Төв Азийн улс Узбекистан хүний эрхийг удаа дараалан зөрчдөгөөрөө алдартай байсаар ирсэн. 2016 онд өмнөх Ерөнхийлөгч Ислам Каримов нас барж, Шавкат Мирзиёев засгийн эрхэнд гарч ирснээр тус улсад гэнэтийн өөрчлөлтүүд бий болоод буй.
Ням гарагт Узбекистан улс “Шинэ сонгууль-Шинэ Узбекистан” уриан дор анхны парламентийн сонгуулийг явуулах гэж байна.
Ямар өөрчлөлтүүд бий болов?
Шинэ засгийн газар саяхныг хүртэл төсөөлөөгүй олон өөрчлөлтийг бий болгоод байсан. Хөрш орнуудтайгаа харилцаагаа сайжруулсан бөгөөд үүнд “заналт дайсан” гэж тооцогдоод байсан орнууд хүртэл багтаж байгаа юм. Сүүлийн хэдэн жилд 50 гаруй оронд визгүй зорчих боломж олгоод байна.
Ерөнхийлөгч Мирзиёев тус улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Рустам Иноятовийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Тэрбээр Каримовын засаглалын үеийн гол хүн болж байсан юм.
2017 оноос хойш нийт 50 гаруй дээд хэмжээний улс төрийн хоригдлуудыг сулласан. Үүнд дэлхийн хамгийн удаан хоригдсон сэтгүүлч Мухаммад Мухаммад Бекжан багтаж буй.
Хөрөнгө оруулагчдыг татахын тулд гадаад валютын зах зээлийг мөн чөлөөлсөн. Хоёрдугаар сард Узбекистан улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг хүлээн авсан байдаг.
Хэвлэл мэдээллийн хувьд ч томоохон хэмжээний ахиц дэвшил гарсан. Хаалттай байсан чөлөөт хэвлэлийн вебсайтуудыг энэ жилийн эхээр нээлттэй болгосон. Голлох томоохон хэвлэлийн сэтгүүлчидтэй хамтарч ажиллахаар тохирсон байдаг.
Энэ удаагийн сонгууль итгэл хүлээхүйц байж чадах уу?
Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагаас анх удаагаа бүрэн эрх бүхий сонгуулийн ажиглагчид Узбекистан улсын зөвшөөрөлтэй оролцох юм.
Гэвч энэ удаагийн сонгуулиар улс төрийн гол систем хэвээр хадгалагдан үлдэхээр байна. Учир нь бодит өрсөлдөгч болохуйц нам сонгуульд оролцох боломжгүй юм. Сонгуульд оролцож буй таван нам бүгдээрээ одоогийн Ерөнхийлөгч, засаглалд үнэнч байсаар ирсэн. Гол өрсөлдөгч "Эрк" нам болон намын дарга Мухамад Солих Узбекистан улсаас цөлсөн хэвээр байгаа.
Эх сурвалж: BBC