Засгийн газрын өнөөдрийн хурлаас Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал болон Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан нарыг ажилдаа хариуцлагагүй хандаж, өгсөн үүрэг даалгавар хангалтгүй биелүүлсэн хэмээн чөлөөлөх шийдвэр гаргажээ. Учир нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон таван жилийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг аймаг тус бүр дээр нь дүгнэж үзэхэд хамгийн муу үзүүлэлттэй гарсан тус хоёр аймгийн Засаг дарга нарт хариуцлага тооцсон нь энэ аж. Ардчилсан намынхан засаглаж буй Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгаланг огцруулах асуудал аль жилийн өмнө л яригдаж байсан. Өнгөрсөн хугацаанд аймгийн ИТХ-аар асуудлыг нь хэлэлцүүлэх гэж хэд хэдэн удаа оролдсон боловч хэлэлцүүлж чадаагүй юм.
Тэгвэл Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалыг аймгийн ИТХ-аар огцруулах асуудлыг нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд хоёр удаа хэлэлцсэн байдаг. 2021 оны 12 дугаар сард зарим төлөөлөгчид нь огцруулах саналыг гаргаж ИТХ-аар хэлэлцэж, санал хураахад саналын хуудсандаа зүрх зурсан гэх үндэслэлээр огцорсон санал хураалтаа хүчингүй болгож, дахин санал хураалгаж албан тушаалдаа үлдэж байсан. Мөн өнгөрсөн гуравдугаар сард түүнийг огцруулахаар дахин аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Мөнххүрэл нарын санал гаргаж хэлэлцүүлсэн ч 16 төлөөлөгч дэмжиж, 19 төлөөлөгч нь дэмжээгүй юм.
Завхан аймгийн хувьд өнгөрсөн гурван жилийн хугацаанд аймгуудын өрсөлдөх чадварын индексийг тасралтгүй сүүл мушгиж, нийгэм эдийн засгийн үзүүлэлтээрээ ч бусад аймгуудынхаа ард хоцорсон гэж шүүмжлүүлж буй. Мөн өнгөрсөн гурван жилд томоохон бүтээн байгуулалт гэхээр зүйл Завхан аймагт өрнөөгүй төдийгүй Завханаас сонгогдсон УИХ-ын гишүүдтэйгээ ойлголцож ажиллаж чаддаггүй учраас төсөв, хөрөнгө оруулалт татаж чадаагүй хэмээн шүүмжлүүлсээр ирсэн юм.
Хөвсгөл аймгийн Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд бүрэн эрхийг нь хэрэгжүүлж ажиллахыг Засаг даргын орлогч М.Хуягтбаатарт, Завхан аймгийн Засаг даргын орлогч Ш.Мянганбаяр нарт даалгалаа.