Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо наймдугаар сарын 16-23-нд Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулж буй. Энэ нь Монголд спортын олон төрлөөр анх удаа зохион байгуулж буй олон улсын наадам гэдгээрээ онцлогтой. Наадмын нээлт өчигдөр буюу наймдугаар сарын 17-ний 20:23 цагт эхэлсэн юм. Наадамд долоон үндэсний олимпын хорооны 870 гаруй тамирчин 11 спортын 12 төрлөөр өрсөлдөж буй бөгөөд 1000 гаруй сайн дурын ажилтан ажиллаж байгаа юм. Тэдний сэтгэгдлийг хүргэж байна.
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын сайн дурын ажилтан Я.Маралмаа,
Залуучуудын наадмыг би өөрийгөө хөгжүүлэх боломж гэж харж байгаа
-Олон улсын тэмцээнд анх удаа сайн дурын ажил хийж байна. Зүүн Азийн залуучуудын наадамд сайн дурын ажил хийж байгаа нь миний хувьд том туршлага хуримтлуулж байгаа үйл явдал. Өмнө нь Монголын хүүхдийн зөвлөл, Улаан загалмайн нийгэмлэгт сайн дурын ажил хийж байсан.
Зүүн Азийн залуучуудын наадам нь Монголд анх удаа спортын олон төрлөөр зохион байгуулж байгаа олон улсын тэмцээн гэдгээрээ онцлогтой. Мөн энэ наадмыг би өөрийгөө хөгжүүлэх боломж гэж харж буй. Олон орны хүмүүстэй англи, солонгосоор ярьж, хэлээ сайжруулж, туршлага хуримтлуулж байгаа. Тэмцээнийг зохион байгуулахын тулд 2000 гаруй сайн дурын ажилтан, мөн техникийн ажилчид ажиллаж байна. Түүнчлэн монголчуудыгаа тус наадмыг шимтэн үзэж, Монголынхоо төдийгүй олон улсын тамирчдыг дэмжээрэй гэж хүсье.
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын сайн дурын ажилтан Б.Эмүжин,
Зүүн Азийн залуучуудын наадмын волейболын тамирчидтай цуг бэлтгэл хийсэн
-Монголд Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулж байгаад баяртай байна. Би волейболын спортоор хичээллээд хоёр жил болж байгаа. Зүүн Азийн залуучуудын наадмыг өөр улсын тамирчидтай цуг үзэж, туршлага судалмаар санагдсан болохоор энэхүү наадмын волейболын төрөлд бүртгүүлсэн.
Спортоор хичээллэсний давуу тал нь тэсвэр хатуужилтай болдог бөгөөд бүхий л талаар хөгжих боломжтой. Энэхүү наадмын волейболын тамирчидтай цуг бэлтгэл хийсэн. Бэлтгэл хийх явцад миний техник бусад орны тамирчдынхаас өөр, сурах юм их байлаа. Миний хувьд өөр орны тамирчин найзуудтай болж, техникээ сайжруулж, танилын хүрээ өргөжин тэлж, хэлний мэдлэг сайжирсан. Бас тамирчдад Улаанбаатар хотыг танилцуулсан юм. Надаас “Хаашаа орж, юу авбал гоё вэ” гэхээр нь би хамгийн түрүүнд ааруул санал болгосон. Тамирчид маань ааруул амсаж үзээд “Гоё амттай байна” гээд ихийг худалдаж авсан. Би олон улсын харилцаагаар сурах сонирхолтой. Энд ирсэн тамирчин хүүхдүүд миний ирээдүйн ажилд дадлага болж өгсөн. Долоон улсын олимпын хорооноос 14-18 насны тамирчид энэ наадамд оролцож байгаа. Мөн үеийн найзуудыгаа энэ наадмыг ирж үзээрэй гэж уриалж байна.