Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар улс төрийн шинжтэй хоёр ч шийдвэрийг гаргаад амжлаа. Эхнийх нь “Сахал” Д.Эрдэнэбилэгийн эзэмшилд лиценз нь байгаа Халзан бүрэгтэй ордыг зогсоох шийдвэр. Хоёр дахь нь шүүхтэй холбоотой шийдвэрүүд байлаа. Тодруулбал, 2023 оны намрын чуулганд Шүүхийн тухай хуулийн төслийг Засгийн газраас оруулж хэлэлцүүлэхээр болов. Мөн “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого” гэх баримт бичигтэй болох зарчмын саналыг ЗГ-аар дэмжих нь тэр.
Шүүхтэй холбоотой, ялангуяа шүүхийн дэд бүтэц болон захиргааны асуудалтай холбоотой уг хоёр чухал хууль болон баримт бичгийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас боловсруулах болсон нь цаанаа улс төрийн учир жанцантай. Тодруулбал, энэ намар болон өвлийн гол “тулаан”-аа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүүхтэй хийх нь нэгэнт тодорхой болсон тул энэ удаад шууд “үхэх, сэхэх”-ээ үзнэ гэсэн үг.
Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга болсон цагаасаа л Эрдэнэтийн 49 хувийн хэрэг, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөл тэргүүтэй томоохон хэргүүдийг шийдвэрлэнэ гэдэг амлалт өгч, өнөөдрийг хүртэл олон нийтийн өмнө урт хүлээлт үүсгээд байгаа. Дараа нь Ерөнхий сайд болчихоод Хөгжлийн банкны хэргийг шүүхээр таслуулна гээд шүүхээр оруулсан ч товчхондоо бүтэлгүйтсэн. Хөгжлийн банкны хэрэг дээр нийт яллагдагчаар татагдсан хүмүүсийнх нь талаас илүү хувь нь ялгүй үлдэж, ЗГ-ын харьяа хуулийнхан хүн хэлмэгдүүлсэн гэдэг мессежтэйгээр асуудал дуусаад буй. Харин “Сахал” Д.Эрдэнэбилэг тэргүүтэй нөхдүүдэд хамаарах хэрэг өнөөдрийг хүртэл олигтой урагшилж чадахгүй хэвээрээ л байна. Урагшлах байтугай гол гогцоо Д.Эрдэнэбилэгийг нь суллаж, гадагшаа алдчихсан.
Одоо Т.Аюурсайхан, Б.Ганхуяг тэргүүтэй “Нүүрсний хулгайн” хэргийг шүүх хэлэлцэнэ. Нүүрстэй холбоотой дараа дараагийн хэргүүдийг ч ирэх өдрүүдэд шийдвэрлэнэ. Хэрвээ нүүрсний хэрэг дээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үлээсэн шүгэл “дуугарахаа больвол” ирэх сонгуульд Ерөнхий сайд маш их улс төрийн сөрөг оноотой орох болно. Өөр нэг эрсдэл байгаа нь ирэх сонгуулиар Л.Оюун-Эрдэнэ эрх мэдэлтэй хэвээрээ үлдэх үү гэдэг сонин. Хэрвээ ялалт байгуулж Ерөнхий сайд хэвээрээ үлдэхгүй бол өнөөдрийг хүртэл хийсэн бүх ажил нь зогсох аюултай. Тиймээс л энэ намар, ирэх өвөл, хавар бол түүний хувьд том хэргүүдийг шийдүүлж авах сүүлийн боломж.
Үүнийгээ ч мэддэг учраас шүүхэд нөлөөлсөн гэж ШЕЗ дээр хэлэлцэгдэх хүртлээ шүүх рүү анхаарал хандуулж, шүүхийн талаар сайн үг амнаасаа бараг л унагахгүй байгаа юм. Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банкны хэргүүдийг удааж, хэрэгт цаг хожуулж байгаа талаар Ерөнхий сайдын зүгээс Дээд шүүхийн Ерөнхий шүүгчтэй хэд хэдэн удаа санал зөрөөд амжсан. Бүр өнгөрсөн нэгдүгээр сард Д.Ганзориг шүүгчтэй томоохон хэргүүдийг шүүхээр шийдэхгүй шүүх засаглалд нүүрлээд байгаа авлигын асуудлыг задлана гэж утсаар маргасан талаар эх сурвалжууд мэдэээлснийг бид хүргэж байсан.
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн нам, засгийн авлигалтай тэмцэх тэмцэл шүүх дээр очиж “хад” мөргөөд байгаа тул ийнхү хуулиар дамжуулж шүүхийн бүтэц, өнгөрсөн хугацаанд тогтсон эрх мэдлийн хуваарилалтыг өөрчлөх гэж буй бололтой.
Энэ цаг үед ажиллаж буй шүүгчдийн томилгооны ихэнх хувийг Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар Ерөнхийлөгч байхдаа хийсэн. Хэдийгээр хоёр талд “байлддаг” ч гэсэн зовлон дээрээ энэ хоёр хүн сүүлийн үед нэгдчихээд байгаа талаар улс төрийн хүрээнийхэн шивэр авир хийх болоод удлаа. Ямар сайндаа л Т.Бадамжунайг бариад ирэхээр цагдан хорих хугацааг нь сунгах шүүх хурлаа 48 цагийг нь бараг дуустал хийхгүй барьдаг. Нүүрсний гол гогцоо гээд бариад хийсан Б.Ганхуягийг нь нэг өдөр суллаад буцаагаад хийчихдэг. Авлигын том асуудал яригдах үед нь Д.Монголхүү, Б.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй АН-ынханд хүнд хүчир ял өгдөг. Үүнийг нь олон нийт эсэргүүцэхдээ тэдэнд шүүмжлүүлдэг байсан Засгийн газар ял өглөө гэдэг буруу мессеж явдаг зэрэг нь шүүхтэй хийх Л.Оюун-Эрдэнийн тулааныг хуулийг нь өөрчлөх хүртэл явахад хүргэж байгаа бололтой.
Г.Лхагвадорж