Нийслэлийн прокурорын газраас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан билээ. Түүнд урьд авсан 3.000.000.000 /гурван тэрбум/ төгрөгийн барьцааг улсын орлого болгон, уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байдаг.
Тус шүүх прокурорын саналыг 2023 оны наймдугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэж яллагдагч Д.Эрдэнэбилэгт урьд авсан 3.000.000.000 /гурван тэрбум/ төгрөгийн барьцааг улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.4-т заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Түүний хувьд Сингапур улсад эмчлүүлэх шаардлагатай учраас хилийн хоригийг цуцалж өгнө үү гэх хүсэлт гаргаж шүүхээр шийдвэрлүүлсний дагуу хилээр гарснаас хойш өнөөдрийг болтол эх орондоо эргэж ирээгүй байгаа билээ. Тэгвэл Засгийн газраас хэрэгжүүлж буй Шувуу ажиллагааны хүрээнд Д.Эрдэнэбилэгийг албадан авчирч магадгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ.