Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Капитал“ банканд байршиж байсан ТӨРИЙН МӨНГӨ төлөгдөх боломжгүй болжээ

Огноо
Унших
5 минут 31 секунд

Капитал банк саяхан л дампуурлаа зарлаж байсан мэт санагдах ч хэдийнээ гурван жил өнгөрчээ. Эргэн сануулахад, 2019 онд Монголбанкнаас “Төв банкны тухай, Банкны тухай хуулийн дагуу Капитал банканд зохих арга хэмжээ авсан хэдий ч биелэлт хангагдахгүй, улмаар хадгаламж эзэмшигч, харилцагч болон мөнгөн төлбөр шаардах эрх бүхий этгээдийн мөнгөн хөрөнгийг тэдний анхны шаардлагаар гарган өгч чадаагүй. Түүнчлэн банк хоорондын төлбөр тооцооны гүйлгээг саатуулж, банкны заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж чадахгүйд хүрсэн тул тус банк цаашид хэвийн үйл ажиллагаа эрхлэх чадваргүй” хэмээн үзэж улмаар татан буулгасан байдаг.

Дампуурсан “Капитал” банканд төрийн данстай 340 орчим тэрбум төгрөг байршиж байв

Тухайн үед Капитал банкны харилцагч 30 гаруй мянган иргэн 260 тэрбум төгрөгөөр хохирсон бөгөөд хохирогчдын 90 хувь нь хадгаламж нээлгэсэн тэтгэврийн иргэд байсан гэдэг. Үүгээр ч зогсохгүй Капитал банканд төрийн данстай 340 орчим тэрбум төгрөг байршиж байсан юм.

Тодруулбал, Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг тус тус энэ банканд байршиж байв.

Мөн тухайн үед банкийг дампууруулсан хэрэгт холбогдуулан Капитал банкны Санхүү эрхэлсэн дэд захирал Б.Янжин, Зээлийн газрын захирал С.Дэлгэрцэцэг нарыг цагдан хорьсон бөгөөд 2022 онд Нийслэлийн Прокурорын газраас Капитал Банкны удирдах албан тушаалтнуудад буюу А.Ариунболд, С.Дэлгэрцэцэг, Б.Янжин нарт холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байдаг. Гэвч,

Капитал банкийг дампууруулсан этгээдүүд ЦАГААТГАГДАВ

А.Ариунболд нарыг Монголбанкнаас тогтоосон банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, зээлийн төвлөрлийн зохистой харилцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллаагүйн улмаас Капитал банкийг төлбөрийн чадваргүй болгож, тус банканд мөнгөн хөрөнгө байршуулсан иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.13 дугаар зүйлийн 2 /Банк хууль бусаар байгуулах, банкны төлбөрийн чадвар алдагдуулах/-т зааснаар буруутган шалгаж байсан юм.

Ийнхүү Капитал банкны удирдлагаар ажиллаж байсан иргэн А.Ариунболд, С.Дэлгэрцэцэг, Б.Янжин нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны гуравдугаар сарын 07, 09-ний өдрүүдэд явагдсан хэдий ч,

Шүүхээс иргэн А.Ариунболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "...банкийг төлбөрийн чадваргүй болгож их хэмжээний буюу 104.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгэж, иргэн Я, Д нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, шийдвэрлэсэн байна.

Хохирлыг дутуу тооцсоноос үүдэн ТӨРИЙН МӨНГӨ эргэн төлөгдөх боломжгүйд хүрч байна

Шинжээчээс А.Ариунболд нарын Капитал банк, харилцагч, хадгаламж эзэмшигчдэд учирсан хохирлын хэмжээг буюу банкны актив пассив хөрөнгийн зөрүүг 104.6 тэрбум төгрөгөөр тогтоосон бөгөөд хэрэв энэ дүнгээр тогтоох тохиолдолд Эрүүл мэнд, Нийгмийн даатгал болон төрийн бусад байгууллагын нийт 330 гаран тэрбум төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа аж.

Тодруулбал, Банкийг албадан татан буулгах шийдвэр гарсан 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн нийт өр төлбөр, банкны хөрвөх чадвартай эргэн төлөгдөх нийт хөрөнгийн зөрүүгээр хохирлыг тогтоохдоо нийт өр төлбөрийг багаар буюу дутуу тооцжээ.

Үүний улмаас хохирлын хэмжээ бодитой бус тогтоогдож, улмаар Монголбанканд төлөх ипотекийн зээлийн эх үүсвэр бусад өр төлбөрийн 71.1 тэрбум төгрөг, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд төлөх төсөл, хөтөлбөрийн эх үүсвэрийн 42.9 тэрбум төгрөг, Сангийн яамаар дамжин хэрэгжсэн төслийн эх үүсвэрийн 16.8 тэрбум төгрөг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээлийн эх үүсвэрийн 3.9 тэрбум төгрөг, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн 3.7 тэрбум төгрөг, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2.0 тэрбум төгрөгийн зэрэг өр төлбөрүүд төлөгдөх боломжгүйд хүрч байгаа аж.

Үүнээс гадна “Капитал банкны удирдлагууд хариуцлага хүлээхгүй гэх” шүүхийн шийдвэр гарсан нь дээрх сангуудын мөнгө эргэн төлөгдөх боломжгүй болж буйгийн удаах нэгэн шалтгаан болж байгаа аж.

Хятадын Коммунист Нам ба дэлхийн улс төрийн намуудын ээлжит дээд түвшний уулзалтад Ерөнхий сайд цахимаар оролцоно
Хятадын Коммунист Нам ба дэлхийн улс төрийн намуудын ээлжит дээд түвшний уулзалтад Ерөнхий сайд цахимаар оролцоно
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.