Тамхи бол дэлхийн хүн амын цаг бусын нас баралтын хамгийн том шалтгаан төдийгүй жил бүр найман сая хүнийг үхэлд хүргэдэг. Энэ ч утгаараа дэлхийн нийт хүн амыг үхэлд хүргэж буй найман гол шалтгааны зургаа нь тахины хэрэглээнээс үүдэлтэй хүчин зүйл байдаг байна. Тэгвэл эдгээр шалтгаан юу болох мөн тамхины хэрэглээ хэрэглээнээс үүдэн ямар ямар өвчлөл хүнийг үхэлд хүргэх аюултай талаар дараах инфографик мэдээллийг бэлтгэлээ.
Тамхи нь доорх найман өвчлөлийн зургаад нь шууд хамааралтай
Дээрх графикаас харахад дэлхий дээрх хүн амын дундах хамгийн гол өвлөлүүдийн ихэнх хувьд нь тамхинаас шууд хамааралтай гэдгийг харж болох юм. Тэр дундаа зүрх судасны өвчлөл, уушгины өвчин, сүрьеэ, мөгөөрсөн хоолойн өвчлөлүүдэд тамхи хамгийн их нөлөөлдөг байна.
Харин дэлхий дээрх хүн ам ХДХВ/ДОХ болон суулгалтын өвчнөөс үүдэн нас барах эрсдэл их ч үүнд тамхи нөлөөлдөггүй аж.
Түүнээс гадна тамхинаас үүдэлтэй уушги, зүрхний архаг өвчин, хорт хавдар, чихрийн шижин зэрэг өвчнүүд нэмэгдэж, тамхины хэрэглээ COVID-19 өвчлөлийн нөхцөл байдлыг улам хүндрүүлж буй юм.
Тэгвэл тамхинаас үүдэн хичнээн хэмжээний эдийн засгийн алдагдалд ордог вэ.
Тамхинаас үүдэн 1,4 их наяд ам.долларын эдийн засгийн алдагдалд ордог
Дэлхийн хамгийн том үйлдвэрүүд тамхины хэрэглээг хэвээр хадгалан нэмэгдүүлэх зорилгоор жил бүр хэдэн арван тэрбум долларыг зар сурталчилгаандаа зарцуулдаг. Түүнээс гадна дэлхий даяар тамхинаас үүдэн 1,4 их наяд ам.долларын эдийн засгийн алдагдалд ордог. Энэ нь бага дунд орлоготой улс орнуудад ихэвчлэн тохиолддог байна.
Тиймээс тамхины хяналтын бодлого, зорилтын хэрэгжилт нь үндэсний хэмжээнд Засгийн газар, шинжлэх ухааны байгууллага, мэргэжлийн нийгэмлэгүүд, иргэний нийгмийн байгууллагууд хоорондоо уялдаа зохицуулалттай байх, түүнчлэн олон улсын хамтын ажиллагааны болон хөгжлийн байгууллагуудын уялдаа холбоо, дэмжлэгтэй ажиллах зайлшгүй шаардлагатай.
Тэгвэл тамхины онцгой албан татварын нэмэгдүүлэх нь ямар ач тустай вэ?
Тамхины ОАТ-ыг нэмэгдүүлснээр өвчлөл, нас баралт буурна
Тамхины ОАТ-ыг нэмэгдүүлэх нь тамхинаас үүдэлтэй өвчлөл, нас баралтыг бууруулах үндсэн шалтгаан болдог. Тиймээс улс төрчид тамхинаас олж буй ашиг орлогын эсрэг ямагт зогсож, тамхинаас үүдэлтэй аль ч төрлийн өвлөлөөс нийт хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй.
Тамхины хэрэглээ нь урьдчилан сэргийлж болох өвчний дарамтад хүргэж үр бүтээлтэй амьдралын олон жилийг алдагдуулдаг. Тамхи татсанаар хувь хүний хөдөлмөрийн бүтээмж буурч, цалин хөлс, орлого нь багасч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулах зардал нь нэмэгдсэнээр айл өрх, улс үндэстэнд эдийн засгийн хохирол учруулдаг.
Хэрэв тамхинаас гарвал ямар ямар эерэг үр дүн гарах боломжтой вэ?
Тамхинаас гараад 20 минут болоход л зүрхний цохилт хэвийн болно
Тамхинаас гарах нь хүний эрүүл мэндэд хэдхэн минут, хэдхэн цагийн дотор шууд эерэг нөлөө үзүүлдэг.
Дэлхийн насанд хүрэгчдийн тамхины судалгаагаар тамхи татдаг хүмүүсийн 60 хувь нь тамхинаас гарах хүсэлтэй, 40 хувь нь нэг жилийн хугацаанд тамхинаас гарах оролдлого хийсэн байна. Гэвч үүнийг нь дэмжих, урамшуулах оролдлого бага байгаа нь тамхинаас гарах хүмүүсийн тоо бага байгаатай шууд холбоотой аж.
Гэхдээ энэ нь тамхинаас гарахаар зэхэж буй иргэдийг битгий гар гэсэн үг бус. Харин өнөөдрөөс эхлэн тамхинаас татгалзсанаар цаашид өөрийн эрүүл мэнддээ үзүүлж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм.