1960 он. Монгол Улс анх удаа цаг урагшлуулах зохицуулалт хийж 1985 оноос хэрэгжүүлэв. Гэвч үүнийг 1999 онд хүчингүй болгосон ч төд удалгүй буюу 2001 онд дахин сэргээв. Харамсалтай нь мөн л удаан хэрэгжүүлэлгүй 2005 онд хүчин төгөлдөр бус болов. Хэдий Монголчуудын амьдралын хэмнэлийг зохицуулах нэг арга хэмээн үзэж байсан ч иргэдийн бие физиологи, биологийн идэвхид сөрөг нөлөө үзүүлдэг хэмээн дүгнэцгээж эхлэв.
Ингээд хамгийн сүүлд уг зохицуулалтыг зогсоосноос хойш 10 жилийн дараа буюу 2015 онд дахин сэргээж, цаг урагшлуулах зохицуулалт хийсэн ч мөн л удалгүй 2017 онд цуцалсан юм.
Гэтэл өнөөдөр 2023 он. Бас л уг зохицуулалтыг хийх талаар яригдаж эхлэв. Хэзээнээс манайхан цагийн зохицуулалтыг урагшлуулж, хойшлуулахыг олон дахин давтаж үзсэн тул эерэг, сөрөг талуудыг нь хэлэлцэж, дэмжих, дэмжихгүй гэдэг байр суурийг илэрхийлж буй. Нэг хэсэг нь эдийн засгийн хувьд эерэг үр нөлөөтэй гэж үзэж байхад нөгөө хэсэг нь хүний эрүүл мэндэд тэр дундаа бага насны хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хэмээн үзэж буй. Тэгвэл мэргэжлийн хүмүүс энэхүү зохицуулалтад ямар байр суурьтай ханддаг талаар, МУИС-ийн ШУС-ийн биологийн тэнхимийн багш, Дэд профессор Д.Лхагвасүрэнгээс тодруулсан юм.
Зарим судалгаанд цаг урагшлуулснаар 0,3 хувийн эрчим хүч хэмнэсэн гэж дүгнэсэн байдаг. Гэтэл 0,3 хувийн эрчим хүч хэмнэхийн тулд яагаад хүний эрүүл мэндэд халдах хэрэгтэй гэж
-Цаг урагшлуулах нь хүний биед ямар нөлөөтэй вэ?
-Олон улсад цаг урагшлуулсны дараах судалгааг хийсэн байдаг. Үр дүнгийн хувьд өөр, өөр байдаг. Энэ мэдээж цаг уурын нөхцөл байдал мөн газар зүйн байршлаасаа хамаардаг. Зарим судалгаан дээр хүний биед сөрөг нөлөөтэй гэж үзсэн байдаг бол зарим нь ямар нэг нөлөө үзүүлэхгүй гэсэн байдаг.
Гэхдээ хамгийн сүүлийн үеийн баримтууд дээр цаг урагшлууснаар нойртой холбоотой асуудал бий болдог талаар ихэвчлэн дурдсан байдаг. Учир нь нойргүйдэл үүсвэл хүний биеийн нийт чадамжид сөргөөр нөлөөлдөг гэсэн үг юм. Үүнээс гадна зарим улс оронд зүрх, судасны өвчлөл мөн зүрхний шигдээс нэмэгдэж байгаа нь нийтлэг ажиглагдсан байдаг.
-Цагийг хавар урагшлуулж буцаад намар хойшлуулдаг шүү дээ. Гэтэл хүний бие хүйтний улирлаас дулааны улиралд шилжихэд бие организм хүлээн авах чадвар муу байдаг гэлцдэг. Гэтэл яг энэ үед буюу хаврын улиралд цаг урагшлуулах нь ямар нөлөөтэй вэ?
-Яг үүн дээр Ирланд улсын жишээг авч ярилцъя. Ирланд улсад хийгдсэн судалгаанд дурдсанаар иргэдийн амиа хорлох үйлдэл ихсэх, хүчирхийлэл үйлдэх нь нэмэгдсэн гэсэн үр дүн гарсан байдаг. Үүгээр ч зогсохгүй хүчирхийлэл үйлдэх нь 6,6 хувиар өссөн гэж 2022 онд хийсэн судалгаанд дурдсан байна.
Түүнээс гадна хаврын улиралд цаг урагшлуулах нь хүний хоногийн хэмнэлийг хүчээр өөрчлөх дээр нь стрессдэх мөн бие физиологийн хэмнэл алдагдах гэсэн сөрөг үр дагавруудыг үзүүлдэг. Цаашлаад автомашины осол ч нэмэгдэх хандлагатай болдог.
Гэхдээ зарим улс орны хувьд автомашины осол нэмэгдэх шалтгаан нь цаг урагшлахтай холбоотой гэж үздэг бол зарим нь огт хамааралгүй гэж үздэг. Тиймээс миний хувьд энэ тал дээр мэргэжлийн хүмүүс хамтран маш нарийн судалгаа гаргах хэрэгтэй гэж үздэг.
-Магадгүй насанд хүрэгчдийн хувьд аливаад дасан зохицох чадвар сайн байж болох юм. Гэтэл цаг урагшлуулах нь бага насны хүүхдэд хэрхэн нөлөөлөх вэ?
-Цаг урагшлуулснаар хүүхдүүд өглөө цэцэрлэг сургуульдаа явах гэж 07.00 цагт босдог байсан бол 06.00 цагт сэрэх шаардлага гарна. Магадгүй гэр, сургууль нь хол бол түүнээс илүү эрт сэрэх ёстой болж таарна гэсэн үг шүү дээ.
Ерөнхийдөө бол хүний бие махбод маш богино хугацаанд цагийн зөрүүнд дасахгүй. Дор хаяж долоо хоногийн хугацаа зарцуулж, байж цагийн зөрүүнд дасдаг гэсэн судалгаа гарсан байдаг. Түүнээс гадна нойрны асуудал хамгийн түрүүнд яригдана.
Гэтэл нойртой холбоотой асуудал үүссэнээр хүний сэтгэлзүй, зан төлөв ч мөн өөрчлөгдөж, гэмт хэрэг үйлдэх, амиа хорлох, зүрхний шигдээс үүсэх зэрэг асуудал гарч ирж байгаа юм. Томчуудын хувьд энэ мэт сөрөг үр дагавар илэрч байхад бага насны хүүхдүүдэд түүнээс илүү сөрөг нөлөөтэй гэсэн үг.
-Та сая нойрны тухай дурдлаа. Ер нь цагийн зөрүүнээс үүдэн нойргүйдэл бий болох юм байна. Магадгүй цаг урагшилсан тохиолдолд хүмүүс хуучин цагийнхаа хэмнэлийг нэг хэсэгтээ алдахгүй болов уу?
-Мэдээж хүмүүс тодорхой хугацаанд унтана, сэрнэ. Гэвч хүний хоногийн хэмнэл стрессийн гормонтой холбоотой байдаг. Мөн картизол гэх дааврын хэмжээ ихсэх, багасах нь ч хүртэл нойр, хоол, амьдралын хэв маягтай шууд холбоотой байдаг. Гэтэл хүний бие шууд цагийн зөрүүг хүлээн авч чаддаггүй. Биеийн эд, эрхтэн ч тийм амархан тохируулчихдаггүй.
Тиймээс хүний бие цагийн зөрүүндээ дасан зохицож чадахгүй байгаа учраас стрессдэнэ. Гэтэл стрессийг хэрхэн үүсэж байгааг тодорхойлоход бэрх. Магадгүй гэр бүл, нийгмийн харилцаа нөлөөлж, дам асуудал бий болсноос стресстэж байж ч мэдэх. Үүнийг үнэлэхэд хэцүү.
Мөн АНУ, Англи зэрэг Барууны орнуудад цаг урагшлуулах, хойшлуулах зүйл байсаар ирсэн. Гэтэл Азийн орнууд сүүлийн хэдэн жилүүдэд үүнийг больчихсон. Харин Африкт хэзээ ч ингэж цагийн хуваарийг хүчээр өөрчилж байгаагүй.
-Яг энэ цаг урагшлуулах асуудал яригдаж эхлэхэд эдийн засгийн хувьд эерэг үр дагавартай гэх мэдээлэл тархдаг шүү дээ. Энэ талаар та юу гэж боддог вэ?
-Өдрийн цагийн хуваарьт шилжсэнээр гэрэл асаах хугацаа багасч эрчим хүчээ хэмнэж байна гэдэг. Тухайн үед улайсах гэрэл хэрэглэдэг байсан учраас эрчим хүчээ хэмнэх үүднээс хэрэгжүүлж байсан байж болох. Гэтэл одоо бол өөр шүү дээ.
Зарим улс оронд эрчим хүчийг тийм ч их хэмнээгүй гэсэн судалгаанууд байдаг. Дөнгөж сая судалгааны материалуудтай танилцаж байхдаа цаг урагшлуулснаар 0,3 хувийн эрчим хүч хэмнэсэн гэсэн судалгаа харлаа.
Дөнгөж 0,3 хувийн эрчим хүч хэмнэхийн тулд яагаад заавал хүмүүсийн эрүүл мэнд, хүүхдүүдийн сэтгэлзүйд нөлөөлөх хэрэгтэй гэж. Одоо бол хаврын улирал дөнгөж гарч байна. Үүнийг дагаад цаг уурын нөхцөл байдал ч харилцан адилгүй. Гэтэл өглөөний 06.00 цаг 07.00 цагийн агаарын температур харьцангуй өөр байгаа шүү дээ. Ерөнхийдөө цаг урагшлуулах талаар ярихад маш олон фактууд бий.
-Тэгвэл зарим хүмүүс цаг урагшлуулснаар ажлын бүтээмж нэмэгдэнэ гэж харж байна?
-Оройны гэрэлтэй цаг нэмэгдэх учраас спортоор хичээллэхэд дэмтэй гэдэг ч дутуу нойртой хүмүүсийн ажлын бүтээмж өндөр байна гэдэгтэй санал нийлэхгүй байна.
Түүнээс гадна бусад орнуудад хийсэн судалгаагаар цагийг хэд дэх өдрөөс эхлэн шилжүүлж буйгаас шалтгаалан өөр, өөр үр дагавар гардаг гэсэн судалгаа байдаг. Даваа гарагт шилжүүлэх юм уу, лхагва гарагт шилжүүлэх юм уу. Эсвэл амралтын өдрүүдэд шилжүүлэх үү. Энэ маш чухал байдаг.
Э.Ариунтуяа