалын суурийг тавьдаг. Гэхдээ нөгөө талдаа тухайн улс орны онцлог, нийгэм, эдийн засаг, соёлын ахуйд нь тохируулаад богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэж байдаг. Үүнийг ихэнх улс орнууд туршиж хэрэгжүүлж байгаад орхичихдог. Япон улс 2005 онд богино хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан сайд томилж байв. Тухайн сайд нь конвенцид элсэхийн тулд улсынхаа бүхий л бодлого үйл ажиллагааг конвенц руу чиглүүлэх ёстой. Дараагаар нь хэрэгжүүлэх байдлаар явсан. Энэ нь үр дүнтэй бодлого байсан гэж үздэг. Иймэрхүү бодлогыг зарим улс оронд хэрэгжүүлдэг. Энэ жишиг манай улсад яг одоо хэрэгтэй байгаа.

Хараахан зарлагдаагүй байгаа хэд хэдэн шинэчлэл Төрийн албаны тухай хуульд нэмэгдэж байгаа. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг төрийн албанд ажиллуулахын тулд тавьдаг шаардлагыг тодорхой хэмжээгээр бууруулах. Өөр нэг барьсан бодлого нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн агентлагийг хөгжлийн бэрхшээлтэй хүн удирдах. Өнөөг хүртэл тухайн байгууллагыг хөгжлийн бэрхшээлгүй хүн удирдаж ирлээ. Энэ буруу зүйл биш. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй хүн өдөр тутамдаа асуудал юугаа мэдэж, мэдэрч буйгийн хувьд бодлого шийдвэрийг арай илүү ньюанстайгаар хэрэгжүүлэх давуу талтай.

Дараагаар МАН-ын дарга, Ерөнхий сайдын хувиар УИХ-ын сонгуульд жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг оруулна гэх мэдэгдэл. Энэ бол энэ цаг үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодитойгоор хангах, тэдний төр дэх оролцоо, шийдвэр гаргах түвшинд шууд оролцуулахад нэг шат ахиулж байгаа бодлого.

-Өнгөрсөн хугацаанд тогтолцооны чухал өөрчлөлтүүдийг парламент хийлээ шүү дээ. Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор гишүүдийн зүгээс илүү хүн төвтэй бодлого оролцоог тусгаж өглөө гэж байсан?

-Яг мэргэжлийн түвшинд тайлбарлаж мэдэхгүй юм. Гэхдээ хувь хүний өнцгөөс харахад хоёр талаас нь харсан. Үндсэн хуульдаа ойр ойрхон гар хүрч болох уу гэдэг талаас нь гадны болоод дотоодын судлаачдын байр суурийг харахад эрсдэлтэй ч юм уу гэж бодсон үе бий. Гэхдээ агуулгыг нь нарийн харвал цаг үеэ олсон өөрчлөлт шинэчлэл байсан гэж харсан. Учир нь нийгмийн сегментийн оролцоо хангагдахгүй байгаа нөхцөлд ямар ч хууль тогтоомж цаасан дээр бичигдсэн бэлгэ тэмдэг төдий болдог.

-Ерөнхий сайдын зарласан бодлогыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, иргэний нийгмийн байгууллагууд маань маш сайн "ашиглах" ёстой-

-Ерөнхий сайдын зарласан бодлоготой холбоотойгоор улс төрийн хүрээнийхэн төдийгүй олон нийтийн зүгээс таамгуудыг дэвшүүлж эхэлсэн. Тэр дунд Ерөнхий сайдад ойроос зөвлөж буй гэдэг утгаараа таны нэр ч багтаж харагдсан. Ер нь танд цаашид парламентад дуу хоолой болоод явах, улс төрд орох амбиц бий юу?

-Би улс төрч биш. Гэхдээ Ерөнхий сайдтай ойр ажиллаад ирэхэд хувь хүн нь юманд мэдрэг, анхааралтай, нухацтай ханддаг хүн юм байна гэж анзаарсан. Энэ тохиолдолд

Ерөнхий сайд тэр, энэ хүнийг жагсаалтаар оруулж ирнэ гэхээсээ илүүтэйгээр энэ бодлого цаашид ямар үр нөлөөтэй вэ гэдгийг бодож гаргасан шийдвэр болов уу. Шинэ анхаарал татсан бодлого байсан л даа. Гэхдээ өөрийнхөө тухай бодож байсангүй.

Энэ тохиолдолд өөрийн зүгээс хэлэх зүйл бол, Ерөнхий сайдын зарласан бодлогыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, иргэний нийгмийн байгууллагууд маань маш сайн ашиглах ёстой. Бүгдээрээ нэгдэж сууж байгаад цаашид ямар бодлого хүсч байна, түүнийг хэн хүргэж чадах вэ гэдгийг ярилцах ёстой. Түүнийгээ улс төрийн намуудад санал болгох хэрэгтэй. Зоригтойгоор илэрхийлэх хэрэгтэй. Илэрхийлсэн санал хүсэлтийг нь улс төрийн намууд бодлого үйл ажиллагаандаа тусгах нь зөв.

Намын жагсаалтаар улс төрд орно гэдэг бол цаг үеийн хэрэгцээ шаардлага. Харин цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань өөрийн идэвх санаачилгаараа аль ч салбарт ордог байх тогтолцоонд л шилжих хэрэгтэй. Нам цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодлоготой байх хэрэгтэй. Магадгүй дэргэдээ зөвлөлтэй болгох шаардлагатай. Эсвэл тухайн бодлогыг иргэний нийгмийн байгууллагуудаасаа авсан ч болно шүү дээ. Энэ мэтээр бодлогын шинэчлэлийг хийх хэрэгтэй болох байх. Үүнд нь иргэний нийгмийн байгууллагууд сайн оролцдог байх хэрэгтэй.

-Хөгжлийн бэрхшээлтэй учраас энэ үйлчилгээг үнэгүй болгоё гэдэг бодлого бусад хуулиуд дээр ч гарч ирээд байгаа тул олон нийт биднийг халамж хүртэгч мэтээр л хараад байна-

-Орон нутгуудад хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвүүдийг байгуулж байна. Энэ нь ямар ач холбогдол, үр дүнтэй талаар та байр сууриа илэрхийлээч?

-Би үүнийг эерэг, сөрөг талаас нь харж байгаа. Цаашид Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хамааралтай бодлого ямар нэгэн институцчилээс татгалзах чиглэл рүү орно. Энэ утгаараа харвал хөгжлийн бэрхшээлтэй хүний төв, эмнэлэг зэргээр тухайлах нь оновчгүй зүйл. Эерэг талаас нь харвал, энэ зургаан төв бол жишиг. Байгууламж, бодлогын хувьд жишиг гэж байгаа юм. Гэхдээ эдгээрийг эхнээс нь зөв ойлгуулах ёстой. Хөгжлийн төв гэдэг бол ямар нэгэн асрах төв биш. Зүгээр л хөгжлийн төв.

Нөгөө талдаа бүх юмны төвлөрөл Улаанбаатар хот болчихоод байна. Улаанбаатарт эрүүл хүний ажиллаж, амьдрах, хөдөлмөр эрхлэх боломж нь давуу байгаад байна шүү дээ. Энэ төвлөрлийг сааруулах арга нь бүс нутагт нь хөгжлийн төвүүдийг байгуулах.

Орон нутаг алслагдахын хэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо хаягдаж байна. Хэрэгцээтэй үйлчилгээ орхигдож байна. Шинэлэг технологиуд орон нутагт хүрэхгүй байна. Эдгээрийг орон нутагт хүргэх нэг цэг нь хөгжлийн төвүүд байх ёстой гэх бодлого барьсан.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухайд хамгийн их тулгамддаг асуудал нь дэд бүтэц, түүний хүртээмжийн асуудал. Энэ утгаараа дэд бүтэц, нийтийн тээвэр, зам, барилга байгууламжийн тендерт оролцож буй байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах шалгуур үзүүлэлтийг тусгайлан зааж, дагаж мөрдүүлнэ. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуульд багтсан заалтыг мөрдүүлэх чиглэлд ажиллана гэдгээ Ерөнхий сайд илэрхийлсэн шүү дээ?

-Бүх зүйлийг болохгүй, бүтэхгүй мэтээр харах нь өрөөсгөл. Эерэг тал их бий. Би одоо ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Азийн сүлжээний гишүүн. Хоорондоо маш их мэдээлэл солилцож ажилладаг. 7-8 орон гишүүн орон хамтын ажиллагаатай байдаг. Камбож, Пакистан, Непал зэрэг улсуудтай харьцуулахад манай улс энэ тал дээр суурьтай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаатай, эрх зүйн орчинтой зэрэг давуу тал бий. Энэ хэрээр нийгмийн хандлага хүчтэй шинэчлэгдэж байгаа. Гэхдээ сөрөг талаас нь харахад, асуудлууд байгаад л байна. Маш олон хуулиуд маань хоорондоо холбогдож өгдөггүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлогыг барьж байгаа ганц цэг нь ХНХЯ. Гэтэл өмнө хэлсэнчлэн энэ бол зөвхөн ХНХЯ-ны асуудал биш. Бүх салбар дундын зохицуулалт уялдаа холбоо байж бодитой болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хууль 2016 онд батлагдан гарсан. Анх удаа хүний эрх суурьтай чухал хууль батлагдсан. Гэтэл өөр салбарын хуулиудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг халамж хүртэгч талаас нь хардаг. Хөгжлийн бэрхшээлтэй учраас энэ үйлчилгээг үнэгүй болгоё гэдэг бодлого бусад хуулиудад гарч ирээд байна.

Жишээ татья л даа. Автобусанд үнэгүй зорчих заалт бүхий хууль байна. Гэтэл автобусууд нь билэгдлийн чанартай, суух боломжгүй. Харин саяхан цаашид импортлох автобус бүрээ хүртээмжтэй, стандартынх байх ёстой гэж шаардах болсон.

Үүнтэй адилаар төр өөрөө захиалагч нь юм бол түүндээ үүнийг шингээе гэх агуулга. Төр худалдан авалт хийх гэж байгаа бол бүх иргэдэд хүртээмжтэй бай гэх агуулга. Хөгжлийн төвүүдийг байгуулж байгаа нь оролцоог дэмжиж, үйлчилгээг ойртуулж байна гэх санаа. УИХ-д хөгжлийн бэрхшээлтэй хүн байна гэдэг нь сая дурдсан алдааг эрх зүйн бодлого шийдвэрлэлтийн түвшинд оролцоотой байлгаж, боломж олгоё гэх санаа гэж харж байна.

-Зарим намууд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ улс төр дэх оролцоог нэмэгдүүлэх бодлого барьж байна. Гэхдээ бодлогоор дэмжиж байгаа ч нөгөө талд иргэдийн маань оролцоо хэрхэх бол гэдэг асуудал байна?

-Оролцоо гэдэг тодорхой хэрнээ маш өргөн ойлголт. Жишээлбэл, одоо бол оролцоод л байна л даа. Бас сайн жишээг дурдая. Бусад салбаруудтай харьцуулахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой асуудлууд урагшилж байгаа. Ерөнхий сайдын дэргэд Үндэсний зөвлөл ажиллаж байна. Үүнээс гадна салбар зөвлөлүүд бий. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүх талын оролцоотой байна. Үүнээс нь харвал, бодлогын оролцоо шат ахиж байгаа. Дараагаар нь хэрэгжилтэд оролцох, түүнд хяналт тавих, хариуцлага тооцох механизм дахь оролцоо чухал байна. Одоо л оролцож эхлэх гэж байна. Төр хувийн хэвшлийн түншлэл гэдэг байсан бол одоо төр иргэний нийгмийн түншлэлийн асуудал хуулиар хүртэл яригдах гэж байна. Дараагийн асуудал бол санхүү, хөрөнгө мөнгөний асуудал. Хүний эрх суурьтай төсөв гэдэг зүйлийг одоо л ярих хэрэгтэй болно. Ингэж байж л оролцоо хангагдана.

-Ярилцсанд баярлалаа.

ФОТО: Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны хөшөөнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй хүмүүс цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
ФОТО: Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны хөшөөнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй хүмүүс цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.