Монголчууд бид эрт дээр үеэс түүх соёлын асар их өвийг тээсээр ирсэн ч өнөөдөр хуруу дарам цөөнийг л нэрлэх байх. Тэр дундаа соёлын биет бус өвийн талаар төдийлөн мэдэхгүйн дээр хэчнээн гайхамшигтай биет бус өв тээж явдгаа ч анзаардаггүй. Тэгвэл биет бус соёлын өвийг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх их үйлсэд хүчин зүтгэж буй "Цахим суварга" ТББ-ын тэргүүн Б.Батзоригтой хэсэг хором ярилцлаа.
-"Цахим суварга" ТББ яг ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
-Манай байгууллага нь Монголчуудын оюуны соёл тэр тусмаа соёлын биет бус өвийг баримтжуулан авч үлдэж түүнийгээ ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой. Ингэхдээ "Цахим суварга" платформыг бүтээж та бидний төдийлөн сайн мэдэхгүй олон гайхамшигт өв, соёлыг цогцлоох суварга бүтээх юм.
Үүний хүрээнд бид 2021-2025 оны хооронд таван жилийн хугацаанд зорилт тавин "Монгол бахархал" төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
-Соёлын биет бус өв гэж яг юуг хэлдэг юм бэ. Бид соёлын биет болон биет бус өв гэж ангилдгийг мэдэх ч яг юуг нь биет бус өв гэж нэрлээд байдаг, түүнд юу юу багтдаг зэргийг төдийлөн мэддэггүй шүү дээ?
-Ерөнхийдөө бол соёлын биет бус өвийг маш энгийнээр тайлбарлахад, "Гарт баригддаггүй, нүдэнд харагддаггүй" соёл гээд хэлэхэд нэг их буруудахгүй байх.
Манай улсад нийт долоон айд хамаарах 279 өвийг соёлын биет бус өвөөр бүртгэлжүүлж, баримтжуулан авсан байдаг. Гэхдээ иргэдэд соёлын биет бус өвийн талаарх ойлголт дутмаг байдаг учраас мөн үүний талаар заах арга барил, хэрэглэгдэхүүн дулимаг байдаг учраас соёлын биет бус өвийн талаар төдийлөн ойлголтгүй байдаг. Гэвч энэ бол хүмүүсийн буруу биш шүү дээ.
Харин сүүлийн үед иргэд өв соёлоо сэргээх, тэр тусмаа соёлын биет бус өвд ихээхэн анхаарал хандуулдаг болсон нь ажиглагдаж байна л даа.
-Соёлын 279 биет бус өв бүртгэлтэй байдаг юм байна шүү дээ. Гэтэл бид түүнээс нэрлэ гэхэд маш цөөхнийг нь л нэрлэж чадах байх тийм үү?
-Ерөнхийдөө бол 279 биет бус өвийг бүртгэлжүүлсэн ч сүүлийн үед энэ тоо нэмэгдээд байгаа. Би өөрийнхөө туршлагаас бас үзэж харсан биет бус өвүүдээ тоолж үзэхэд 300 давчихсан байсан.
Хүмүүс нэрлэх гэхээр ихэвчлэн ардын аман зохиолын төрлүүдээс нэрлэдэг. Мэдээж тэд бол соёлын бие бус өвд багтана.
-Танай байгууллагын хувьд соёлын биет бус өвийн эрэлд хэрхэн гардаг юм бол. Яаж урьд өмнө мэдэгдээгүй, олон түмэн төдийлөн анзаарч байгаагүй соёлын өвүүдийг нээдэг юм бэ. Магадгүй маш сонирхолтой соёлын биет бус өв байвал бидэнд сонирхуулаач?
-Манай байгууллагын хувьд соёлын биет бус өвийн эрэлд гарахдаа ихэвчлэн хөдөө орон нутаг, хээрийн судалгаанд гардаг. Одоогийн байдлаар хэд хэдэн аймагт оччихсон явж байна. Төсөл дуусах хүртэл соёлын биет бус өвийн эрэлдээ явсаар байх болно.
Өмнө хэлсэнчлэн хүмүүс монгол ардын дуу хуур, аман зохиол, хөөмий, биелгээ зэргийг соёлын биет бус өв хэмээн мэддэг ч бусад биет бус өвийг төдийлөн мэддэггүй. Жишээлбэл,
Увс аймгийн Өндөрхангай суманд чулуу шатаагаад түүнийгээ ургамлын өнгөтэй хольж, авдраа эрээлдэг соёл байна. Чулууг шатааж байгалийн өнгөтэй холин будаг гаргаж авч байна гэсэн үг шүү дээ. Түүнийхээ дараа цавууны хольцтой болгоод авдраа будаж байгаа юм. Энэ болгон Монгол уламжлалт аргыг ашиглаж байгаа ба зөвхөн энэ өв соёл Монголд л бий.
Мөн Хэнтий аймгийн Норовлин суманд хүний үсийг хэлхээд түүгээрээ утас ээрэн, уран хатгамал хийж буй эгч ч бий. Энэ бүгд соёлын биет бус өв. Гэвч үүнийг хүмүүс тэр бүр анзаараад байдаггүй. Гэхдээ бидний хувьд соёлын биет бус өвийн дотор нь бүр гүнд нь ордог.
-Соёлын биет бус өвийг хөдөө орон нутагт тэр дундаа азай буурлууд, ахмад настнууд маань илүүтэй тээж байгаа байх гэж бодож байна. Гэтэл түүнийг нь үр хүүхэд нь өвлөн авч үлдэхгүйд хүрвэл соёлын биет бус өв мартагдахад, алдагдахад хүрэх эрсдэлтэй гэж бодож байна л даа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг юм бэ?
-279 соёлын биет бус өвөөс нэн яаралтай хамгаалах шаардлагатай 80 өв байдаг. Манай байгууллагын хувьд ч мөн эдгээр өвөөс судалгаа шинжилгээ хийж мөн хамгаалах шаардлагатай 80 өвийг түүгээд авчихсан байгаа.
Бидний хэрэгжүүлж буй төсөл маань 2021 онд эхэлсэн. Одоогоор 14 терабайттай тэнцэх хэмжээний дата мэдээлэл цуглуулчихсан байж байна. Үүнд маш олон соёлын биет бус өв тээгчид, тэдгээртэй хийсэн сонирхолтой ярилцлага, бусад материалууд бий. Мөн бид өнөөдрийн байдлаар 20 танин мэдэхүйн нэвтрүүлэг, 1 баримтат кино бүтээсэн явж байна.
-Ерөнхийдөө соёлын биет бус өв нь яг тэр, энэ гээд тухайлан заачихсан зүйл биш юм байна шүү дээ. Бидний өдөр тутмын амьдралын тэр дундаа нутаг нутгийн онцлог бүхий аж байдлын хийгээд бусад бүхий л соёлыг үүнд багтаах боломжтой мэт санагдаж байна л даа?
-Тэгэлгүй яах вэ. Мэдээж хэрэг соёлын өвийн талаар ярихад сав шимийн ертөнцийг хөнддөг. Энэ бол байгаль, дэлхий. Монголчууд бид эртнээс нүүдэлчин соёлтой ард түмэн. Одоо ч гэсэн дэлхий дээрх цор ганц нүүдэлчин ард түмэн гэж хэлэхэд буруудахгүй байх.
Түүнээс гадна бид эртнээс өнөөг хүртэлх амьдрах хугацаанд сав шимийн ертөнцтэй илүү ойр байж, байгаль дэлхийтэй уялдаж амьдарч ирсэн учир сав шимийн талаарх ойлголт, үзэл бодол нь маш бодитой байдаг.
Монголчуудын байгаль дэлхийтэй харьцаж байгаа, тэнгэр газар, уул усны онцлог, амьтны үйл хөдлөлөөс цаг агаарын нөхцөл байдлыг ч ажиж чаддаг учраас Монголчууд бид маш их гайхамшигтай ард түмэн. Хүмүүс магадгүй яагаад соёлын биет бус өвийн талаар судлаад байгааг маань гайхаж байж магадгүй.
Учир нь Монгол үндэстэн өнөөдрийг хүртэл оршин тогтносон нь оюуны соёлтой шууд хамааралтай. Тэр дундаа соёлын биет бус өвтэй шууд хамааралтай. Тиймээс манай оюуны соёл бишрэхийн аргагүй гайхамшигтай юм.
-"Цахим суварга" платформ бүтээнэ гэсэн шүү дээ. Яг ямар хэв шинж бүхий платформ байх юм бэ?
-Одоогоор бид платформынхоо хөгжүүлэлтийг хийгээд явж байна. Урьд өмнө дэлхийн аль ч улс оронд соёлын өвөө баримтжуулсан платформ бүтээж байгаагүй юм билээ. Тийм ч учраас анхдагч нь манай платформ болох байх.
Мөн энэ ташрамд биднийг дэмжиж тусалдаг, хамтран ажилладаг байгууллагууддаа талархаж явдгаа илэрхийлэх нь зүйтэй гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа.