Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ангар: Монгол Улс эрчим хүчний дутагдалтай тул цаг урагшлуулж, нэг цагийг байгалийн гэрлээр шийдэх боломж нээгдэнэ гэсэн үг

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 36 секунд

1960 он. Монгол Улс анх удаа цаг урагшлуулах зохицуулалт хийв. Гэвч үүнийг 1999 онд хүчингүй болгосон ч төд удалгүй буюу 2001 онд дахин сэргээв. Харамсалтай нь мөн л удаан хэрэгжүүлэлгүй 2005 онд хүчин төгөлдөр бус болов. Хэдий Монголчуудын амьдралын хэмнэлийг зохицуулах нэг арга хэмээн үзэж байсан ч иргэдийн бие физиологи, биологийн идэвхид сөрөг нөлөө үзүүлдэг хэмээн дүгнэцгээж эхлэв.

Ингээд хамгийн сүүлд уг зохицуулалтыг зогсоосноос хойш 10 жилийн дараа буюу 2015 онд дахин сэргээж, цаг урагшлуулах зохицуулалт хийсэн ч мөн л удалгүй 2017 онд цуцалсан юм.

Гэтэл өнөөдөр 2023 он. Бас л уг зохицуулалтыг хийх талаар яригдаж эхлэв. Хэзээнээс манайхан цагийн зохицуулалтыг урагшлуулж, хойшлуулахыг олон дахин давтаж үзсэн тул эерэг, сөрөг талуудыг нь хэлэлцэж, дэмжих, дэмжихгүй гэдэг байр суурийг илэрхийлж буй. Нэг хэсэг нь эдийн засгийн хувьд эерэг үр нөлөөтэй гэж үзэж байхад нөгөө хэсэг нь хүний эрүүл мэндэд тэр дундаа бага насны хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хэмээн үзэж буй.

Тэгвэл эдийн засагчид цаг урагшлуулах асуудлыг хэрхэн харж байгаа вэ. Энэ талаар бид Эдийн засагч Д.Ангартай ярилцлаа.

Байгалийн гэрлийг нэг цаг ашиглах нь манай улсын эдийн засаг тэр дундаа цахилгаан эрчим хүчний салбарт эерэг нөлөө үзүүлнэ. Харин хүмүүс нэг цагийн өмнө л босно гэсэн үг

-Цаг урагшлуулах асуудал хэдийнээ яригдаад эхэллээ. Нэг давуу тал нь эдийн засгийн хувьд өндөр ач холбогдол үзүүлдэг гэдэг. Та үүн дээр ямар байр суурьтай байна. Мөн яг ямар ач холбогдолтой юм бэ?

-Эдийн засагч хүний хувиар зуны хуваарьт шилжих ёстой гэж харж байгаа. Учир нь Монгол Улс эрчим хүчний дутагдалтай орон. Эрчим хүчний систем нь нийт хэрэгцээгээ бүрэн хангаж чаддаггүй.

Тиймээс улсын төсвөөс валют төлөн зөрүүгээ ОХУ-аас импортоор маш өндөр үнэ төлж авдаг. Харин манай улсын хувьд зуны цагийн хуваарьт шилжсэнээр улс маань нэг цагийг эрчим хүчээр бус байгалийн гэрлээр шийдэх боломж нь нээгдэж байгаа юм. Цаг урагшлуулах шийдвэрийг дэмжих эдийн засгийн болон эрчим хүчний шаардлага бидэнд байна.

  • Нэгдүгээрт, эдийн засгийн хувьд зардал хэмнэх, эрчим хүч нэмэх,
  • Хоёрдугаарт, эрчим хүчний системийн дараагийн бүтээн байгуулалтыг бий болох хүртэлх түр хугацаанд тайван амгалан байлгах хэрэгцээ гарч байна.

Эрчим хүчний сайд хэлэхдээ “Энэ өвөл гал алдаж магадгүй байна”, “Эрчим хүчний систем маш том доголдолтой байна” гэж хэлж байсан. Тиймээс ийм эрсдэлтэй эрчим хүчний системтэй улс зуны цагийн горим руу шилжих ёстой гэж харж байгаа. Нэг цагийг эрчим хүч хэрэглэлгүйгээр байгалийн гэрлээр шийдэн ажил төрлөө амжуулахад л болох зүйл гэж бодож байна.

-Иргэд цаг урагшлуулахын оронд ажил, сургуулийн цагийг эрт эхлүүлье гэдэг хандлагатай байна. Цаг урагшлуулахаас өөрөөр эдийн засгаа сайжруулах ямар боломж байгаа вэ?

-Иргэд энэ шийдвэрт ихэд бухимдалтай хандлагатай байна. Хэрэв цаг урагшлуулахаас өөрөөр эдийн засгаа сайжруулах боломж байсан бол бусад улс орнууд биднээс өмнө гарц, гаргалгааг олсон байна байх.

Би өнгөрсөн долоо хоногт ажлаар АНУ руу явсан юм. Яг тэр үед бүх нийтээр цагаа нэг цагаар урагшлуулан зуны цагийн горим руу шилжиж байсан. АНУ бол өдөр хөгжилтэй, иргэд нь өндөр орлоготой, дэлхийд эдийн засгийн хөгжлөөрөө түүчээлдэг улс. Гэтэл АНУ зуны цаг руу шилжиж байна. Мөн зөвхөн АНУ гэлтгүй Европын ихэнх орнууд Япон, Солонгос зэрэг бүхий л улсууд байгалийн гэрлийг ашиглан эрчим хүчээ хэрэглэхгүй байх сонголт руу шилжиж байгаа.

Гэвч Монгол Улс маань эрчим хүчний системийн доголдолтой, эрсдэлтэй байхад эрүүл мэндийн шалтгаанаас болж, энэ шилжилтээс татгалзаж болохгүй. Цаг урагшлуулахад биед үзүүлэх сөрөг нөлөөний талаар батлагдсан судалгаа байдаггүй л юм байна лээ. Энэ асуудалд иргэд Монголчуудын ярьж хэвшсэнээр хэт “сүржигнэх” байдлаар хандаж байна гэж харж байна. Гэтэл бизнес эрхлэгч нар жилдээ дор хаяж 5-6 удаа гадаадад томилолтоор ажиллаж, 6-12 цагийн зөрүүнд орж байдаг. Энэ нь энгийн л үзэгдэл болчихсон байдаг.

Харин бид жилдээ ганц удаа цагийн зөрүүтэй байдалд ороод хүний бие махбодод муугаар нөлөөлнө гэж бодохгүй байна. Хэрэв тийм л муу нөлөөтэй бол бусад улс орнууд ч бас уг шилжилтийг халчихсан байх биз. Гэхдээ яахав хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг байж болох ч түүнээсээ давсан эдийн засгийн ач холбогдол байгаа учраас бусад улс орнууд одоог хүртэл зуны цагийн хуваарьт шилжиж байгаа хэрэг.

-Тэгвэл иргэдийн санхүү, эдийн засагт өөрчлөлт гарах уу?

-Манайхан эрт л босно. Эдийн засагт нөлөө үзүүлэхгүй.

-Олон улсад зуны цагийн хуваарийн шилжилт хэрхэн хэрэгждэг вэ?

-Уг шилжилтийг Монгол Улс сүүлийн 5 жил хийсэнгүй. Энэ хугацаанд эрчим хүчний систем нь маш том доголдолтой, алдагдалтай, гажуудалтай болсон байна. Манайх Тавдугаар цахилгаан станцаа барьж чадахгүй 20 жил боллоо. Тиймээс ядаж Тавдугаар цахилгаан станцаа баригдаж дуусах хүртэл зуны цагийн горимд шилжих хэрэгтэй.

Хангалттай нөөц, эрчим хүчтэй болчхоод энэ шилжилтийг хаагаасай. Өнөөдрийн нөхцөл байдлаас үзэхэд өөр сонголтгүй гэж харж байна. Засгийн газраас гуравдугаар сарын 25-ны өдөр хүртэл цаг урагшлуулах саналыг авч байгаа юм байна лээ. Үүнийг батлагдаасай, шилжээсэй гэж бодож байна.

Иргэдийн хувьд нэг цагаар эрт сэрж байгаа юм. Өөрөөр ямар ч өөрчлөлт байхгүй, хэвийн үргэлжилнэ. Мөн өндөр настан болон хүүхдүүдэд хэцүү байна гэсэн саналыг хэлж байгаа. Гэхдээ энэ шижилт бол зундаа шилжээд, өвөлдөө хэвийн байдалд ордог нэг л удаагийн үзэгдэл шүү дээ.

ЗГ: Түгжрэлийг бууруулах төслүүдийг хэлэлцэж байна
ЗГ: Түгжрэлийг бууруулах төслүүдийг хэлэлцэж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.