Өнгөрөгч онд нийслэлийн хэмжээнд 63 мянган ам метр явган хүний зам тавихаар төлөвлөснөөс гуравны нэгийг нь буюу 20 мянга гаруй ам метрийг нь гүйцэтгэсэн байдаг. Тэгвэл энэ жил үлдсэн 40 мянга гаруй ам метр явган хүний замыг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд нэмж 25 мянган ам метр явган зам шинээр тавихаар болжээ.
Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн "Цаг агаарын байдлаас хамаараад ирэх долоо хоногоос зарим ажлыг эхлүүлнэ. Энэ жилийн хувьд 25 мянган ам метр явган зам шинээр тавихаар төлөвлөсөн. Шинээр явган зам тавих байршлуудыг зорчигчийн урсгал, олны хөл хөдөлгөөн ихтэй мөн явган зам тавих шаардлагатай байршлуудын судалгааг гаргасны үндсэн дээр сонгосон. Зам нь дан шороогоороо, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд олноор зорчдог, хүний хөдөлгөөн ихтэй байршлууд гэсэн үг. Тухайлбал, Монголын хараагүйчүүдийн үндэсний төв орчмын байршлыг дурдаж болно. Нөгөө талаас явган зорчигчдын хөдөлгөөн хаасан хашаа, хайс, довжоотой, эсвэл халаас буюу замын хөдөлгөөнд саад болохоор жижиг хэмжээний зогсоолтой байршлуудын газрыг чөлөөлөөд явган зам тавих, өргөтгөх ажлуудыг хийнэ" гэв.