УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг өнгөрсөн гуравдугаар сарын 23-ны өдөр өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу чөлөөлснөөр Архангай аймгийн нэгдүгээр тойрогт нэг мандатын орон гараад буй юм.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.9-д зааснаар УИХ-ын гишүүний орон гарсан суудлыг нөхөх зорилгоор нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор хуульд нийцүүлэн товыг зарлана гэсэн байх бөгөөд УИХ-ын ээлжит сонгуулиас 6 сарын өмнө нөхөн сонгуулийг явуулах хуулийн зохицуулалттай байна. Энэ хугацаагаар тооцвол нөхөн сонгуулийн товыг зарлах хугацаа тавдугаар сарын сүүлчээр дуусгавар болох юм.
Одоогоор нөхөн сонгууль явуулах асуудал улс төрийн хүрээнд хараахан яригдаж эхлээгүй бөгөөд хэрэв нөхөн сонгууль боллоо гэж үзэхэд хамгийн эхэнд МАН-д энэ нь ашигтай юу, үгүй юу гэдэг асуудалтай тулгарна.
Өөрөөр хэлбэл, тухайн тойрог төрд төлөөлөх хүнгүй болсон нь эрх баригч намын хувьд хоёрдугаар асуудал болж буй. Тэд хамгийн эхэнд намдаа ашигтай байдлыг харгалзан үзэх нь ойлгомжтой.
Тус тойргоос 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд гурван нэр дэвшигч сонгогдсоноос хоёр нь ажиллаж байгаа гэдэг утгаараа орон гарсан нэг мандатын асуудал сонгуулийн жил тулсан энэ үед нөхөгдөх эсэх нь эргэлзээтэй болно. Тэгвэл агуулгаар нь харвал нөхөн сонгууль болохгүй байх магадлал тун өндөр.
Үүнээс гадна саяхан нүүрсний гэх хэрэгт холбогдсон хоёр ч УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, хуулийнхны шалгах бололцоог хангаж өгсөн. Хэрвээ бүрэн эрхээсээ түдгэлзсэн гишүүд гэм буруутай нь шүүхээр эцэслэгдэн шийдэгдсэн тохиолдолд УИХ-ын тогтоол гарч, бүрэн эрхийг нь бүр мөсөн түдгэлзүүлснээр дахин хоёр тойрогт нөхөн сонгууль явуулах асуудал үүсэх юм.
Харин шүүхээр гэм буруугүй нь тогтоогдвол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь сэргээнэ. Тиймээс хууль, шүүхийн байгууллагын шийдвэрийг харсан ч хугацаа авах шаардлагатай болж буй. Нөгөө талаараа нэг тойрогт нөхөн сонгууль явуулж төсвөөс зардал гаргаж, ажил удах шаардлагагүй гэж үзэж магадгүй юм.
Хоёрдугаарт, эрх баригч намын дарга, Ерөнхий сайд өнгөрсөн оны хавраас эхлэн Хөгжлийн банк, Нүүрсний хулгай зэрэг томоохон хэргүүдтэй тэмцэж нийгэмд шүгэл үлээсэн нь нийгэмд таалагдаж буй ч ерөнхий дүр зургаараа МАН-д нийгмээс бүхэлдээ муу дүн тавих болсон.
Тодруулбал, найман жил дараалан төрийн эрхийг барьж буй МАН-аас олон нийт залхаж байна. Том жижиггүй хулгайд холбогдож буй тул гишүүдэд нь итгэх итгэл дундарч буй.
Дээр нь энэ удаагийн парламентын үед инфляц 16 хувьд хүрч, хүнс барааны үнийн өсөлт хяналтаас гарч, эдийн засаг макро түвшинд ч уналтад орж, Засгийн газар “дефолт” зарлах хүртэл хэмжээнд асуудлууд яригдаж байсан нь саяхан. Тиймээс МАН-ын нэр хүнд газар унасан нь тодорхой. Энэ асуудал нь нөхөн сонгуулиас зайлсхийх хоёр дахь нөхцөл нь болох магадлалтай.
Харин сөрөг хүчин болох Ардчилсан нам сонгууль дөхсөн энэ үед талцал, маргааны асуудлаа дотроо шийдэж, олгой хагаравч тогоо дотроо гэдгийг сая ойлгож, төлөвшиж эхэлсэн нь эрх баригч намын хамгийн том сул тал болох нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл, өрсөлдөгч нь чангарсан гэсэн үг.
Эдгээрээс гадна УИХ-ын ээлжит сонгуулийн жил хаяанд ирсэн тул нөхөн сонгууль товлон явуулах хугацаа, ирэх оны сонгуулийн хугацаа хоёрын хооронд богино зай үлдэх тул наана нь нөхөн сонгуулийг хийх шаардлагагүй гэж үзэх нь мэдээж.
Тэгвэл УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нөхөн сонгууль явуулах тухай заалтын 77.2-т “Орон гарсан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад зургаан сар хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй” гэсэн заалт үйлчлэх юм. Энэ агуулгаараа зөвхөн УИХ-ын ээлжит сонгуулийг хийх бэлтгэл ажлаа хангах магадлал тун өндөр болж байна.
Эргэн сануулахад, 2018 онд УИХ-ын гишүүн асан Д.Гантулга бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөнөөр Хэнтийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах байсан ч Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэж явсаар, хугацаа авсаар байгаад 2020 оны УИХ-ын ээлжит сонгуультайгаа золгосон.
Тодруулбал, 2016 оны УИХ-ын сонгууль жижиг мажоритар системээр явсан бөгөөд нэр дэвшигч зөвхөн тухайн тойргийг л төлөөлдөг байсан бол одоо хамтаараа тухайн тойргийг төлөөлдөг болсон гэдгээр нөхөн сонгуулийг заавал явуулах шаардлагагүй гэж нэг талаасаа тайлбарлах боломжтой.
Товчхондоо МАН-д Ж.Мөнхбатын үлдээсэн хоосон зайг бөглөх хэрэгцээ шаардлага алга. Магадгүй энэ нь ч төсвийн хувьд ч хэмнэлттэй хэрэг. Нөхөн сонгууль явууллаа гэхэд намын дарга нь ахалж, генсек нь ерөнхийд нь сонгуулийн үйл явцыг удирдах учиртай. Гэтэл гай нь таарч нэр дэвшигч нь ялагдчихвал МАН доторх "татарууд" нь хариуцлага яриад эхэлбэл хаа хаанаа хортой. Тиймээс нөхөн сонгууль явуулах хэрэгцээ шаардлага МАН-д үнэхээр алга.