Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗАЛУУС: Ирээдүйгээ бодсон ч, амьдрах нөхцөл байдлаа бодсон ч “Монголоос л явъя” гэж шийдсэн

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
5 минут 40 секунд

Энэ жил ЕБС-ийн 12 дугаар ангийг 34,078 сурагч төгсжээ. Гэвч жилээс жилд эх орондоо мэргэжил эзэмших залуусын тоо эрс буурч байгаа. Учир нь ЕБС-ийн сурагчдын бодолд “Монголд л биш бол хаана ч яахав” гэсэн бодол хэдийнээ суучихжээ. Тиймээс бид эх орноосоо “зугтаж” харийн орныг зорьж буй залуус яагаад энэхүү шийдвэрийг гаргаж байгаа талаар тэдний төлөөлөл болох М.Энхжин, Г.Ариунжаргал, Г.Очирдарь нартай ярилцлаа.

Австрали улсад суралцахаар очсон М.Энхжин,

Интернэтээс хайхаар “Гадагшаа явах 20 шалтгаан” гарч ирсэн ч "Монголд үлдэх нэг ч шалтгаан" гарч ирээгүй

“Би энд ирээд удаагүй байгаа болохоор зөв шийдвэр эсэхэд баттай хариу өгч чадахгүй байна. Гэхдээ одоогийн байдлаар энд ирсэндээ баяртай байгаа. Австралийн амьдрах орчин маш гоё. Ядаж л утаагүй, хүмүүсийн харилцаа хандлага нь эелдэг найрсаг бөгөөд амьдрахад таатай байна.

Сая 12 дугаар ангиа төгсөхөд манай ангийнхан бүгд гадагшаа суралцах талаар ам уралдан ярьж байсан. Тиймдээ ч бүгд л хэлний оноогоо цуглуулан аль болох гадагшаа явахад анхаарч байсан учраас би ч бас яагаад гадагшаа явах талаар бодохгүй бол болохгүй нь гэж бодсон. Тэгээд би интернэтээс мэдээлэл хайхад “Гадагшаа явах зайлшгүй 20 шалтгаан” гэсэн мэдээлэл шууд гарч ирэхээр нь Монголд үлдэх шалтгаан гэж хайхад “Монголоос зугтах 1000 шалтгаан” гэх мэдээллийг олж харсан.

Нэг ёсондоо эх орондоо үлдэх бас суралцах арга зам хайсан ч Монгол Улсын их дээд сургуулиудын боловсролын хөтөлбөр хоцрогдсон, дээр нь миний сонгосон мэргэжил энд илүү хөгжсөн байсан. Ер нь л манай улс алхаад явах зам ч олдохгүй, ус зайлуулах хоолой ч байхгүй, талбай дээр очиж тэмцээд ч үр дүнгүй шүү дээ. Мөн би визээ хүлээж байхдаа Монголд цагийн ажил хийж байсан юм. Цагийн 3000 төгрөгийн цалинтай. Гэтэл энд зөөгч хийгээд цагийн 30 ам.доллар авч байх жишээтэй. Тиймээс л дэлхийн өндөр хөгжилтэй, ядаж л хүний хөдөлмөрийг шударгаар үнэлдэг улсад ажиллаж амьдармаар байна” гэлээ.

БНСУ-д суралцах гэж буй Г.Ариунжаргал,

Ирээдүйгээ бодсон ч, амьдрах нөхцөл байдлаа бодсон ч “Монголоос л явъя” гэж шийдсэн

Би гурван дүүтэй. Дүү нараа харахаар хүүхэд өсгөх орчин нөхцөл тааруу, сургууль цэцэрлэгийн хүртээмж бага байгаа нь ажиглагддаг. Магадгүй гадаа тоглож байгаад л төмрөнд даруулах эсхүл тогонд цохиулаад амь насаа алдахыг үгүйсгэхгүй. Тоглох ч газаргүй, дээр нь замын түгжрэл, агаар, хөрсний бохирдол, хүнсний аюулгүй байдал гээд стресстэх, бухимдах шалтгаан олон байдаг.

Тиймээс ирээдүйгээ бодсон ч, амьдрах нөхцөл байдлаа бодсон ч эндээс л явъя гэж шийдсэн. Солонгос хэл нь сурахад илүү амар. Мөн соёлын ялгаа нэг их гараад байдаггүй болохоор энд ирсэндээ харамсахгүй байгаа” гэв.

Япон улсад ажлын гэрээгээр явахаар визээ хүлээж буй Г.Очирдарь,

Эх орондоо гэр бүлтэйгээ үлдмээр байвч хөдөлмөрийн үнэлэмж маш муу байна

“Одоогоор Япон хэлний сургалтын төвд хэлээ сайжруулахаар суралцахын сацуу визээ хүлээж байна. Төгсөөд элсэлтийн шалгалтын оноогоороо “Этүгэн” их сургуульд элссэн ч эхний жилээсээ сургалтын төлбөрөө дийлэхгүй болохоор сургуулиасаа хагас жилийн чөлөө авч байсан юм.

Энэ жил сургуульдаа элсэхийг хүссэн ч сургалтынхаа төлбөрийг төлж бас л чадахгүй байна. Уг нь эх орондоо, ээж, аавтайгаа хамт элэг бүтэн амьдръя гэж бодоод энэ зунжин халуун наранд гадаа ажилласан ч хангалттай сайн цалин аваагүй.

Японд нэг сарын дундаж цалин 3.3 сая төгрөг байдаг. Харин Монголд 1.2 сая төгрөг. Монголоос явах болсон шалтгаан минь хөдөлмөрийн үнэлэмж л байна даа. Өмнө нь эндээ мэргэжлээрээ ажиллах мөрөөдөлтэй байсан бол одоо гадаадад өндөр цалинтай ажил хийж, байр машинтай болох зорилготой болсон. Монголын хүүхдэд ээлгүй орчин, нийтийн тээврийн хүртээмж, агаарын бохирдол, эмнэлгийн хүрэлцээ, түгжрэл, үнийн өсөлт зэргээс холдож байгаа болохоор зөв шийдвэр гэж бодож байна” хэмээлээ.

Монгол Улс боловсон хүчнээ ийн алдаж байгаа нь нийгэмд тулгарч буй томоохон асуудлуудын нэг болжээ. “Тэнд амьдрал байна, бушуухан л Монголоос явах юмсан” гэсэн бодолтойгоор дэврүүн мөрөөдлөө тээн хилийн чанадыг залуус зорьсоор байна.

Б.Хонгорзул

“Эрүүл шүд“ арга хэмжээний хүрээнд урьдчилан сэргийлэх болон тусламж, үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг ЭМДС-д тусгана
“Эрүүл шүд“ арга хэмжээний хүрээнд урьдчилан сэргийлэх болон тусламж, үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг ЭМДС-д тусгана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.