Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхийн давуу талыг хуульч Ү.Амарбат Ажлын хэсгийн гишүүний хувиар тайлбарлалаа.
Тэрбээр “Парламентын гишүүдийн тоог нэмэхэд куб язгуураас гадна парламентын өөрийнх нь гурван үндсэн чиг үүрагт ахиц дэвшил гарах судалгааны дүн гарсан бөгөөд нэгдүгээрт, парламент ард иргэдийг төлөөлөх чиг үүрэгтэй. Энэ утгаараа гишүүдийн тоог нэмэгдүүлснээр төлөөлөх чадамж тоон болон агуулга утгаараа сайжирна.
Хоёрдугаарт, парламент хууль тогтоох чиг үүрэгтэй. Тоог нэмэгдүүлснээр парламентын гишүүд мэргэшиж ажиллах, гарч буй хуулиудын чанар сайжрах давуу талтай.
Гуравдугаарт, парламент аливаа бодлогын үндсийг парламентад баталж байгаа. Гишүүдийн тоог нэмэгдүүлж, холимог тогтолцоог оруулж ирснээр батлагдаж буй бодлого аль нэг талын гэхээсээ илүү олон талын санал тусах, олон намын оролцоо хангагдах боломж бүрдэнэ.
Ингэснээр тухайн бодлого илүү чанартай, үр нөлөөтэй буюу олонхын дэмжсэн бодлого бус зөвшилцөж дэмжсэн бодлогууд батлагдан гарах нөхцөл бүрдэнэ. Товчхондоо, олонхын ардчиллаас төлөөллийн ардчилалд шилжих боломж бүрдэнэ гэж үзэж байгаа” хэмээн тайлбарлалаа.