Дэлхийн ихэнх улсуудын засгийн газар “Ковид-19”-ийн улмаас хилээ хаагаад байсан ч үүнийгээ зогсоож жуулчдад хилээ нээж эхэллээ.
Eвропийн холбоо долдугаар сарын 1-нээс 15 улсын жуулчдад хилээ нээж буйгаа мэдэгджээ. Үүнд Алжир, Австрали, Канад, Гүрж, Япон, Монтенегро, Морокко, Шинэ Зеланд, Руанда, Серби, Өмнөд Солонгос, Тайланд, Тунис, Уругуай болон БНХАУ гэсэн орнууд багтаж байгаа юм. Мөн Их Британи улс 59 оронд аяллын замаа нээсэн бол Дубай, Ямайка зэрэг хандалт ихтэй газрууд ч аль хэдийнээ жуулчдаа хүлээн авч эхэлжээ.
-БАЛИ-
Энэхүү аралд 1500 гаруй коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн ба 11 хүн нас барсан юм. Индонезийн аялал жуулчлалын томоохон хэсэг болсон Бали арал аравдугаар сар гэхэд жуулчдыг хүлээн авна хэмээн төлөвлөж байгаа аж. Балигийн эдийн засаг нь аялал жуулчлалтай нягт холбоотой бөгөөд ойрын жилүүдэд ч жуулчдын ирэх тоо нэмэгдсээр байжээ. 2019 онд л гэхэд тус арал 6,3 сая жуулчин хүлээн авсан байна.
Балигийн аялалын хөтөч Манкү Ниоман Кандиа дөрөвдүгээр сард ABC-д ярилцлага өгөхдөө “Коронавирус Балигийн эдийн засгийн сүйрүүлсэн, Гуравдугаар сарын дунд үеэс эхлэн хүчтэй уналтад орсон”, “Жуулчид байхгүй бол мөнгө байхгүй” хэмээжээ.
Шинжилгээнд хамрагдан вирусээр өвчлөөгүй нь батлагдсан дипломатууд, байнгын оршин суугчид, хүмүүнлэгийн ажилчидаас бусад бүх гадаадын иргэдийг Индонези улс руу оруулахгүй байгаа юм. Мөн хөл хорио дууссаны дараагаар ямар шалгуураар жуулчдыг хүлээн авахаа мэдэгдээгүй байгаа ажээ.
-Египт-
Аялал, жуулчлалаар сардаа 1тэрбум ам.долларыг олдог тус улсын хувьд цар тахал хүчтэй нөлөөлж байгаа нь аргагүй юм. Гуравдугаар сараас эхлэн нислэг, зочид буудал, ресторан, кафе, шөнийн цэнгээний газруудаа хаасан Египт зургадугаар сарын 27-ноос эхлэн үүнийгээ цуцалж долдугаар сарын 1-нээс эхлэн олон улсын нислэг хүлээн авахаа мэдэгдсэн юм.
-Франц-
Коронавирусний цар тахлаас өмнө хамгийн их жуулчид очдог байсан Франц улс өнгөрсөн жил гэхэд л 86,9 сая жуулчид хүлээн авчээ. Коронавирусний улмаас “Улаан бүс”-д тооцогдож байсан Парис хот “ногоон бүс”-д шилжиж зургадугаар сарын 2-ноос зочид буудал, бар, ресторан болон кафенуудаа нээж эхэлсэн юм. Мөн жуулчид хамгийн ихээр очдог Луврийн музей долдугаар сарын 6-наас нээгдсэн байна.
-Герман-
Зургадугаар сарын 15-наас 31 оронд хилээ нээсэн ба хөрш орон болох Австритай хиллэх хилээ ч нээжээ. Ингэснээр бар, ресторан, музей болон зочид буудлуудаа ажиллуулж эхэлсэн байна. Ерөнхий сайд Ангела Меркелийн мэдээлснээр олон нийтийн газар зай барих дүрэм ямартай ч аравдугаар сар хүртэл үргэлжилнэ гэжээ.
-Мальдив-
Гуравдугаар сард анхны 2 тохиолдол бүртгэгдэх үед бүх нислэг болон хилээ хаасан Мальдив улс энэ оны сүүлээр хилээ нээх таамагтай байсан ч урагшлуулж долдугаар сарын 15-наас бүх улсын иргэдийг хүлээн авахаар болсноо зарлажээ. Өнгөрөгч онд 1,7 сая жуулчид хүлээн аваад байсан тус улс 2020 онд хоёр сая жуулчид хүлээн авна хэмээн таамаглаад байжээ.
-Испани-
Европийн орнууд дундаас хөл хориог хамгийн хүчтэй сахиж байсан тус орон үүнийгээ сулруулж эхэлжээ. Долдугаар сарын 21-нээс европийн орны жуулчдыг тусгаарлалгүйгээр хүлээн авч эхлэх ажээ. Мөн Испани улс нь 2019 онд 84 сая жуулчин хүлээн авснаараа хоёрдугаарт бичигдэж байсан юм.
-Тайланд-
Жил бүр хамгийн их хүн зочилдог орнуудын тоонд зүй ёсоор тооцогддог байсан Тайланд улс 2019 онд 40 сая гаруй жуулчид хүлээн авсан байна. Олон улсын нислэгүүдээ долдугаар сарын 1-нээс нээсэн хэдий ч энэ жил тус улс 14-өөс 16 сая жуулчин л хүлээн авна гэсэн таамаг гарсан байна.
-Арабын Нэгдсэн Эмират-
Гуравдугаар сараас эхлэн бүх хилээ хааж, Дубайд 24 цагийн хөл хорио тогтоож гэрээс гарахдаа хүртэл цагдаагийн зөвшөөрөл авч байсан тус улс хөл хориогоо хэдэн долоо хоногийн өмнөөс эхлэн сулруулжээ. Харин энэ сарын 7-ны өдрөөс эхлэн Дубай бүх улсын иргэдэд хилээ нээжээ. Харин Абу Даби хаалттай хэвээр үлдэж байгаа аж.