МАН-ын бүлэг өнгөрсөн даваа гарагт хуралдаж, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох чиглэлийг Засгийн газарт өгсөн. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа.
-Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох талаар яригдаж байна. Энэ боломжтой юу?
-Хүүхдийн мөнгийг танаж, нийт хүүхдийн 91 хувьд олгох нь ард иргэдийн амьдралд нийцэхгүй байна гэсэн санал гомдол их ирсэн. Өрхийн нэгдсэн бүртгэлийн сангийн мэдээлэл зөрүүтэй байдгаас хамаараад орлогын түвшин нь тодорхой хязгаарлалтад өртөж, айл өрхүүд хасагдсан байна гэсэн гомдол их байна.
Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлаар ҮХЦ-д нэр бүхий иргэд хандсан байгаа. Засгийн газар Үндсэн хуулийн шийдвэрийг харж байна. Өмнөх жилүүдэд хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгодог байсан бол хуульд нэмэлт өөрчлөлт оруулан халамжийн нэг төрөл гэсэн өөрчлөлтийн дагуу тодорхой зорилтот бүлгүүдэд олгож эхэлсэн. Ковидын үед хүүхдийн мөнгөөр дамжуулан өрхийн эдийн засгийг дэмжих чиглэл барьж ажиллаж байсан. Одоо бол эдийн засгийн сэргэлт эхэлж буй цаг үе тул халамжийн бодлогыг багасгах, илүү үр дүнтэй үйл ажиллагаанд хөрөнгө мөнгөө зарцуулах ёстой гэж Сангийн яам байр сууриа илэрхийлсэн байгаа.
-Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар төсөвт тодотгол хийж, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгөх боломжтой гэдэг байр суурь илэрхийлсэн байгаа шүү дээ?
-Би төсөвтэй холбоотой асуудал яриагүй. Төсөвтэй холбоотой, төсвийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлыг ЗГ ярьж байна. Өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт 4,8 хувь гэж гарсан. 2023 оны хүлээгдэж байгаа дүнгээр бол 6 хувиас дээш гарна гэж харж байна. Энэ хэрээрээ төсөв бүрдэх нөхцөл даван биелэх боломж байгаа учраас Засгийн газар тодорхой асуудлуудыг шийдвэрлэнэ. Ерөнхийдөө халамжийн бодлогоос татгалзаж, илүү хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн, хөгжлийн төсвүүдийг хэрэгжүүлсэн төслүүд дээр ЗГ ажилладаг байх хэрэгтэй гэдэг талаар маш их яригдаж байна. ЗГ-аас баримталж буй бодлогын хүрээнд хувийн хэвшилийн үйл ажиллагаанд төр садаа болдог байдлыг эрс багасгая.
-Цаг урагшлуулах асуудлыг ярьж байгаа. Энэ нь иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж дургүйцэх иргэд ч байна?
-Олон улсын жишгээс харахад, сурлагын өндрөөрөө дэлхийн 200 орноос эхний 20 дугаарт жагсдаг улс бүгд л өвөл, зуны хуваарьт шилждэг. Нөгөө талаасаа эдийн засгийн хөгжил өндөртэй орныг хараад үзэхэд нарны мандах, жаргах цагийг дагаж амьдарснаар урт хугацаандаа маш сайн үр дагаврыг авчирч байна. Бид ч бас урт хугацаандаа дагаж мөрдсөнөөр маш том хэмнэлт болно. Эрчим хүчний хэмнэлт олон улсдаа 3,2 хувь гэж хардаг. Бага юм шиг боловч урт хугацаандаа үр дүнтэй хэмнэлт болж чадна. Энэ мэтчилэн хөгжсөн улс орны бодлогоос авч хэрэгжүүлэх нь ЗГ-ын зүгээс илүү нийцэлтэй болов уу гэж бодож байна.