Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шүүмжлэхээсээ урьтаад үр дүнг нь үзэцгээе

Ангилал
Бусад
Огноо
Унших
4 минут 43 секунд

Нийслэл хотын нэн тэргүүний асуудал бол түгжрэл. Түгжрэлийг бууруулах чиглэлээр дорвитой ажил хийж байгаагийн нэг нь уулзваруудын нэвтрүүлэх чадварыг сайжруулж, эргэлтийг хориглон нэг чигийн урсгалтай болгож буй явдал юм. Үүний үр дүн эхнээсээ гарч байгаа учир баримт, судалгаанд үндэслэн хоёр байршилд авто замын хөдөлгөөний чигийг нэг урсгалд оруулж туршихаар болсон.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо Энгельсийн гудамж, Механик инженерийн сургуулийн уулзвар болон Баянгол дүүрэг 20 дугаар хороо Ажилчны гудамж, Хөсөг трейдийн уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор нэг чигийн урсгалаар зорчуулж эхлэв. Гэвч иргэд уг замын хөдөлгөөнийг нэг чигийн урсгалтай болгож, туршилт явуулж буй талаар мэдээлэл аваагүйн улмаас уг хэрэгжилтийг эсэргүүцэж, буруу, зөв хэмээн талцаад байгаа юм.

Угтаа бид шүүмжлэхээс урьтаад хэрэгжүүлж буй ажлуудын үр дүнг үзэх ёстой. Хэзээнээс манайхан үр дүнг хараагүй ч урьтаж шүүмжлэх сонирхолтой учраас ямар ч ажил эхлүүлсэн шүүмжлэхээ урьтал болгох нь бий. Дээрх ажлын хүрээнд уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулахын тулд судалгаа тооцоог гаргаж, түүний үндсэн дээр замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулж байгаа аж.

Тухайлбал, МТС буюу хуучнаар Механик инженерийн сургуулийн уулзварын хойноос буцаж эргэлт хийдэг байх үед Цагаан хаалганы уулзвар хүртэл ачаалал үүсч, Чингисийн өргөн чөлөө баруунаас зүүн түгжирдэг мөн МТС-н уулзварын хойноос буцаж эргэлт хийх, эгнээ байр эзлэхэд их хугацаа зарцуулдаг тул Нарны гүүрний хойноос урагш чиглэлийн нэвтрүүлэх чадварт сөрөг нөлөө үзүүлдэг аж.

Оргил ачааллын үед тус уулзвараар урагш чиглэлд зорчих хөдөлгөөн их байдаг ч хүлээж авч чаддаггүй. Энэхүү уулзвар нь хотын төвийн хөдөлгөөнийг задлах гол уулзвар бөгөөд урагш нэвтрүүлэх орон зай байхгүйгээс хотын төвийн бусад гудамж замд түгжрэл үүсгэдэг гэж үзсэн юм.

Харин Ажилчны гудамж Хөсөг трейдийн уулзвар өглөөдөө хойноос урагш чиглэсэн хөдөлгөөн ихтэйгээс уулзвар дээр эмх замбараагүй байдал үүсэж, Энхтайваны өргөн чөлөө Саппорогийн урд уулзвар ачаалал авч, Энхтайваны өргөн чөлөөний баруунаас зүүн, зүүнээс баруун явах хөдөлгөөнд саад учруулдаг байна.

Тэгвэл МТС-н уулзварын хойд талаас буцаж эргэх эргэлтийн маршрутыг өөрчилснөөр,

  • Нарны гүүрний хойноос урагш чиглэлийн нэвтрүүлэх чадвар 29,9 хувиар нэмэгдэнэ.
  • МТС-н уулзварын хөдөлгөөний аюулгүй байдал хангагдана.
  • Хөдөлгөөн зохицуулалтын тоо, Баруун 4 замын уулзвар 298, Өгөөжийн уулзвар 298, МТС-н уулзвар 867, Цагаан хаалганы уулзвар 166 байгаа нь багасаж тэнцвэртэй зорчилт бий болно
  • Цагдаагийн алба хаагч замын хөдөлгөөнд оролцогчийн хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор уулзвар замын хөдөлгөөнийг зохицуулах үйл ажиллагаа багасана.

Харин Ажилчны гудамж, Хөсөг трейдийн уулзваруудыг нэг чигийн урсгалд оруулснаар,

  • Бүх чиглэлд хүлээлтийн хугацаа багасаж хөдөлгөөн нэвтрүүлэх чадвар сайжирна.
  • Хөсөг трейдийн уулзварын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвар 34,1 хувиар нэмэгдэж, ТЭЦ 4-н зам буюу Эрчим хүчний гудамж баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэсэн тээврийн хэрэгслийн хүлээлт багасна.
  • Мөн Говийн зам зүүнээс баруун чиглэлдээ ачаалал үүсэх нь багасаж Ажилчны гудамжны хөдөлгөөний эрчим сайжирна.

Бид түгжрээд суух биш түгжрэлийг бууруулах бүхий л аргыг туршиж үзэх нь чухал. Хамгийн гол нь үр дүнтэй ажлыг өөд нь татаж, аль болох боломжтой бүхий л хувилбарыг хэрэгжүүлэн түгжрэлээс салах шаардлага бий. Тийм ч учраас энэхүү туршилтыг хийх 7-14 хоногийн хугацаанд ямар үр дүн гарахыг бид харах нь зүйн хэрэг биз. Жолооч та бүхэн ч мөн замын хөдөлгөөнд оролцохдоо зөв төлөвлөлт гаргаж, хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Малчин Л.Энх-Амгалан 80 гаруй янгир усалж, тойлж байна
Малчин Л.Энх-Амгалан 80 гаруй янгир усалж, тойлж байна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.