Өмнөговь аймгийн Номгон сумын Хармагтай багийн Хар дэл гэдэг газар нутагладаг малчин Л.Энх-Амгалан малаа хариулахын хажуугаар 80 гаруй янгир ямааг усалж, хужирлан хотны мал шигээ тойлж байна.
Тэрбээр найман жилийн өмнөөс ишигтэй янгир усалж эхэлсэн нь нэмэгдсээр 80 гаруйд хүрчээ. Говь нутагт өнгөн хөрсний ус ховор байдаг тул ийн худгаас усалдаг байна. Худгаас ховоо татаж услахад өөр хүнээс үргэдэг бөгөөд ганцхан идэвхтэн байгаль хамгаалагч энэ хүндээ янгирууд дассан гэнэ.
Тэрээр "Хавартаа идэш хоол нь холдоод усандаа ирэх нь багассан. Хониныхоо бэлчээрээр явж хэд нь төллөж байгаа эсэхийг ч харж ханддаг юм" хэмээн ярьж байна. Насаараа мал маллаж буй тэрээр ус нутаг байгаль эхээ хамгаалдаг идэвхтэн байгаль хамгаалагч ажээ.