Эр цэргийн албаа хааж байсан байлдагчийн хайрт дүүдээ бичсэн захидал 37 жилийн дараа олдож, нандин түүхийн хуудсаар уншигч олныг эргүүлэв. Захидлын эзэн тэнгэрт дэвшиж, “Ах нь дүүгээсээ захидал их харсан шүү” хэмээн хаягласан долоодугаар ангийн охин дүү нь өдгөө боловсролын салбарт насаараа ажиллаж яваа багш гэдгийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр олж мэдэв.
Эр цэргийн алба гэдэг эр хүн бүрийн насны бахархал, санаж дурсах мөнхийн сэдэв. Тэртээ 1986-1989 онд Хилийн цэргийн 0131 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж, бичиж байсан захидлаараа нийгэмдээ дахин "дурсагдаж" яваа эрхэм байлдагч Нанзадын Болдын охин Болдын Адъяатай ярилцсанаа хүргэе.
-Таны аавын захидал олджээ. Сайхан санагдаж байгаа байх даа?
-Тэгэлгүй яах вэ. Ээж минь аавынх нь эр цэрэгт байхдаа бичсэн захидал олдож, дахин уулзсан юм шиг л боллоо гээд баярлаад сүйд. Миний аав гурван жилийн цэрэг. Алба хааж байхдаа дүү нартаа байнга захидал бичиж, цэргийн албаныхаа сайхныг дурсаж, нутаг орны сонин сайхныг асуудаг байсан гэнэ лээ. Халагдаж ирээд ээжтэй минь танилцаж, 1991 онд миний бие, 1998 онд дүү Гүнж төрсөн. Аав минь жирийн нэгэн ажилчин хүн байв. Хэдий сургууль соёлын мөр хөөгөөгүй ч захидал сайхан бичнэ, ном сонин их уншдаг хүн байсан сан. Хүүхэд байхад байнга цэргийн алба тэр дундаа нөхөрлөлийн тухай ярина. Тэр бүрт нь анхаарч сонсоогүй, төдийлөн ач холбогдол өгч байгаагүйдээ одоо харамсдаг юм. Хүүхэд байсан болохоор цэрэг, цэрэг гэдэг яриа ч нэг их сонин биш байсан байх.
-Захидлын эзэн нь таны авга эгч юм байна. Тийм үү?
-Тиймээ, Нанзадын Долгоржав гэдэг. Өдгөө Дундговь аймгийн Луус сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажилладаг. Түрүүн хэлсэнчлэн аав минь эрдэм мэдлэгийг дээдэлж, цэргийн албаараа бахархаж, орон нутгаа шүтдэг хүн байж билээ. Ахан дүүс, үр хүүхэд нь цөмөөрөө Дундговь аймагтаа ажиллаж амьдарч байна. Ямар сайндаа охин, хүү хоёрыгоо хэд хэдэн их сургуульд сургаж, орон нутагтаа ирж ажилла гэдэг байсан болохоор миний бие өдгөө Дундговь аймгийн ЗДТГ-т гадаад харилцааны мэргэжилтнээр ажилладаг. Гэхдээ яг одоо бол БНСУ-д хөтөлбөрт хамрагдан суралцаж байна. 10 дугаар сард нутаг буцна.
Ээж Д.Аюушсүрэн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумынхаа Эрүүл мэндийн төвийн үйлчилгээнд нь мөн л насаараа ажиллаж яваа эмэгтэй. Аав минь бурханд дэвшээд хоёрхон жил болж байгаа болохоор бичсэн захидал нь манай гэр бүлд дахин уулзсан юм шиг баяр баясгалан, сэтгэл хөдлөлийг авчирлаа. Аавыгаа эх орныхоо шилдэг цэрэг нь байж, халагдсаныхаа дараа ч нутгийн зон олондоо албаа магтаж, бахархаж сууснаар нь бид үргэлж дурсах болно. Цэргийн алба гэдэг эр хүн бүрийн бахархал гэдгийг нь хожим ч гэсэн аавынхаа захидлаар дамжуулж ойлгосондоо талархаж байна.
Түүний охин дүүдээ бичсэн захидлыг энд дарж унших боломжтой.
Ахмад Д.БОЛОР