Нутаг нутгаас ирсэн шинэхэн оюутнууд. Их сургуулийн босгыг давж, амьдралын их далайд хөл тавина. Анх удаа оюутан болж үзэж байгаа болохоор тэдэнд мэдэхгүй, чадахгүй асуудал их тулгардагсан. Ээж, аавынхаа халуун энгэрээс салж их сургуулийн том оюутан болохоор хүний нутагт хөлгийн жолоо залсан шинэхэн оюутанд амьдрах орон байраас эхлээд хүндрэл бэрхшээлтэй зүйл их бий.
Тун удахгүй 2023-2024 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа тул нийслэл хотод хэдийнээ оюутнууд цуглажээ. Үүнийгээ ч дагаад хөл хөдөлгөөн нэмэгдсэн нь илт. Их сургуулиуд ч бүртгэлээ хийж, шинэхэн болон хуучин оюутнуудаа хүлээж авах их ажилдаа шамдаж буй. Тиймээс Ubn.mn сайтын сурвалжлах баг шинэхэн оюутнуудаас бүртгэлээ хийлгэхэд болон бусад асуудалд ямар нэг хүндрэл бэрхшээл тулгарч байгаа эсэхийг тодруулсан юм.
- С.Лхавга-Сайхан, Хөвсгөл аймгийн Цагаан уул сумаас ирсэн. Их сургуулийн бүртгэл хийлгэхэд ойлгомжгүй зүйл байгаагүй. Анх оюутан болж ирэхэд дотуур байранд хичээл орохтой зэрэгцүүлж оруулдаг нь асуудалтай байсан. Өмнө нь хотод ирж үзээгүй болохоор хаана юу байдгийг нь мэдэхгүй байна. Тиймээс энэ л жаахан хэцүү санагдаж байгаа.
- Д.Мишээл, Хэнтий аймгаас ирээд МУИС-д элсэн орсон. Сургуулийн бүртгэлийн хувьд төгсөгчид болон багш нартайгаа цахимаар харилцаад мэдэхгүй зүйлээ асууж болдог болохоор хүндрэлтэй байгаагүй. Энэ сарын 30-наас дотуур байрандаа орно. Дотуур байрны төлбөр өнгөрсөн жилүүдээс 100 гаруй мянган төгрөгөөр нэмэгдсэн байсан.
- Н.Ганхүү, Ховд аймгаас ирээд МУБИС–д элсэн орсон. Их сургуульд элсэн ороход бичиг баримт бүрдүүлэхээс бусдаар хүндрэлтэй зүйл тулгараагүй. Цахимаар бүртгүүлэхэд ойлгомжтой, хурдан байсан.
- Т.Эрдэнэбат, Этүгэн Их сургуульд элсэн орсон. Оюутны код авах гэж олон хүмүүстэй оочерлож хүлээснийг эс тооцвол хүндрэлтэй зүйл байгаагүй.
- Б.Мөнхбаяр, Увс аймгаас ирсэн. Гэрээсээ хол газар сурах гэж байгаа нь бага зэрэг хэцүү санагдаж байгаа ч ШУТИС-д элсэн ороход ойлгомжгүй зүйл байгаагүй. Ирээд удаагүй байгаа тул одоохондоо хүндрэлтэй зүйлгүй байгаа.
- Б.Энхчимэг, МУБИС-д элсэн орохдоо цахимаар бүртгэлээ хийлгээд, хичээл сонголтоо хийж ЭЕШ-ийн оноогоо дүйцүүлээд тэтгэлэгт хамрагдсан. Өөрөө бие дааж хичээл сонголтоо хийхэд хэцүү санагдсан учир анги удирдсан багштайгаа ирж уулзаад хичээлээ сонгосон. Цахимаар хичээл сонгох хамгийн хэцүү санагдаж байсан.
Г.Маргад-Эрдэнэ, Х.Түмэнжаргал